2016/12/19

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

"Монголбанкны мэдээлэл" №2
2016 оны 12-р сарын 19

САНХҮҮГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛ БОЛ АМЬЖИРГААГАА ӨӨД ТАТАХ ЧУХАЛ УГ СУРВАЛЖ
Нэг. Энэ удаад иргэдийн эдийн засгийн боловсролд тус болох үүднээс зарим ойлголт, үзэгдлийн талаар ярилцмаар байна. Сүүлийн үед бий болоод байгаа дефляцийн талаар уншигчдад тайлбарлана уу?
            Дефляци гэдэг нь бидний ойлгож хэвшсэн инфляци хасах утгатай болох үзэгдлийг буюу өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий үнэ өмнөх жилээс, өмнөх сараас буурч, хямдрахыг хэлнэ. Энд гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд дефляци боллоо гэхээр бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ бүгд адилхан хямдарсан гэж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд Өрхийн хэрэглээний үнийн сагсанд оруулж тооцдог 329 бараа, үйлчилгээний үнэ бүгд нийлээд дунджаар хасах утгатай гарч буйг дефляци гэж ойлговол зохино. Тиймээс эдгээр 329 бараа үйлчилгээний хувьд заримынх нь үнэ тухайн авч үзэж буй хугацаанд өссөн байхад, заримынх нь буурсан байж болох бөгөөд бүгдийнх нь өөрчлөлтийг жигнэн дунджилсны үндсэн дээр сагсны ерөнхий өсөлт (инфляци), эсвэл хасах утгатай бууралт (дефляци) болсон гэж үздэг. Дефляци бий болох үзэгдэл ихэвчлэн хямралын үед үүсдэг бөгөөд иргэдийн худалдан авах чадвар буурч, эдийн засаг агшиж буйн тод илрэл юм. Гол нөлөөлж буй хүчин зүйлс бол мах, хүнсний ногоо болон байрны түрээс, орон сууцны үнэ буурч байгаа явдал юм.
Хоёр. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн талаар ямар бодлого Монголбанк явуулах вэ?
            Монгол улс бол жижиг, нээлттэй эдийн засагтай тул гадаад улс орнуудтай хийж буй гадаад худалдаа, бизнес, тэдгээрийн төлбөр тооцоог гүйцэтгэх, санхүүгийн үйлчилгээ авах, үзүүлэх шаардлагын улмаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэдэг ойлголт гарч ирдэг. Төгрөгийн ханш гэдэг нь нэг талаар төгрөгийн бусад орны валюттай харьцуулсан үнэ юм. Энэ үнэ өсөх, буурах, ямар байхаас шалтгаалж Монгол улсад үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний үнэ бусад орныхтой харьцуулахад хэр өрсөлдөх чадвартай байна вэ гэдэг тодорхой болно. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш олон хүчин зүйлээс хамаарч байдгийн дотор хамгийн гол хүчин зүйл бол гадаад цэвэр худалдаа буюу манай улсын экспортоос олж буй валютын орлого болон гадаадаас худалдан авч буй импортод төлж буй валютын төлбөр хоёрын зөрүү юм. Үүнийг бид цэвэр экспорт гэж нэрлэдэг бөгөөд энэ зөрүү хасах байх тохиолдол буюу орж ирж байгаа валютын хэмжээ Монголоос гарч байгаа валютын хэмжээнээс бага байх юм бол төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлдэг. Тонгоруугаар орж ирж байгаа нь гарч байгаагаасаа их байвал цэвэр экспорт нэмэх болж, төгрөгийн ханшийг чангаруулах нөлөөтэй. Гэхдээ дан ганц энэ үзэгдлээр ханшийн өөрчлөлтийг ойлгох нь учир дутагдалтай бөгөөд үүн дээр нэмээд гадаадтай хийж буй бусад үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн гадаад данс зэрэг гаднаас орж ирж буй болон гадагшаа гарч буй бусад валютын урсгалыг хамруулсан Төлбөрийн тэнцэл гэдэг үзүүлэлтээс төгрөгийн ханш шууд хамаарч байдаг. Төлбөрийн нийт тэнцэл эерэг дүнтэй байвал ханшид дарамт үгүйг, сөрөг утгатай байвал төгрөгийн ханшийг сулруулах дарамт ирж буйг илтгэж байдаг. Иймээс Монголбанк нь эдийн засгийн суурь нөхцөл байдалтай уялдуулан ханшийг чөлөөтэй, уян хатан байлгах зарчим баримталж байна.
