Улс оронд хэцүү цаг, сорилт
ирэхэд хэн түүнийг аврах вэ? Түүхийг харахад тухайн нийгмийн хамгийн тэргүүний
хүмүүс, эх орончид, зоригтонууд улсаа өмөөрөн босдог. Тэдгээрийг дээдэс хэмээн
нэрлэж болно. Учир нь дээдэс суудлаа олохгүй бол доогуур гүйдлээ олохгүй хэмээн
Монголчууд хэлдэг. Дээдэс бол өмнөө тавьсан том зорилго, тэмүүлэлээрээ бусдаас
ялгардаг бөгөөд эд хөрөнгө, эрх мэдэл, ямбаараа биш юм. Дээдэс бол дээд
тушаалтанууд биш. Харин тэд бол дээд эрхэм зорилгын төлөө тэмцэгчид. Цаг
хугацаа бүр өөрийн сорилт, зорилгыг дэвшүүлэн гаргана. Гэхдээ хувиршгүй,
мөхөшгүй эрхэм зорилго үүрд оршдог. Энэ бол улс орны тусгаар тогтнол, хил
хязгаар, нутаг дэвсгэрийн аюулгүй байдал, хүн ардын амгалан тайван амьдрал.
Дээдэс улсаа хамгаалах ёстой, аврах ёстой. Бас эв нэгдэлтэй байж, суудал
суудалаа олж суух нь чухал. Тэгвэл өнөөдрийн Монголын дээдэс хэн бэ гэдэг чухал
асуулт гарч ирдэг. Энэ талаар хүн бүр л бодож тодорхойлох хэрэгтэй.
Эртний дээдсийн тухай
маргах зүйлгүй. Тэд нар бол Чингэсийн удмын ноёд, эрдэмт мэргэн лам нар, соён
гэгээрүүлэгчид, суут ухаантанууд төр улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй
тэмцсэн эх орончид, эрэлхэг Монголчууд байсан юм.
Өнөөдрийн Монголын нийгмийг
зах зээл хэт дарангуйлах болов. Энэ нь чөлөөт, боловсон зах зээл биш, зэрлэг
маягийн дөнгөж соёолж буй зах зээл. Үүнээс болж хүн зах зээлийн мэдэлд ороод
байна. Энэ мэдлээс өөрийгөө чөлөөлөн давж гарч ирсэн хүн л дээдэст санаархаж
болох юм.
Монгол орныг манай дээдэс
аварна, хамгаална, хөгжүүлнэ.
Дэлхийн дээдэс гэж бас
байдаг. Тэдний яриа зөвхөн дэлхий ээжийн тухай, байгаль орчныг хамгаалан авч
үлдэх тухай, хорвоо ертөнцөд байгаа өлсгөлөн, ядуурал, архидалт, мансуурал, бүх
нийтийг сөнөөн устгах зэвсэг, аюулыг хэрхэн зайлуулах тухай байдаг нь онцлог.
Лав л надтай уулзаж байсан зарим хүмүүс, дэлхийн томчууд үүгээрээ ялгардагийг
би анзаарсан юм. Эндээс харахад том эрмэлзлэл, эрхэм зорилго бүхий, бас энэ
хэмжээгээрээ бодол, үйл ажиллагаа нь өргөн хэмжээ, далайц бүхий цөөн хүмүүс л
дээдэст багтах болов уу.
Та бүгдэд амжилт, сайн сайхныг хүсье.
2012.06.08
No comments:
Post a Comment