2013/08/23

Хүний бодол


Хүний бодол  санаа нь тухайн хүний хамгийн том дайсан  болж чадна, бас хамгийн дотны нөхөр ч болж болно.  Иймд толгойд орох бодлоо хянаж ажиглаж сурвал сайн.  Бодлоо дураар нь  тавьж явуулвал  тэр сармагчин мэт үсчин харайж  хүрэхгүй,очихгүй орон зай   үгүй болно.                                                                                                              
Иймд бодлоо Та өөрөө сонгох учиртай.  Та бодлоо захирвал  бодол Таныг эзэмдэн боолчлохгүй. Бодолдоо дарлуулж амьдарвал өрөвдөлтэй. 
Сайн сайхан зүйл бодож төсөөлж сурвал биед амар. Учир нь муу муухай бодол хүнийг гэмтээдэг.
Бодол урсан орж ирнэ, бас урсан гарч одно. Иймд бодлоо хорьж хаах аргагүй. Гэхдээ гол зүйл бол бодолд хандах Таны  мэдрэмж, хүлээн авалт, эсвэл үгүйсгэл бололтой.
Та цаашид хэрхэн амьдрахаа , ирээдүйгээ  мэдмээр байна уу ?  Энэ амархан. Таны ирээдүйн амьдралыг одоо хашиж буй албан тушаал биш,  хадгаламжид байгаа мөнгөний  тоо биш, эзэмшиж буй  эд хөрөнгө ч биш,  гагцхүү Таны бодол санаа л тодорхойлно.Тиймээс  ч монголчууд эрт цагаас  эхлэн   Сайн явах санааных , Санаа зөв бол заяа зөв , сайныг  дагавал  сарны  гэрэл, мууг  дагавал  могойн хорлол гэх зэргээр үр хүүхдүүдээ сургаж  иржээ.
        Танд сайн сайхныг хүсье. Үргэлж  өөдлөн дэвжих сайн сайхан зүйлд тэмүүлж яваарай 
  





                                              

“БИД ХАМТДАА ТӨГС ДЭЛХИЙГ БҮТЭЭНЭ”