Гурав. 50’000-тын дэвсгэрт хэвлэх талаар гарсан яриа хэр бодитой вэ?
            Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50’000 төгрөгийн дэвсгэрт гаргах тухай мэдээлэл тарсан. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд одоогоор надад ийм бодол алга. Өнөөдөр Монголбанк Монгол улсын эдийн засгийн бүхий л нөхцөл байдлыг харж, тооцоолж байгаагийн дотор нийт мөнгөний нийлүүлэлт, банкнаас гадуур эргэлдэж байгаа бэлэн мөнгөний хэмжээ, түүний дэвсгэртийн бүтэц хөдөлгөөн хэрхэн өөрчлөгдөж байгаа зэрэг асуудлыг ч анхааралдаа байлгадаг. Гэхдээ өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байна, 50’000-тын дэвсгэрт гаргах тухай асуудлаас ч илүү чухал шийдэл хүлээсэн сорилтууд шил шилээ даран байж байна. Бид нөхцөл байдлаа тооцоолж, гадаад өрийн асуудлаа, валютын нөөцийн байдал, төгрөгийн ханш, буурсаар байгаа гадаад зээлжих зэрэглэл, чанаргүй зээл, санхүүгийн тогтвортой байдал гэх мэт олон чухал асуудалд цаг хүчээ дайчлан ажиллаж байна. Эдгээр асуудалтай харьцуулахад 50’000-тын дэвсгэрт хэвлүүлэх нь тийм чухал биш шүү дээ. Үүнээс илүү чухал ажил олон байна. Тиймээс “Монголбанкнаас 50’000-тын дэвсгэрт хэвлэх гэж байна, ингэвэл инфляци хөөрөгдөж, далд эдийн засаг бий болно. Монгол улс шууд дампуурна” гэх яриа гадуур явж байгаа нь бүгд ор үндэсгүй цуурхал юм.
Тэгээд ч шинээр мөнгө гаргах асуудлыг Монголбанк дангаараа шийддэггүй, хуулиараа УИХ шийддэг.
Дөрөв. Өөрийн гарын үсэгтэй мөнгө хэзээ хэвлүүлэх вэ?
            Монголбанк аливаа мөнгөн тэмдэгт шинээр гаргахын өмнө байгаа нөөцөө судалж, хэдий хэмжээний нөөцөөр хэр удаан хугацаанд явж чадах тооцоо, таамаглалыг хийж байж шийдвэр гаргадаг. Одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй 2017 оны сүүлээр гаргаж болзошгүй.
Түүнчлэн миний өмнө Монголбанкны удирдлагад ажиллаж байсан холбогдох хүмүүс шинэ бэлэн мөнгөний хангалттай нөөц бүрдүүлсэн байна билээ. Ер нь бэлэн мөнгөний талаарх мэдээллийг агуулж байдаг статистик үзүүлэлт буюу бидний нэрлэж дадсанаар банкнаас гадуурх мөнгөний өөрийнх нь жилийн өсөлтийг харахад жил ирэх тусам буурсаар байгаагийн зэрэгцээ М2 мөнгө буюу нийт мөнгөний нийлүүлэлтэд эзлэх түүний хувийн жин тогтмол буурсаар байна. Энэ нь нийгэм бэлэн мөнгөний хэрэглээгээ бууруулж, бэлэн бус цахим тооцооны хэрэгслийг илүүд үзэх болсныг харуулж байна. Энэ нь нааштай зөв хандлага.
Тав. Мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэх зардал, үнэ өртгийн талаар мэдээлж болох уу?
            Мөнгөн тэмдэгтийн хэвлэлтийн зардлын талаар болон тэдгээрийн устгалтай холбоотой аливаа мэдээлэл нь 2004 оны 01 сарын 02-ны өдөр батлагдсан “Төрийн нууцын жагсаалт батлах тухай ” Монгол Улсын хуулийн:
      3.34-т Эрдэнэсийн сан, мөнгөний нөөцтэй холбоотой мэдээ, баримт
      3.36-д Бэлэн мөнгө хэвлэх, устгах түүнтэй холбоотой мэдээ баримт гэсэн заалтуудад хамаардаг тул уг хуулийн дагуу энэ талаарх мэдээлэл нийтэд хаалттай байна.
