2013/12/13

Монгол орны нийгэм-эдийн засгийн байдал

2013 оны 12 сарын 10 нд
Хоршоологчдын сургалтанд хэлсэн үг


  Өнөөдөр хэлэх зүйлээ 2 хэсэг болгож хувааж байна.
1.    Улс орны байдал, төлөв, чиг хандлага
2.    Бид- Хоршоологчид юу хийх, хэрхэн амьдралаа авч явах тухай.
   Ингээд эхний  хэсгийг авч үзье .
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай нийгэмд асар их өөрчлөлт гарсан. Сайн зүйл олон байгаа.
o   Олон ургалч үзэл дэлгэрэв. Ардчилсан Монгол орон болов.
o   Монгол хүн амьдрах газраа өөрөө сонгодог болов.
o   Нийгмийн аль ч хүрээнд сонголт хийх боломж өргөжиж байна.
o   Хувийн өмч хөрөнгөтэй болох, хувийн аж ахуй эрхлэх орчин нөхцөл бүрэлдэв.
o   Гадаад ертөнц улам бүр Монголчуудын өмнө үүд хаалгаа нээж байна.
o   Орчин үеийн технологи, гар утас, интернет бидний амьдралд улам гүнзгий нэвтэрч эхлэв.
Гэхдээ өнөөгийн улс орны байдлыг амаргүй, тогтвор муутай хэмээн дүгнэж байна. Гол зүйл бол улс төрийн тогтворгүй,  талцан хуваагдсан байдал нийгэм-эдийн засгийн амьдралд нөлөөлж байна.
Нийгэм хэт их улс төржсөн байдалд орж талцан хуваагдсан байдал ноёрхох   болов. Монгол шиг жижиг, цөөхөн хүн амтай оронд энэ бол асар муу нөлөөтэй.
Нийгмийн дотор амьдралын төлөө хүлээх хариуцлагаа бусдад үүрүүлэх, ялангуяа төр улсад даатган тэжээлгэх сэтгэлгээ амь бөхтэй хэвээр байна.
Иргэдийн дотор орлогын ялгаа, нийгмийн баялагийн   хуваарилалт хэтэрхий ялгавартай болж, иргэдийн дундаж хэсэг ядуу амьдралтай  бүлэгт шилжих магадлал өндөр болж байна.
Хөдөлмөр зүтгэлтэй хэсгийн амьдралаа сайжруулах , өөд нь татах, бизнес эрхлэх, шинэ зүйл бүтээх  хүсэл эрмэлзэлийг төрийн байгууллагууд дахь хүнд суртал, авилга, хээл хахууль, танил тохой татах явдал хязгаарлан урам хугалах болов.
Монгол оронд 1990 оноос хойш нийгэмд асар их өөрчлөлт гарч, олон шинэ дэвшил , хувьсал бий болсон хэдий ч дээр миний дурдсан хэдэн үзэгдэл чиг хандлага улс орны хөгжилд, урагшлахад саад тотгор болж байна.
Хүн, Малын Шинэ Хуучин өвчин эмгэг хүчтэй дэлгэрэх болов. Эрүүл мэндийн салбар унан доройтож, хувийн эмнэлэг, эмч нарын гарт хүн ард орлоо. Хүнийг бус , мөнгө хөрөнгийг эрхэмлэн эмч нар, эмнэлгийнхэн үнэхээр аюултай үзэгдэл болон Монголд босч ирлээ.
            Боловсрол, Шинэжлэх ухааны талаар ч бахархан ярих зүйл харьцангуй бага байна даа.
Нийгэмд Архидан Согтуурах явдал үндэсний эрх ашигт аюул учруулах хэмжээнд хүрлээ. 1 хүнд ноогдох согтууруулах бүтээгдэхүүний хэмжээгээр манай улс дэлхийд дээгүүр орох боллоо.
Одоо эдийн засгийн нөхцөл байдлыг товч авч үзье.
            Эдийн засагт өсөлт дэвшил гарч байна. 2000 онд 1 хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 400 орчим ам доллартай тэнцэж байсан бол одоо 3300 доллар болсон байна. Гэхдээ социализм задран унахын урд жил буюу 1989 онд энэ үзүүлэлт 1600 доллар  байсныг мартаж болохгүй.
o   Хувийн хэвшил эдийн засагт томоохон тоглогч болон гарч ирэв. Одоо ДНБ-ны 80 хувийг үйлдвэрлэж байна.
o   Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Тухайлбал: Оюу-Толгой, Тавантолгой, Шинэ төмөр зам, авто замын бүтээн байгуулалт зэргийг нэрлэж болно.
o   Гадаад эдийн засгийн харилцаа өргөжиж, гадны хөрөнгө оруулалт өсч, Монголыг сонирхох сонирхол нэмэгдэх хандлагатай байна.
            Гэхдээ эдийн засагт санаа зовоосон нилээд хэдэн асуудал учирсаар байна.
o   Юуны өмнө гадаад өр зээл ихээн өсч байгааг нэрлэмээр байна. Төрийн болон хувийн хэвшлийн хамтын өр зээл 12,9 тэрбум ам доллар болж 1 жилийн ДНБ-ээс давж гарлаа. Манай хойч үе өрийн нилээн дарамтад орж үлдэж байна.