2013 оны зун болсон Хоршоологчдын зөвлөгөөнд
Н.Баяртсайханы хэлсэн үг

БИД ХАМТДАА ТӨГС ДЭЛХИЙГ БҮТЭЭНЭ

           Хоршооллын хөдөлгөөн бол даян дэлхийд түгэн тархаж, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй хүчирхэг гол мөрөн. Энэ дэлхийн 7 тэрбум хүн амын 1 тэрбум нь буюу 7 хүн тутмын нэг нь хоршоологч.
           Эрдэмтэдийн нотолсноор хоршоолол хүчтэй хөгжсөн улс орнууд хөгжлийн өндөр хурдтай байдаг. Анх хоршоо үүссэн Их британи болон Герман, Бельги, Япон, Солонгос, Энэтхэг, Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг орны хөгжил дэвшилд хоршоолол чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр орнуудад би очиж туршлага, хөгжлийн загвартай нь танилцаж нүдээр харсан билээ.
            Хүчирхэг хоршооллын хөдөлгөөн бол аль ч улс орны хөгжлийн том хүчин зүйл, тулгуур багана мөн. Яагаад гэвэл хоршоо нь хүмүүсийн идэвхийг өрнүүлж, хамтын хүч чадлын нуугдмал эрчийг нээж өгдөг.
             Нэгдсэн Үндэстэний байгууллагаас 2012 оныг Хоршооны хөгжлийг дэмжих Олон улсын жил болгон зарлаж Бид хамтдаа төгс дэлхийг бүтээнэ уриан дор тэмдэглэн дэлхий даяар хоршооллын хөгжлийн шинэ аян, шинэ давалгааг эхлүүлэв.
             Эгнээндээ хэдэн зуун сая хоршоологчдыг нэгтгэсэн Олон Улсын хоршооллын Холбооноос 2013-2022 оныг дэлхий даяар хоршоог хүчирхэгжүүлэх 10 жил хэмээн тунхаглав.
            Өнөөдөр хоршоогоор манай дэлхий амьсгалж байна. Олон орны төр, засгийн газраас тус тусын орондоо хоршоог хөгжүүлэх, дэмжих том, далайцтай ажил явуулах болов.
             Тэгвэл юуны учир хоршоог дэмжье хэмээн дэлхий даяар нижигнэн дуугарна вэ?, яагаад компанийг дэмжье, эсвэл хувиараа эрхлэх аж ахуйг дэмжье гэхгүй байна вэ гэдэг асуулт гарна.
             Энд олон учирлал гаргаж болох хэдий ч миний бие дараахи гурван үндэслэл дээр тогтож авч үзье.
             Нэгд. Хоршоо бол ажилгүйдэл, ядууралыг  бууруулах шилдэг арга хэрэгсэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Хоршоонд гишүүнээр элсэж буй хүмүүс бол голдуу баян чинээлэг хэсэгт хамаарахгүй иргэд байдаг. Чинээлэг, хөрөнгөтэй хүн байсан бол ганцаараа компани байгуулаад, эсвэл хэн нэгэнтэй нэгдэж нөхөрлөл үүсгээд ажиллаж болно. Тэгвэл хоршоог үүсгэн байгуулсанаар хөрөнгө, хөдөлмөрөө нэгтгэн, хамтарсан аж ахуй байгуулж амьдрал ахуйгаа хөнгөвчлөх, хөгжүүлэх, санаа, сэтгэл нийлсэн, жаргал, зовлонгоо хуваалцах, хамт олон, найз нөхөдтэй болох, шинэ санаа, төсөл гарган хамтдаа хэрэгжүүлэх, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх боломж авч ирдэг. Ийм ч учраас монголчууд Ганц мод гал болдоггүй,ганц хүн айл болдоггүй, Хүн дэм дэмэндээ, дээс эрчиндээ,Айл хүмүүсийн амь нэг, саахалт хүмүүсийн санаа нэг,Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр  гэх мэтээр ярьж ирсэн байдаг.
Амьдрал хэцүү байна хэмээн хувь заяандаа, эсвэл төр засагт гомдож  явах, ажил олдохгүй байна хэмээн гоншигнож суухын оронд аль нэг хоршоонд элсээд хамтын хүчний давуу талыг ашиглан амьдрах хэрэгтэй.
           Хоёр. Хоршоо бол аж ахуйг эрхлэн хөтлөх хамгийн ардчилалтай хэлбэр юм. Хоршооны гишүүд бүгд тэгш эрхтэй, бүгд адил 1 саналын эрхтэй. Тэгвэл компанид үүсгэн байгуулагч, том хувьцаа эзэмшигчийн гарт бүх эрх мэдэл хадгалагддаг. Өнөөдрийн монголын хувийн компанид ажиллагсад нь эзэн, эсвэл гүйцэтгэх захирлын нүдний харцаар л хөдөлж байгаа нь харагддаг.
           Ашиг хуваах цаг ирэхэд компанид зөвхөн том хувьцаа эзэмшигчид л эрхээ эдэлдэг бол хоршооны гишүүн бүр адил хувь ногдолоо хүртдэг. Ийм учир компани бол эзэдийн төлөө, хоршоо бол гишүүдийн төлөө гэж хэлж болно.
           Нийгэмд ардчиллыг бэхжүүлэхийг зорьж байгаа бол хоршоог дэмжин хөгжүүлэх шаардлагатай.
            Манай Үндэсний холбооны гишүүн, Говь-Алтай  аймгийн Дарви сумын Буян-Ундрал, Дархан-Уул аймгийн Дархан ноос, Увс аймгийн Уран зурвас,   Шинэ зам-Увс Говьсүмбэрийн Тэвшийн хажуу  ус Ховд аймгийн Үр жимс,
Алтайн цэнхэр уулс ,Завхан аймгийн Алтан Алдар, Архангай аймгийн Од КР Сэлэнгэ аймгийн Мөнгөн саам зэрэг хоршоодын хамт олноор бид бахархадаг.
             Гурав. 2008-2013 онд дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэсэн бөгөөд олон зуун мянган аж ахуйд дампуурч үүд хаалгаа барив. Харин хоршоо бол хамгийн амьдрах чадвартай аж ахуй гэдгээ харуулсан нь гайхширал төрүүлсэн билээ. Хүнд хэцүү цаг ирэхэд хоршоологчид улам нэгдэн нягтардаг аж. Хоршоо хүний зөвхөн аж ахуй, амь зуулгын биш, бас нийгэм, соёл, сэтгэлзүйн хэрэгцээг хангаж байдаг. Тэд эх дэлхийгээ хамгаалах, байгаль орчны бохирдолтой тэмцэх, өлсгөлөн, ядуурлын эсрэг, энх тайвны төлөө хөдөлгөөнд нэгдэн хүчтэй дуу хоолойгоо ямагт цуурайтуулж ирсэн билээ.
             Хоршоологчид бид бол дэлхийн хүчирхэг хөдөлгөөний нэгэн эгнээнд алхагсад, найрсаг эвсэг, том гэр бүлийн гишүүд билээ.
Сайн, сайхан үйлс дэлгэрэн цэцэглэх болтугай.