Гэхдээ ганц зүйлийг мэдээлэхэд жижиг дүнтэй дэвсгэртүүдийг хэвлүүлэх өртөг нь өөрийнх нь нэрлэсэн үнээс олон дахин их байгаа.
Зургаа. Мөнгөн дэвсгэртийн хэрэглээний талаар иргэдэд ямар соёл нэвтрүүлэх шаардлагатай вэ?
            Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөг нь биет байдлынхаа хувьд төрийн өмч бөгөөд зөвхөн төлбөр тооцооны зориулалтаар ашиглах ёстой төлбөрийн баталгаат хэрэгсэл билээ. Гэтэл сүүлийн үед иргэдийн зүгээс төгрөгийг ялангуяа жижиг дүнтэй дэвсгэрт болон зоосон мөнгийг буяны ажил, суварга шүтээнд хийх, ил задгай уул овоонд өргөх нь их боллоо. Монголбанкны зүгээс төлбөр тооцоонд хэрэглэх ёстой мөнгөн дэвсгэртийг дээрх зорилгоор ашиглахыг зохисгүй буруу үйлдэл гэж үзэж байгаа тул ийм байдлыг зогсоохын төлөө байна.
Түүнчлэн Монголбанк гүйлгээний шаардлага хангахгүй болсон, урагдаж тасарсан, ихээр бохирдсон, өнгө үзэмжээ алдаж, хуучирч муудсан, элэгдэж нимгэрсэн, будаг тос бэх болсон, элдэв зураг зурж бичээс бичсэн мөнгөн тэмдэгтүүдийг муу тэмдэгт хэмээн ялгаж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гүйлгээнээс татаж аван устгах ажиллагааг гүйцэтгэж байдаг. Аливаа мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, тоолох, устгах зэрэг үйл ажиллагаа нь тус бүртээ өртөг зардал өндөртэй байдаг. Харамсалтай нь Монгол улсын иргэдийн бэлэн мөнгөтэй харьцаж буй соёлыг ихээхэн сайжруулмаар байгаа юм.
Иймээс манай иргэд:
            - Улсынхаа мөнгөн тэмдэгтэд хүндэтгэлтэй хандаж, цэвэр, соёлтой хэрэглэж 
              хэвших, хайрлах.
            - 1-т , 5-тын төгрөгийг төлбөр тооцооны баталгаат хүчин төгөлдөр хэрэгсэл 
              болохынх нь хувьд зүй бусаар ашиглахгүй байх.
            - Бэлэн мөнгийг хэтэвч, түрийвчинд хийж хэвших.
            - Ерөнхий боловсролын сургуулийн насныханд төгрөгийн үнэ цэнийг 
           сурталчлан зөв хэрэглээнд сургахад эцэг эх бүр идэвх санаачилгатай ажилламаар 
           байна.
Долоо. 1-т, 5-тын дэвсгэртийн хэрэглээ багасгаж байгаа шалтгааныг Монголбанк юу гэж үздэг вэ?
            Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалж, эдгээр тэмдэгтийн худалдан авах чадвар эрс буурсаар байгаа нь үндсэн шалтгаан юм. Нэгт, тавтын төгрөгөөр үнэлэгдэх бараа, үйлчилгээ хэрэг дээрээ байхгүй болсон байна. Гэхдээ 1-т, 5-тын дэвсгэртүүд өнөөдөр хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл хэвээр байна. Учир нь худалдаанд буй олон төрлийн бараа, үйлчилгээний үнэ, ялангуяа өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний үнэ задгай дүн (2595,5399 гэх мэт)-гээр үнэлэгдсэн байгаагаас олон тооны бараа худалдаж авах үед нийт дүнгийн сүүлийн орон нь 4, 8 гэх мэт тоогоор төгсгөх тохиолдол байнга гарч байдаг. Ийм үед худалдан авагч нар хариулт мөнгөө тоо ёсоор авахыг шаарддагаас 1-т, 5-тын дэвсгэртийн эрэлт бий болдог. Гэхдээ өнөөдөр цахим гүйлгээ өссөөр байгаа нь сайн хэрэг бөгөөд цахим гүйлгээ өсөхийн хэрээр бэлэн мөнгөний хэрэглээ багасах тул бэлэн мөнгөтэй холбоотойгоор гарч байдаг хэвлүүлэх, тоолох, тээвэрлэх зэрэг өртөг, зардал, хүн хүч, цаг хугацааг асар их хэмнэх чухал ач холбогдолтой үйчилгээ юм. Цахим төлбөр бодит гарсан задгай дүнгээрээ хийгдэж байдаг.
