2012/06/19

Монгол нохой

“Монгол банхар” гэсэн нэртэй фото зургууд блогт тавьсаныг үзсэн хүмүүс ямар учиртай болохыг надаас асууж байна. Иймд энэ тухай товч тайлбар бичиж байна.
Монголчууд Морь, Нохой мэт эзэндээ үнэнч зүтгэнэ гэж ярьдаг. Үнэхээр үнэнч амьтад. Монгол Хүн, Нохой хоёр хэдэн арван мянган жилийн өмнөөс эхлэн нөхөрлөжээ. Нохой нь ан гөрөө хийхэд гол хамтрагч байснаараа хоол, хүнс хамгийн үнэт зүйл байсан эртний цаг үед үнэлж барашгүй үүрэгтэй байв. Бас гэр орноо, магадгүй агуй оромжоо манаж хамгаалан аюулт араатнаас сэрэмжилдэг байв. Өөрөөр хэлбэл амь нас, эд хөрөнгө, мал сүргийг хамгаалагч юм. Өнөөдөр ч гэсэн уулын мухарт ганцаар амьдардаг малчин айлын хүмүүс тас харанхуй шөнө гэрээсээ гарахдаа зөвхөн нохойдоо итгэж найдаж байдаг. Монголчууд нохойгоо ам бүлдээ оруулан тооцож гэр бүлийн нэг гишүүн хэмээн үздэг. Иймээс Монгол хүнд энэ урт удаан хугацаанд туслаж, нөхөрлөж ирсэн Монгол Нохой, Банхарт хөшөө босговол зохино. Банхар ховордож байна.
Монгол банхартай адил төстэй, төрөл ураг болох төвд нохой гэж байдаг. Англиар Red Mastiff гэдэг юм билээ. Одоо энэ нохой их үнэтэй болсон. Ойролцоогоор 800 мянгаас 1,5 сая долларын ханштай. Өнөөдөр дэлхийн чинээлэг хүмүүс гэртээ Төвд нохой тэжээдэг болсон. Хүчтэй, ховор үүлдэр, нөгөө талаар ийм нохойтой хүн бол Хэн бэ гэдэг нь олон таван зүйлгүй шууд тодорхой.
Тэгвэл Монгол нохой бол харьцуулашгүй ухаантай, хүчтэй, үнэнч амьтан. Энэ сайхан нохой ховордож буйд санаа зовж өсгөн үржүүлэх, хамгаалах ажил эрхэлж буй хүмүүст талархаж явдаг тул 2012 оны 2 дугаар сард болсон цугларалтын үеэр зургийг нь авч www.namac.coop веб хуудсанд байршуулсан юм. Нохойг өсгөж, тэжээж байж л ямар үнэнч, бас ухаантай амьтан болохыг мэдэрнэ дээ.
Эрүүл энхийг хүсье
2012.06.19

No comments:

Post a Comment