2013/12/23

Шинэ оны мэндчилгээ

          Та бүгдийн амрыг эрж угтан ирж буй 2014 оны мэндийг хүргэж, шинэ ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, эрч хүч баяр хөөртэй, хайр жаргалаар бялхан амьдрахыг хүсэн ерөөж байна.
2013 оны ажлын үр дүндээ бид сэтгэл дүүрэн байгаа. Холбооны удирдах зөвлөлийн хурлаа Дархан-Уул аймагт анх удаа хоршоологчдынхоо дунд 2013 оны 02 дугаар сард хийв.  Бүсийн хоёр том зөвлөгөөнийг Өвөрхангай, Ховд аймгуудад хийж, сонордуулга-уриалга гарган төрийн байгууллагуудад хүргүүллээ. Хоршоологчдод зориулсан сургалтыг сард 2-оос доошгүй удаа Үндэсний холбоон дээр тогтмол явуулдаг болов. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран Монголын бүх аймаг сумдад очиж сургалт, зөвлөгөө өгөв.
Малчдын хоршоо хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан засгийн газарт өргөн барилаа.
Гадаад харилцаагаа өргөжүүлэн Зүүн Азийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын уулзалт, хуралд Японы Токио хотод оролцсоноос гадна Азийн Фермерүүдийн холбоо хэмээх олон улсын байгуулагад шинээр элсэн оров. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай харилцаагаа өргөжүүлэв.
2014 онд маш их  ажил биднийг угтаж байна. НҮБ-аас 2014 оныг “Өрхийн аж ахуйн жил”  хэмээн тунхагласан бөгөөд энэ жилийг тэмдэглэн өнгөрөөх үндэсний хороо байгуулан ажиллах болно. Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн орнуудын хөдөө аж ахуйн сайд нарын 32 дахь уулзалт хурал 2014 оны 3 сард Улаанбаатарт болох бөгөөд энэ хурлын үеэр бүсийн орнуудын иргэний нийгмийн байгууллагуудын хуралдааныг  манай холбоо хариуцан зохион байгуулах юм. Мөн 3 сарын 25-27 өдрүүдэд Удирдах зөвлөлийн хурлаа Дорноговь аймгийн Сайншанд хотод хийнэ.
2014 он бол Манай Холбооны ээлжилт  7-р Их хурлын жил. Иймд Их Хурлаа угтан олон ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал “Хоршооллын хөдөлгөөн Монгол оронд” ном бичиж хэвлүүлэх. Хоршоологчдын үндэсний зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилал түшиглэн 2014 оны 8 сард хийх, Залуу Хоршоологчдын Улсын уулзалт зөвлөгөөнийг Архангай аймгийн Тариат суманд зохион явуулах зэрэг болно. Бүх аймгуудын хөдөө аж ахуйн хоршоодын холбооны тайлан-сонгуулийн хурал, бага хурлыг 2014 оны 4,5,6 сард зохион явуулна. 
Гадаад харилцааны чиглээр олон ажил биднийг хүлээж байна. 2014 оны 4 сард Индонезийн Бали арал дээр болох Азийн фермерүүдийн  холбооны Их хуралд оролцоно. Мөн 11 сард Солонгосын Сөүл хотод болох Зүүн Азийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын дээд хэмжээний хуралд бид очно. Олон улсын хоршооллын холбооны Их хурал, уулзалтуудад идэвхитэй оролцоно. Хэд хэдэн улс оронд манай холбооны төлөөлөгчид айлчилахаар бэлдэж байна.
Та бүгдэд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань бүтэн биелэлээ олохын ерөөл дэвшүүлье. Сайн сайхан үйлс бүхэн  дэлгэрэх болтугай.



Н.Баяртсайхан
2013 оны 12 сарын 20

No comments:

Post a Comment