Гэхдээ бэлэн мөнгө хэрэглэх үү? цахимаар бэлэн бус тооцоо хийх үү? гэдэг нь хувь хүн, тухайн байгууллагын өөрийнх нь сонголт учраас бэлэн мөнгөний гүйлгээ алга болно гэсэн ойлголт байхгүй юм. Өнөөдөр гадуур олон тоогоороо байгаа бэлэн мөнгөний АТМ машины дэргэд иргэд дугаарлан зогсож буй үзэгдлээс үүнийг харж болно.
Найм. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд ямар ажил чухал вэ ?
            Аливаа улс орны хөгжилд иргэдийнх нь эдийн засгийн анхан шатны болон санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл онцгой үүрэгтэй. Иргэд санхүүгийн мэдлэг муу байгаагаас өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй асуудалд буруу шийдвэр гаргах, түүнээсээ болж хохирол амсах тохиолдол амьдрал дээр их байна. Сүүлийн жилүүдэд Монголбанк энэ асуудал дээр ихээхэн анхаарал тавьж, ерөнхий боловсрол, олон нийтийн мэдээллийн салбар руу чиглэсэн олон арга хэмжээ авч байна. Гэхдээ манай иргэд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх талаар өөрсдөө хичнээн чармайх нь гол зүйл. Эдийн засаг, санхүүгийн мэдлэг боловсрол бол амьжиргаа, бизнесээ өөд нь татан өсгөх нэг гол суваг мөн.
Төгсгөлд нь “Монголбанкны мэдээлэл” шинэ сэтгүүлийн нийт уншигчид болон Монголбанкны ажилтан, албан хаагчид, нийт банкны салбарын 14 мянга орчим ажилтан, банкирууд болон Монгол ахан дүүс нартаа угтан ирж буй шинэ 2017 оны мэндчилгээ дэвшүүлэн санаж зорьсон сайн сайхан ажил үйлс нь хэрэгжин биелж, аж амьдрал нь өөдлөн дэгжиж амар амгалан, эрүүл энх амьдран суухын ерөөл өргөж байна.

Хөгшид настнаа хүндэлж 
Хүүхэд, ач нараа хүмүүжүүлж
Ах дүү нараараа хүндлүүлж 
Ард олноороо хүрээлүүлж 
Өнөр баян, өргөн дэлгэр болоод 
Элбэрэл, журмаар бялхаж явах болтугай.

2016/12/16

2018 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ГЭХЭД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАМД БАТТАЙ ГАРСАН БАЙХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙНА

Сэтгүүлч Д.Сайнбаярын ярилцлага
“Open door” 2016 оны 12-р сарын 16, №48

2018 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ГЭХЭД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАМД БАТТАЙ ГАРСАН БАЙХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙНА
Эдийн засгийн хүндрэл хүн бүрийн нуруун дээр ирсэн энэ үед ард түмэн төрийн мэргэн бодлого шийдвэрийг хүлээж байна. Ханшийн дарамтаас холуур төгрөгийн үнэ цэнэд итгэх боломж бололцоо гээд олон асуудал бидний өмнө тулгарч байна. Эцсийн эцэст төгрөг үнэ цэнэтэй байх нь улсын эрх ашиг. Энэ үед Төв банкны байр суурь ямар байхыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзаж тодруулснаа уншигч танд толилуулъя.
Монгол Улс эдийн засгийн хувьд их хүнд байдалд орчихоод байна. Ийм цаг үед төрийн мөнгөний бодлого чухам ямар зорилт дэвшүүлээд байгаа талаар ярилцлагаа эхэлье.
            Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг өнгөрсөн сард УИХ-аар батлууллаа. Үнэхээр таны хэлж байгаачлан хүнд цаг үед хэрэгжүүлэх хариуцлагатай бодлогын баримт бичиг юм. Мѳнгѳний бодлогын үндсэн зорилго бол эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, аль болох богино хугацаанд тогтворжуулах, цаашлаад урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Таны ярианаас анзаарахад бид эдийн засгийн хүндрэл үүссэн шалтгааны талаар хөндөх хэрэгтэй юм байна. Одоо бол янз бүрийн байдлаар л тайлбарлаж байна?