Надмидын  БАЯРТСАЙХАН


2013/08/21

TOP SECRETS FROM FORBES

.     Invest early, get your asset allocation right and negotiate your salary
2.    Know what you are doing, avoid get rich-quick schemes, do your homework. Learn  to be patient, and learn to be opportunistic.
3.    Getting rich starts with having a long-term plan and realistic goals. There is nothing emotional about money, you need to have a sound basis for what you buy or own.
4.    If you are going to be a passive minority investor, don’t do it with borrowed money. Population flows, politics and social interactions are often guiding lights for global investors.
5.    Diversify a investment. Don’t put your eggs in one basket.
6.    Pay attention to the big themes, because that is what will help you earn ten times your money. You don’t know anything ever, and that you have to be willing to change your mind. As the facts change, change your thesis.
7.    Don’t make money the most important thing about finding a job.
8.    You need 10 000 hours practicing to be good at anything. There are no short cuts.

9.    If you are wealthy that means you are powerful, and you have to care about others.

2013/08/20

Зүүн болон төвийн бүсийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын уулзалт, зөвлөгөөн боллоо


Үндэсний холбооны уламжлал болсон ажлын нэг болох Зүүн болон төвийн бүсийн хөдөө аж ахуйн хоршоологчдын уулзалт зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2013 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн 17 сум, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Говь сүмбэр, Дархан, Булган, Увс, Төв зэрэг аймгуудын  хөдөө аж ахуйн хоршоологчдоо төлөөлж хоршооны удирдлага, гишүүд, малчид тариаланчид, төрийн байгууллагынхан зэрэг нийт 260 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж  МХААХҮХолбооны  ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Баттулга нар үг хэлсэнээс гадна  МХААХХолбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, аймгийн ХХААЖДҮГазрын  дарга С.Цэдэнбалжир, ХААХХолбооны дарга Ю.Эрдэнэбилэг,  Дархан-Уул аймгийн ХААХХолбооны дарга Н.Дэлгэр, МХААХХолбооны сургалтын төвийн захирал Ө.Ганбаатар нар тус тус илтгэл тавьж  мэдээлэл өглөө.
Мөн Бат-Өлзий сумын “Малчдын хамтын хүч” хоршоон дээр үзүүлэх сургалтыг зохион явуулсан бөгөөд тус хоршоо хуучин  ашиглахгүй байсан байрыг худалдан авч засварлан шинэ өргөөндөө орсонд зөвлөгөөнд оролцогчид баяр хүргэж ажлын амжилт хүслээ.  Тус хоршоо нь өөрийн  байрандаа  оёдол, талх, нарийн боовны цех,  цайны газар, дэлгүүр  мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан борлуулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаа танилцуулсанаас гадна CD бичлэгээр хоршоогоо  сурталчиллаа.
 
