2013/12/06

Тайландын үймээн


НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагаас /FAO/ Тайландын  нийслэл  Бангкок хотод НҮБ-ын Ерөнхий Чуулганаас 2014 оныг Өрхийн аж ахуйн жил хэмээн зарласантай  холбогдуулан  хийх олон  улсын хуралд  оролцох урилга ирж хуралд оролцохоор  2013 оны 11 сарын 18 нд Тайландын Бангкок хотод  очлоо.  Энд очоод урьдчилан тооцож бодоогүй байсан хэд хэдэн учрал тохиов.
Хурлын эхний өдөр буюу 2013 оны  11 сарын 19 нд  Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн захирал Конума хэмээх япон эр уулзаж “2014 оны 3 сард Улаанбаатар хотод Ази номхон далайн 44 орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт, 32 дахь удаагийн хурал болно. 2012 онд Вьетнам улсын Ханой хотод болсон хурал дээр Монгол улсын засгийн газар дараагийн хурлыг Монголд хийх хүсэлт гаргасан. Энэ хурлыг Монгол улсын засгийн газар зохион байгуулах болно.  Харин энэ хурлын өмнө Ази номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид цуглан Улаанбаатарт хуралдаж Сайд нарын хуралд өргөн мэдүүлэх уриалгаа хэлэлцэн батлах учиртай. “
Энэ  уулзалтыг  танай байгууллага  National Association of Mongolian Agricultural Cooperatives - NAMAC хариуцах болно гэв.  Энэ мэдээг анх удаа сонссон миний бие тулгамдаад юу ч хэлж чадсангүй, за ойлголоо гэх аядав. Тэр даруй   байгууллага руу  утасдаж асуутал  манайхан  ямарч ойлголтгүй, сонсоогүй байв. Ингээд орой төлөөлөгчдөд зориулан барьсан зоог дээр Конума ноёнтой дахин уулзлаа. Хоёр  хүсэлт  тавилаа.
1.Манай байгууллага томоохон олон улсын хурал зохион байгуулах туршлага муутай тул FAO оос техникийн туслалцаа үзүүлэн манай ажилтан нарт дээрхи хурлын зохион байгуулалтын талаар сургалт явуулж өгөх.  Ялангуяа  хурлаас гарах баримт бичгийн анхны хувилбар гаргахад мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг тусламж хэрэгтэй. Учир нь манай Монголын хөдөө аж ахуйн зорилт,  тулгамдсан асуудлууд нь Ази номхон далайн бусад орныхоос ихээхэн ялгаатай, өвөрмөц  гэдгээ хэлж ойлгуулав. Энэхүү хүсэлтийг ноён Конума бодож үзье гэв.
2. Гадаадын 40 , үндэсний 30  нийт 70 орчим  хүнтэй иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт хийхэд ойролцоогоор 100 орчим мянган америк доллар гарах болно. Монгол бол үнэтэй улс болсон.  Энэ зардалд төлөөлөгчид Улаанбаатарт ирж, буцах онгоцны тийз, байрлах зочид буудал, хоол, тээврийн зардал багтаж байгаа.  Иймд FAO оос бидэнд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүсэв.  Ноён Конума халгаасангүй.  
Тэрээр ТББ-ын уулзалтыг та нар өөрсдөө хийх учиртай.  FAO оролцохгүй.  Монгол  бол  баян  орон.  Олон арван сая  толгой  малтай.  Та нар өөрсдөө  зардлаа гаргаарай. Засгийн газартаа хүсэлт тавиад авна биз дээ гэж байна.  Ингээд гэнэт 100 орчим мянган америк долларын өрөнд санаандгүй ордог байна шүү.  Гэхдээ яах вэ?  Учир байдлаа  танилцуулж  ойлгуулан хэдэн бор төгрөг олж болох байлгүй дээ ноён Конумагийн  хэлсэнчлэн  Монгол бол баян орон.  Улсын нэр нүүрээ бодож уулзалт хурлыг сайхан хийнэ дээ гэсэн өөдрөг бодол толгойд орж дахин зардал хөрөнгийн талаар ярьсангүй. 
Ингээд хурал  2013 оны 11 сарын 22 ны  баасан гаригт оройхон дууслаа. Миний онгоцны тийз 11 сарын 26 нд буцахаар таарч байсан болохоор Бангкок хотод дахин хэд хонох байв. Хуралд оролцсон төлөөлөгчид 11 сарын 23 наас эхлэн буцаж эхлэв.   2013 оны 11 сарын 23 ны өглөөгүүр миний буудалж байсан  буудлын эргэн тойронд маш олон хүмүүс жагсан цуварч ирсээр байлаа. Учрыг асуувал Тайландын Ерөнхий сайдын өргөө миний байрлаж байгаа буудлаас холгүй байдаг бөгөөд түүний дэргэдэх  " Ардчилал " талбайд жагсагчид тал бүрээс цуглан ирж байсантай нь би таарчээ. Түүнийг  сонирхон “Ардчилал” талбай руу  алхлаа.  Талбай дээр маш олон хүн цуглаж , майхан , асар татсан байна. Тэднийг харж зогсох хугацаанд жагсагчид  тал талаас бөөн бөөнөөрөө ирж нийлсээр байв.