            Ярих ёстой сэдэв мөн. Бид эхлээд шалтгаанаа зөв олж байж хүндрэлээс гарах арга замаа оновчтой тодорхойлно. Хоёр гол шалтгааныг нэрлэж болно. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой гадаад шалтгаан. 2012 оны сүүл үеэс эхлэн экспортын бүтээгдэхүүний үнэ буурч, Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан. Үүнийг дагаад эдийн засгийн идэвхжил саарч эхэлсэн. Хоёрдугаарт, дотоод шалтгаан ч мѳн нөлөөлсөн нь харагдаж байгаа. 2013-2014 онд төсөв, мөнгөний тэлэх бодлого нэлээд эрчтэй хэрэгжсэн. Эдийн засаг өндөр өсөлттэй үед хуримтлал бүрдүүлж чадаагүй учраас дотоод нөөц бололцоогоороо эдийн засгийн хүндрэлийн эсрэг төсөв, мөнгөний тэлсэн бодлого хэрэгжүүлэх боломж байгаагүй. Иймд олон улсын зах зээлээс татсан зээл, бондуудын хөрөнгөөр төсвийн гадуурх санхүүжилтүүд хийгдсэн. Дээр нь төсөвт тусгагдаагүй олон зардал ч нэмэгдсэн. Түүнчлэн Төв банкны зүгээс ч төсвийн шинж чанартай санхүүжилтүүдийг ихээр хийсэн байдаг. Ийнхүү эдийн засагт нэлээд их хэмжээний төгрөг нийлүүлсэн. Төгрөгийн энэ их нийлүүлэлт ханш сулрах дарамт үүсгэхэд валютын интервенц хийх замаар эргүүлж татаж авч байсан нь валютын нөөц дундрах шалтгаан болсон байдаг. Гадаад валютын албан нѳѳц маань 4 тэрбум ам.доллар байснаа нэг тэрбум хүртлээ буурсан шүү дээ. Ийм байдлаар удаан үргэлжлэх боломжгүй нь тодорхой болсон. Ѳѳрѳѳр хэлбэл, гаднаас авсан зээл бондуудын эх үүсвэр ч шавхагдсан, валютын нѳѳц буурч ханшийн дарамт ихэссэнтэй холбоотойгоор урьдын адилаар тѳгрѳг хэвлээд эдийн засагт нийлүүлэх аргагүй болсон. Улмаар сүүлийн 2 жилд өрийн дарамт нэмэгдэх, улсын зээлжих зэрэглэл буурах, төгрөгийн ханш сулрах, чанаргүй зээл нэмэгдэх зэргээр Монголын эдийн засаг улам хүндэрсэн гэж дүгнэж болно.
Эдийн засаг хүндэрсэн шалтгааныг нэгэнт дээрх асуудлуудын хүрээнд тодорхойлж байгаа бол энэхүү хүндрэлийг хэрхэн даван туулах боломжтой вэ?
            Бодлогын өөрчлөлт хийж тууштай ажиллахгүйгээр хүндрэлийг даван туулахгүй. Юуны түрүүнд эдийн засгийг тогтворжуулан, тэнцвэржүүлэхгүйгээр гарах гарцгүй. Эдийн засагт нүүрлэсэн бэрхшээлүүд нь удаан хугацаанд хуримтлагдаж бий болсон асуудлууд гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Иймд өргөс авсан мэт бүх зүйл богино хугацаанд тэр дороо сайжирч хөнгөрөхгүй. Хэд хоногийн өмнө УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлан гаргалаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны Улсын төсөв, Мөнгөний бодлогын баримт бичгүүд ч хүчин төгөлдөр боллоо. Үйл ажиллагааны ерөнхий чиглэл гарч, хийх ажил тодорхой болсон. Одоо хийж, хэрэгжүүлэх цаг ирээд байна.
Нөхцөл байдлаа харахаар бид дангаараа эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй байдалд орчихоод байх шиг байна. Тиймээс олон улсын байгууллагуудыг түшихээс өөр гарцгүй гэдэг үзэл санаа түгээмэл боллоо. Гэхдээ бид дотооддоо арга замаа яаж тодорхойлох вэ?