 
Бат-Өлзий сумын Орхоны хүрхээнд ХАА-н хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж шилдгийг шалгаруулав. Үүнд: 1-р байранд Бат-Өлзий сумын Малчдын хамтын хүч хоршооны гишүүн Мөнхбатын “Ур урлал”, Төгрөг сумын  Мазар дэвшил хоршооны гишүүн Дашдоржийн  угалзтай зүү ороож урласан  “Монгол гутал”, 2-р байранд Дархан-Уул аймгийн Дархан ноос хоршооны “Силкэн хантааз”, Бат-Өлзий сумын “Малчдын хамтын хүч” хоршооны Буян-Арвижих малчны бүлгийн “Сийлбэртэй  монгол гэр”, 3-р байранд Төв аймгийн Борнуур бор толгой хоршооны  хар хурганы ноосоор хийсэн  “Тоохуу гутал”, Говь сүмбэр аймгийн Тэвшийн хажуу ус хоршооны  “Малчны ажлын хувцас”, тусгай байранд Булган аймгийн Орхон эсгий хоршооны  “Ширмэл ширдэг”,  Дорноговь аймгийн Цагаан лиш хоршооны төрөл бүрийн  “Эсгий малгай”, Баянхонгор аймгийн Хот мандал ундрага хоршооны “Галуутын цагаан бурам”  тус тус  шалгарч МХААХҮХолбоо, аймгийн ХААХХолбоо ивээн тэтгэж   цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
Бүсийн зөвлөгөөнд оролцогчид Монголын хоршооллын хөдөлгөөний хөгжилд тодорхой хэмжээгээр бэрхшээл учруулж буй, гэхдээ хялбархан шийдвэрлэж болох олон асуудал байгааг төр засагтаа хандаж сонордуулах шаардлага тулгарсаныг санал нэгтэй  илэрхийлж , төр засгийн зүгээс хоршооллын талаар баримталж буй бодлого тогтвортой бус, залгамж чанар алдагдсан, өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн зарим ажлууд саарч, зогсонги байдалд ордог зэргээс Монголын хоршооллын хөдөлгөөнд  саад бэрхшээл учирч байгааг үндэс болгон тус хоршоологчдын бүсийн зөвлөгөөнд оролцогчид Монгол  Улсын Их хурал, Засгийн газар, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт сонордуулга гаргахаар санал нэгтэй  шийдвэрлэсэн.
Зөвлөгөөнд зориулж Өвөрхангай аймгийн “Таны илч” сонинд тусгай дугаар гаргаж  хоршоологчдод тарааж өгсөн бөгөөд тус сонинг  аймгийн ХААХХолбоо, Таны илч сонин, мөн зөвлөгөөний арга хэмжээг  аймгийн Засаг дарга, МХААХҮХолбоо, аймгийн ХААХХолбоо, ХХААЖДҮГазар, гишүүн хоршоологчид  ивээн тэтгэсэн, Бат-Өлзий сумын сургуулийн хүүхдүүдийн “Цагаан сарнай “ бүжгийн хамтлаг  олны сэтгэлийг татсан  зэрэг  арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан.
Зөвөлгөөнийн үеэр  монгол оронд хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэхэд хувь нэмэр оруулсан 17 хоршоологчыг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчийн шийдвэрээр  “Хоршооллын одон”, “ХАА-н тэргүүний хоршоологч” цол тэмдгээр шагнаж үнэмлэх олгов.
 
Зөвлөгөөнд оролцогчдод Өвөрхангай аймгийн төрийн байгууллага нь   хоршоологчид, ТББайгууллагаа яаж дэмжиж, хамтарч ажилладгийг харуулсан  нь энэ зөвлөгөөний гол онцлог боллоо.