Би тэднийг сонирхон харж зогсох хугацаанд миний тооцоолсон баримжаагаар 400-500 мянга орчим магадгүй түүнээс ч олон хүн цугларч байна даа,  бас ч чамгүй их хөрөнгө гаргасан гэдэг нь илт мөн нилээдгүй бэлдсэн байгааг ажиглаж харж байгаад буудал руугаа буцсан юм.  Хэд хоногийн дараагаар   ням гарагийн тэр шөнө 400 гаруй мянган жагсагчид цугласан гэсэн мэдээг хэвлэлээс олж уншив. Тэнд цугларсан хүмүүс  бүгд амандаа шүгэлтэй, шүглээ тасралтгүй шүгэлдэж тал талд чанга яригчийг энд тэндгүй зоож зогсоо зайгүй илтгэл яриа хийнэ. Ер нь нилээд сүртэй жагсаж жагсаалдаа итгэл үнэмшилтэй, хариуцлагатай, оролцож байсан юм.   Мөн жагсагчдын дотор үнэтэй эдлэл зүүсэн, нилээд үнэтэй хувцас өмссөн  нийгмийн чинээлэг давхаргынхан ч олноор харагдсан.  Ерөнхийдөө бол Тайландын дээд элит хэсгийнхэн одоогийн төр барьж буй нам, хөдөөгийн ядуу тариачдын төлөөлөл, Тайландын хойд зүгийнхэн олонхи болсон  Парламент, Засгийн газрын эсрэг босож тэмцэж буй бололтой. Ерөнхий сайд Чинаватыг огцрохыг  шаардана.  Түүнийг ах  Тагшин Чинаватаас хэт хараат бодлого, үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг байна.  2013 оны 11 сарын 25 нд  буюу Даваа гаригт жагсагчид хэдэн хэсэг болж салав. Хамгийн олон хүнтэй том хэсэг нь Ерөнхий сайд  Ийнглак Чинаватын албан өргөөний гадна очиж шүгэлдэн орилолдож,  цагаан хоолой, чанга яригчаар ухуулга яриа хийж эхлэв. Нөгөө нэг хэсэг нь ойролцоогоор  1000 орчим хүнтэй жагсагчид  Сангийн яамны байранд дайран орж ажилтануудыг хөөн явуулан  гэрэл, цахилгааныг  тасалж, дотор нь орж хэвтэж авав.  Ийм байдлаар гадаад  хэргийн яам , төсөвийн газар , олон нийттэй харилцах газар зэргийг эзэлсэн тул тэр өдрийн орой Тайланд улсад онц байдал зарлав.  Ингэж байдал улам эвгүй болж эхэлсэн тул тэндээс хурдан явахаар шийдэв.   Эцэст нь дүгнэлт хийхэд:    
1. Энэ жагсаалд эртнээс бэлдэж, их хөрөнгө, хүн хүч гарган бэлдсэн нь нүдэнд илт харагдана. Ингэж бэлдсэн ажлаасаа тийм ч амархан няцахгүй биз дээ.
2. Жагсагчдын дотор тусгайлан бэлдэж хувцасласан , нүүр, ам , хамраа таглан халхавчилсан  "дайралтын отряд"  гэж хэлж болохоор залуус цэргийн жагсаалаар алхан, хайрцаглагдан тусгайрч явж харагдана. Тэд зодолдоно,  үзэлцэнэ хэмээн шийдсэн нь тодорхой байв.  Гудамжны  тулаан ч  болж  магад. 
3. Парламентын 492 суудлаас 299 суудал авсан Тайландын ард түмний хүсэл намынхан засаг, төрийн эрх мэдлээ сайн дураар тавьж өгөөд явахгүй нь ойлгомжтой.  Тэгээд ч тэднийг дэмжсэн, хар хувцастай жагсагчдын эсрэг улаан хувцас өмсөн ялгарсан  50 мянга гаруй хүн нэгэн стадионд  цуглаж байгааг  ТВ гээр харуулж байв. 
4. Улс төрчид талцан хуваагдаж засаг төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээнд олон түмнийг турхиран ашиглаж, улс үндэстэнээ хар , улаанаар хувцаслан, засаг төрийн байгууллагуудаа эзлэн бусниулж, ажиллах чадваргүй зогсонги болгож байгаа нь харамсалтай.  Эдийн засгийн гол салбар болох аялал жуулчлалд ихээхэн хохирол учрах нь мэдээж хэрэг юм. 
5. Энэ бүгдээс Монголчууд бид сургамж авах, ухаан суух, улс үндэстэнээ талцуулан хагаралдуулахаас сэргийлэх, улс төрийн соёлд сурах, сонгуулиар ялагдан цөөнхи болсон бол дараагийн сонгууль хүртэл тэвчин хүлээж сурах хэрэгтэй юм. 
Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай. 


No comments:

Post a Comment