            Тийм ээ. Хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд монголчууд бид олон улсын байгууллагууд, бусад улс гүрний дэмжлэг туслалцаа авч хамтран ажиллана. Гэхдээ мэдээж айлаас эрэхээр авдраа уудал гэж ярьдаг. Бид дотоод нөөц боломжоо ч дайчилна. Олон жил яригдаж буй мега төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эхлүүлэхийг зорих нь чухал. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, нэр хүндээ сэргээх зайлшгүй шаардлага тулгараад байна. Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжихэд гойд анхаарч, бодит зах зээлдээ нийцсэн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулмаар байна. Одоогийн хүндрэл, бэрхшээлийг монголчууд бид богино хугацаанд даван туулж чадна. Монголчууд угаасаа нэг зорилгын төлөө нэгдсэн байхад туулах чадвар өндөртэй ард түмэн шүү дээ.
Бараа бүтээгдэхүүнээ гаднаас голдуу хангадаг манай улсад гадаад валютын ханш маш эмзэг сэдэв хэвээр байсаар байна. Өнгөрсөн сард болсон огцом савалгаа Төв банкны Ерөнхийлөгчийг байх уу үгүй гэдэг асуудлыг хөндөхөд хүртэл хүргэлээ. Хэвлэлээр шахаж шаардаад байгаа шиг Төв банк ханшийг тогтвортой барих боломжийн талаар та юу гэж хэлмээр байна?
            Бидний өдөр тутамд мөрдөж ажилладаг Монголбанкны тухай хуулинд Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх зарчим баримтална гэж заасан байдаг. Бидэнд төгрөгийн тогтвортой байдал болон эдийн засгийн тэнцвэртэй хөгжил маш чухал. Валютын асар их нөөцтэй улс оронд бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол төвшинд барьж чаддаг. Гэхдээ одоогоор их ховор тохиолдол юм. Олонх улс оронд ханштай холбоотой асуудал үүсч л байдаг. Манай улсын хувьд мэдээж валютын нөөц хязгаарлагдмал, дээр нь зах зээлийн зарчимд тулгуурласан чөлөөт эдийн засагтай, хөрөнгийн урсгал хөдөлгөөн нь чөлөөтэй байдаг улс юм. Ийм нөхцөлд валютын ханшийг тогтмол барих гэж оролдох нь зөв бодлого биш. Ингэвэл байгаа гадаад валютын нөөцөө богино хугацаанд шавхаж дуусгахад хүргэнэ. Энэ нь эцэстээ огцом савалгааг үүсгэж, эдийн засгийг хүчтэй уналтад оруулах уршигтай. Тиймээс Монголбанк ханшийг тогтмол барих гэж оролдох нь оновчгүй сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин богино хугацаанд үүссэн огцом савалгааг зогсоохын тулд шийдвэртэй арга хэмжээнүүдийг авсаар байх болно. Дээр нь 2017 онд Монголбанк валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод байдлыг хангасан шинэ тогтолцоо бий болгохын төлөө ажиллахаар зорьж байна. Энэ нь валютын ханш огцом савлах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Үүний тулд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүд тасалдахгүй байх шаардлагатай байх?
            Мэдээж, хангалттай хэмжээний валютын нөөцтэй байх учиртай. Ер нь валютын дотогшлох урсгалыг сайжруулах, эдийн засагт орох валютын хэмжээг нэмэгдүүлэхийг бүх л улс орон эрмэлздэг. Энд ширүүн өрсөлдөөн болдог. Дэлхий бол тэр аяараа өрсөлдөөний том талбар. Манай орны хувьд экспорт бол валютын хамгийн том эх үсвэр. Үндэсний үйлдвэрлэлээ хѳгжүүлж, аялал жуулчлалаа сайжруулбал боломж бий. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад мөнгөө барьж ирээд бизнес хийх таатай орчныг бүрдүүлж ѳгѳх нь валют олох бас нэг чухал суваг юм. Мөн хямд зээл авах, санхүүгийн зах зээлээс мөнгө татах арга байж болно.
Ханшийн огцом савалгааг сулруулахын тулд Монголбанк бодлогынхоо хүүг түүхэнд байгаагүй өндөр нэгжээр нэмж, түүхэнд байгаагүй өндөр хувьд хүргэсэн. Энэ шийдвэр нэлээд шүүмжлэл дагуулсаар байна?