2013/08/15

Зүүн болон Төвийн бүсийн ХАА-н хоршоологчдын уулзалт зөвлөгөөн













Улсын тэргүүний Буян-Ундрал хоршоо 20 жилийн ойгоо тэмдэглэв

Үндсэн хуулийн хүрээнд малчин түмэн маань мал сүргээ хувьчлан авч, эв эеийг эрхэмлэн ахмад үеийнхний бүтээн байгуулалт дээр суурилсан аж ахуйгаа эмхлэн хөрөнгө хүчээ нэгтгэн хамтын хүчин чармайлт гарган, зах зээлийн үеийн шинэ маягийн хоршооны тулгын чулууг тавьснаас хойш тус хоршоо 20 жилийг ардаа орхижээ. Эх орныхоо нэн шинэ түүхийг бүтээлцэж бусаддаа үлгэр дууриал болохуйц гэгээн мөр үлдээж өвөг дээдсийнхээ ач буяныг арвижуулж өөрийн гэсэн өнгө төрхтэй гэгээн алсад хүрэх тэмүүлэлтэй яваа тус хоршооны хамт олон сэтгэл хангалуун итгэл дүүрэн 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.
Буян-Ундрал хоршооны түүхт 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын арга хэмжээ 2013 оны 7 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тус ойн арга хэмжээ нь Говь-Алтай аймгийн зуны бүсийн “Дарив хээрийн хурд-2013”хурдан морины уралдаантай хамтатган зохион байгуулсан бөгөөд энэхүү баяр наадмыг сумын зохион байгуулах хороо, Буян-Ундрал хоршоо, аймгийн МСУХ хамтран зохион байгууллаа. Баяр наадамд нийтдээ Говь-Алтай, Ховд аймгийн 10 гаруй сумын 6 насны 800 шахам хурдан хүлгүүд тоосоо өргөж, 128 бөх хүч бяраа үзэн барилдснаас Монгол улсын начин тус аймгийн Цээл сумын харъяат Гантулга түрүүлж, Ховд аймгийн Дарив сумын харъяат аймгийн начин Тайван үзүүрлэв. Ойн үеэр олон арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд хоршооны хамт олон санаачилан босгосон домогт хурдан хүлэг “Дарив хээр”-ийн хөшөөний нээлтийн ёслол,баярын хурал болж аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулга, сумын ардын авъяастнуудын хамтарсан концерт тоглолоо. Хоршооны дарга Б.Авирмэд “Буяны-Ундрал” нэртэй хоршооныхоо дууны үгийг бичиж уг концертэн дээр дуулуулсан нь олны талархалыг ихээхэн хүлээж байлаа. Тэрээр ярихдаа энэ дуу зөвхөн манай хоршооны дуу биш цаашдаа нийт хоршоологчдын дуу болно гэж байлаа.
 
Ойн үеэр хоршооны гишүүд, ахмад хоршоологчид олон арван хүн төрийн болон ТББ, ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны шагнал Хоршооллын одон, Тэргүүний хоршоологч цол тэмдэг болон өөрийн хоршооны шагнал, дурсгалын зүйлээр шагнагдав.
Ойн арга хэмжээнд олон хүндэт зочид уригдан оролцсны дотор Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр, ХХААЖДҮ-н газрын дарга Ш. Мөнхбаатар, Аймгийн МСУХ-ны дарга, ХАА-н хоршоологчдын холбооны тэргүүлэгч Д.Гомбожав, ХАА-н хоршоологчдын холбооны дарга Ч.Дашдэлэг нар оролцлоо.
Ойн арга хэмжээ, баяр наадмын ажиллагаа бэлтгэл, зохион байгуулалт сайтай бусдад санаа авууштай арга туршлагыг бай болгосноороо наадамчин олон зочид төлөөлөгчдийн талархал, хүндэтгэлийг хүлээж байлаа. Ой тэмдэглэх, баяр наадмын арга хэмжээний нийт зардлын ихэнхийг хоршооны гишүүд ивээн тэтгэсэн нь хоршооныхоо төлөө гэсэн хамтын сэтгэл, зүтгэлийн нэг илэрхийлэлийг харуулав.