o   Байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч хөрөнгө. Энд  хийгдэх менежмент сул байгаагаас олон сөрөг үзэгдэл гарах болов. Тухайлбал: “Баялагийн хараал” гэж хэдэн жилийн өмнө үлгэр мэт дуулдаж байсан зүйл бодит байдал болох янзтай байна. Эдийн засаг нь уул уурхайн бүтээгдэхүүн түүний үнийн хэлбэлзлээс хамаарч эхлэв. Уул уурхай нь эдийн засгийн 40 хувьтай тэнцэж байна.
o   Эдийн засгийг хүчирхэг болгохыг зорьж байгаа бол хувийн хэвшлээ дэмжин олон улсад өрсөлдөхүйц чадавхитай болгох нь чухал. Гэтэл Монголд төр эдийн засагт хутгалдан орох нь хирээс хэтэрч, төрийн өмчийн компанийг шүтэн, зөвхөн тэднээр дамжуулан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн санаархал хүчтэй дэлгэрч байна.
o   Эдийн засагт гадны нөлөө, хөрөнгө оруулалт хүч түрэмгийлэх болсноос үндэсний үйлдвэрлэл, санхүү эмзэг, эрсдэлд орох болгоомжлол төрүүлэх болов. Газрын тос, эрчим хүчний импортоор Оросоос хэт хараат, бүтээгдэхүүнээ экспортлох талаар Хятадаас хэт хараат хэвээр л байна. Эдийн засаг эмзэг хамгаалалтгүй байна. Мал аж ахуй, газар тариалан, байгаль, цаг агаараас хараат.
Одоо ярианы  хоёрдугаар хэсэгт оръё.  Бид яах вэ?
      Юуны түрүүнд Та бүгд эрхэлж буй бизнес , ажил үйлчилгээ аж ахуйгаа хөгжүүлэх талаар асар их санаачилга зүтгэл гаргах цаг ирлээ. Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг тэлж энэ хэмжээгээр бизнес эрхлэгчидээ дэмжих олон төсөл хөтөлбөр гарч хэрэгжих болов. Үүнд: Монгол мал хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан, Ноос, ноолуур, Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулал олгох  хөтөлбөр, Улаанбуудайн үр тарианы үйлдвэрлэлд нэмэлт урамшуулал олгох, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө  зохицуулалт зэргийг нэрлэж болно.
Үндэсний холбоотой харилцаатай байх, мэдээлэл авдаг байх, манай вэб сайтад ордог байх хэрэгтэй. /www.namac.coop/
      Хоёр дахь чиглэл бол бизнес аж ахуй эрхлэх идэвхи санаачлагаас гадна нийгэм, улс төрийн идэвхи чухал шүү. УИХ-ын гишүүн, ИТХ-ын гишүүдтэй хийх уулзалтад заавал оролцдог, ажил амьдралын зовлон жаргалаа, асуудалаа тавьдаг болж сурах хэрэгтэй. Бас захидал бичиж болно. Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай харилцаа холбоогоо өргөтгөх, төсөл хөтөлбөрөө танилцуулдаг болох явдал ашигтай.
Гуравдугаарт:  Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тавих анхаарлаа султгаж сулруулж болохгүй. Өөртөө хийх хөрөнгө оруулалт бол хамгийн найдвартай, үр ашигтай байдаг. Ном унших, сургалтанд хамрагдах, бие даан суралцах олон хэлбэр арга байна. Мэдлэг бол шууд мөнгө болж байна шүү. Тухайлбал манай зэргэлдээ 2 яамнаас зарлагдаж буй төсөл хөтөлбөрт хамрагдагсдын 60 хувь нь манай холбооны сургалтанд оролцсон хүмүүс байна. Тэд биднээс мэдээлэл аваад, яаж ажиллах аргаа заалгаад амжилтанд хүрч байна.
Дөрөвдүгээрт: Манай холбооноос зохион явуулдаг ня-бо бүртгэл, компьютерийн чиглэлийн сургалтад хамрагдах нь олон талын ач холбогдолтой. Санхүүгийн сайн мэдлэг чадваргүйгээр аж ахуй эрхлэхэд хэцүү.
Мөн хоршоологчдод зориулсан гадаад аялал бид хийж эхэлсэн. Тухайлбал Солонгос, Хятад, Япон, Хонконг  явах аялалд оролцож юм үзэж нүд тайлж болно.
Бидэнд Та бүгдийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал боллоо. НҮБ-аас 2014 оныг “Өрхийн аж ахуйн жил” хэмээн зарлав. 2013 оны 11 сарын 22 нд Нью-Иорк хотод нээлтээ хийв. Гэтэл Монголд энэ талаар манай холбооноос өөр ярьж, бичиж байгаа байгуулллага байхгүй. Монголын эдийн засаг өрхийн аж ахуй дээр тогтдог. Та нар өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүдэд, засгийн газарт хандан захидал бичиж энэ үйл явдалд анхаарал хандуулж тодорхой ажил эхлүүлэхэд туслаарай! Хамгийн түрүүнд Өрхийн аж ахуйн жил хариуцсан үндэсний хороо байгуулан ажиллах шаардлагатай  болоод байна.



Та бүгдэд амжилт хүсье!
Н.Баяртсайхан





No comments:

Post a Comment