            Шүүмжлэлийг ойлгож хүндэтгэж байгаа. Нээлттэй нийгэмд шүүмжлэл сонсдоггүй хэн байх билээ. Энэ шийдвэр бол валютын нөөцөө хамгаалах арга гэдгийг онцлох нь зүйтэй. Бид байгаа нөөцөө хямгадах, хамгаалах хэрэгтэй болсон. Монгол Улс 2017 онд нэлээд хэмжээний гадаад өр төлбөр барагдуулна. Нөөцтэй байх хэрэгтэй биз дээ? Нөгөө талаар Mонгол төгрөгийн үнэгүйдлийг зогсоох, төгрөгийг үнэ цэнэтэй мөнгө байлгах алхам байсан. Төгрөг бол үнэ цэнэтэй мөнгөн тэмдэгт байх ёстой. Бодлогын хүүг өсгөсѳн нь нэг талдаа тѳгрѳгийн ѳгѳѳжийг нэмэгдүүлж, харин нөгөө талдаа валютын хадгаламжийг хязгаарлах зах зээлийн зарчимд суурилсан арга байсан.
Ханш тогтворжуулах зорилгоор Монголбанк хэд хэдэн удаа интервенц хийлээ?
            Монголбанк валютын нийлүүлэлт хийж байгаа, худалдан авалт ч бас хийж байна. Долоо хоногт 2 удаа валютын дуудлага худалдааг Төв банк явуулдаг. Эрэлт хэрэгцээнээс хамаарч долоо хоногт 30-70 сая ам. доллар гаргадаг. Түлш шатахууны болон Монгол улсад зайлшгүй шаардлагатай бусад чухал бараа бүтээгдэхүүний импортын хэрэгцээг хангахад юуны түрүүнд анхаарч ажиллалаа. Харин сүүлийн үед гарч байгаа нэг сайхан хандлага бол банк, аж ахуйн нэгжүүд валютаа бидэнд худалдаж эхэлсэн явдал. Хувийн хэвшлийнхэн маань амаргүй хүнд нөхцөл байдлыг ойлгож, хамтдаа даван туулах алхмаа ийн эхлүүлж байгаад талархаж байна. Энэ бол яах аргагүй эх оронч сэтгэлийн илэрхийлэл гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байна. Нөгөө талаар манай экспортод жин дардаг зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэлсэнтэй холбоотой боломжууд нээгдэж байна.
Энд бас сонирхохгүй өнгөрч болохгүй нэг асуудал байна. Монгол Улсаас ойрын хугацаанд хамгийн их найдлага тавиад байгаа ОУВС-тай хамтарч ажиллах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
            Сангийн сайд Б.Чойжилсүрэн бид хоёр ажлаа аваад удаагүй байх үедээ ОУВС-ийн удирдлагад захидал бичиж, хамтран ажиллахыг хүссэн юм. Үүний дагуу аравдугаар сарын сүүлээр Валютын сангийн ажлын хэсэг Монголд ажиллаад буцлаа. Эхний ээлжийн ажлын хэсгийн зорилго бол манай улсын суурь нөхцөл байдлыг судалж дүн шинжилгээ хийх юм. Тэд үр дүнгээ төв дээрээ танилцуулснаар хэлэлцээр хийх дараагийн шат руу шилжинэ. Тиймээс бид дараагийн ажлын хэсэг ирэхийг хүлээж байна.
Вашингтон хотод болсон ОУВС, Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Монголын төлөөлөгчид оролцох далимдаа тус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, санал бодол солилцсон. Хэд хоногийн өмнө Мьянмар улсад болсон Азийн Төв банкны Ерөнхийлөгч нарын уулзалтад ОУВС-ийн Ерөнхий захирлын орлогч ноён Фурасава ирсэн байх үеэр ч мөн уулзаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярилцсан. 
Дашрамд хэлэхэд, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орох үед туулсан 1990–ээд оны хямралд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк болон олон улсын бусад байгууллага, дэлхийн олон улс орон гар сунган, хямралыг даван туулахад тусалсанд бид үргэлж талархалтай хандаж ирсэн. 2009 оны хямралыг даван туулахад ч олон улсын байгууллагууд чухал хувь нэмэр оруулсан. Энэ цаг үед ч бас хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө дахин тодруулж асуухад хэзээ бид хямралаас гарах вэ?