2013/08/14

Iceland



1990 онд Москвад аспирантурт сурч байхад манай өрөөнд нүүр дүүрэн инээсэн, гялалзсан шар хүн орж ирсэн нь Даваагийн Лхаашид гэдэг эрхэм байв. Манай сургуулийн дэргэдэх Улс ардын аж ахуйн академид эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар ирсэн докторант гэнэ. Надаас хорь гаруй насаар ах тавь орчим насны эр. Бидний амьдрах оюутны байр ойрхон зэргэлдээ байсан тул бие биенийхээрээ орж гарч, ойртон танилцсан юм. Энэ хүн мундаг эр байсан. Дэлхийн олон орноор явж юм үзсэн, ном их уншсан, түүх шастир сайн мэднэ. Надад олон зүйл ярьж өгч билээ. Эх оронч үзэлтэй, Монгол улсдаа хайртай хүн байсан бөгөөд Орос-Монгол, Хятад-Монголын харилцаа, түүхийн олон зүйлс ярьж сургамжлана. Эрчим хүчний “төмөр чөдөр”-ийн бодлого том гүрнүүд хэрхэн явуулдаг, эрчим хүчний хараат байдал, улмаар санхүү, эдийн засгийн хараат байдалд оруулах арга, бодлогын талаар нилээд ярьдаг байв. Үндсэн мэргэжил нь цахилгааны инженер байсан санагдана. Орос, англиар тэгш сайхан ярина, бичнэ. Надаар аар саар зүйл хийлгээд “Thank you very much гэхэд нь орос багш нараар заалгаснаараа “Don’t mention it” гэвэл тэгж хэлдэггүй юм. Наадах чинь за яахав, зүгээр, зүгээр гэсэн хатуу, хүтүү хариулт. “ You are welcome” гэвэл аятайхан сонсогдоно гэх мэтээр жижиг гэлтгүй зүйлс зөвлөдөг байж билээ. Англи хэл сайн сурах гэж байгаа бол библи уншвал зүгээр гэж зөвлөнө. Үг хэллэг нь хялбар, баялаг сайхан хэлтэй гэж үздэг байснаас энэ ариун судар уншихыг зөвлөж байв. Бас хүн төрөлхтөний соёлын агуу өв, үнэт зүйл, иймд соёлтой орчин цагийн сэхээтэн гэж тооцдог бол уншаарай гэнэ. Хүн төрөлхтөний бараг 40 хувь нь энэ судрыг дээдэлж байна гэдэг байв.
Д.Лхаашид доктор залуугаараа 2000 оны эхээр нас барсан юм. Энэ хүний талаар гэнэт дурсах болсон учир нь тэрээр анх надад Исландад очсон талаараа бүр 1990 онд ярьж Монгол шиг бага хүн амтай орон, гэхдээ өндөр хөгжсөн, бид хөгжлийн загвар туршлагыг сайн судлан мэдэж авах хэрэгтэй гэдэг байв. Тэр үед би Исландын талаар бараг юу ч мэдэхгүй, нийслэл Рейкьявик хотод  Ройнальд Реаган, Горбачев М.С хоёр уулзсан гэхээс өөр зүйл сонсоогүй байсан цаг. Горбачев ЗХУ-ын тэргүүн болсны дараа АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх анхны уулзалт хаана товлох талаар удаан зөвлөсний эцэст Исландын нийслэл хотыг сонгож авсан юм.
Лхаашид гуайн яриа сонсож суухдаа Исландад очиж үзэх хүсэл төрсөн боловч өдий хүртэл амжихгүй байсаар ирэв. Одоо эртний хүслээ биелүүлж Исланд явахаар шийдэв. Одоохондоо надад Исландын талаар сүрхий их мэдэж буй зүйл хомс. Бүгд Найрамдах Исланд улс гэдэг албан ёсны нэртэй. Атлантын далай, Хойд мөсөн далайн уулзварт оршдог. 320 мянган хүн амтай, 103 мянган кв.км нутагтай. Хүн амын 2/3 нь нийслэл Рейкьявик хотод амьдардаг. 1262-1918 онд Норвег, Дани улсын харьяанд байгаад 1918 онд тусгаар улс болсон. 1944 онд Бүгд Найрамдах Улс гэдгээ зарласан. 2013 онд НҮБ-аас дэлхийн өндөр хөгжилтэй 13 дахь улс гэж зарлажээ. ДНБ-ний хэмжээ 12,8 тэрбум ам.доллар, нэг хүнд 54,8 мянган ам.доллар ногдоно. Манайхтай адил төрийн зохион байгуулалттай, парламентын бүгд найрамдах улс. Парламент 63 гишүүнтэй. Ерөнхийлөгч нь нийт ард түмнээс сонгогдоно. Дэлхий дээрхи байнгын армигүй цорын ганц улс. 9 сард Исланд явна.