            Хорвоо дээр нартай тунгалаг сайхан өдөр байхад хур бороотой бүрхэг, бүр салхи шуургатай өдөр ч таарна. Үүнтэй адил улс орны амьдралд өсөлт уруудалт, ололт амжилт, бэрхшээл саад ээлжлэн үргэлжилдгийг дэлхийн улс орнуудын түүх гэрчилнэ. Бидний өөдөөс амаргүй сорилт, шалгуурууд ирж байна. Давж гарна. Түрүүнд би хэлсэн, бид туулах чадвар сайтай тэвчээртэй нүүдэлчин ард түмний үр сад. 2018 оны хоёрдугаар хагас гэхэд тогтвортой хөгжлийн замд баттай гарсан байхын төлөө зүтгэж байна.

Эдийн засгийн хүндрэлийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр давах боломжгүй. Төсвийн болон мөнгөний бодлогын уялдаа, зөв хослол, тууштай байдал нь тогтвортой өсөлтийг хангахад чухал. Тѳр засгаас гадна, эдийн засгийн хѳдѳлгѳгч гол хүч нь болсон хувийн хэвшлийн оролцоог мартаж болохгүй. Иймээс Төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэмэх нь нийт иргэд олон түмний оролцоо дэмжлэг, дээр нь олон улсын байгууллага, улс орнуудын дэмжлэг туслалцаа гэсэн загвараар урагшлан хөгжинө.

2016/12/15

Иргэдийг орон сууцжуулах бодлого үргэлжлэн хэрэгжиж байна.

Сэтгүүлч С.Сүлдийн ярилцлага
“Үндэсний шуудан” 2016 оны 12-р сарын 15, №244

ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГО ҮРГЭЛЖЛЭН ХЭРЭГЖИЖ БАЙНА
Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, орон сууцны санхүүжилтийн цаашдын бодлого, чиглэлийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэзээнээс эхэлж хэрэгжсэн, хөтөлбөрийн явц ямар байгаа вэ?
            Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг анх 2013 оны 6 дугаар сараас эхлэн тухайн үеийн Засгийн газар, Монголбанк хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн зорилго нь орон сууцны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгож, орон сууцны зээлийн эх үүсвэрийг хөрөнгийн захаас бүрдүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллах бүтцийг бий болгон хүн амын орон сууцжуулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх явдал. Учир нь, Улаанбаатар хотод амьдарч буй айл өрхийн 60 гаруй хувь нь, хөдөө орон нутгийн иргэдийн дийлэнх хувь нь халаалт, ус хангамжгүй сууцанд сууж байна.
Хөтөлбөрийн нийгмийн ач холбогдлыг харуулах үзүүлэлтүүд ямар байна вэ?
            Хөтөлбөрийн нийгмийн ач холбогдол нь өндөр. Тиймээс ч улс орнууд орон сууцжуулалтыг төрөөс дэмжсэн байдаг. Ипотекийн зээл, ДНБ-ий харьцаа өнөөдөр 15 хувьд хүрч, 88 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Хөтөлбөрөөс өмнө орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн тоо сард дунджаар 900 гаруй байдаг байсан бол хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 1700 болж өслөө. Улаанбаатар хотын айл өрхийн 9 хувь нь л ипотекийн зээлтэй байсан бол өнөөдөр 23 хувь нь ипотекийн зээлээр орон сууцтай болсон байна.
Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах гээд хөтөлбөрийн эерэг дам нөлөө их бий. Нөгөө талаар, өрхүүд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болж, шимтгэл хураамжаа ил тод, тогтмол төлдөг болж байна. Ажил эрхлэлтийн байдал нэмэгдэж барилгын салбарт ажиллагчдын дундаж тоо 32 мянган хүнээр, барилгаас бусад салбарт ажиллагчдын дундаж тоо 80 мянган хүнээр нэмэгдсэн байна. Сүүлийн 3 жилд дунджаар жилд 23 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад оржээ. Энэ бол том үзүүлэлт.
Монголбанк энэ хөтөлбөрт ямар үүрэгтэй оролцож байгаа вэ? Ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголбанк олгох ёстой гэж ойлгодог?
            Хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийн хувьд ипотекийн зээлийн хоёрдогч захад суурилсан санхүүжилтийн тогтолцоогоор дамжин энэхүү хөтөлбөр хэрэгжсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр банкууд орон сууцны зээлийг олгоод цааш нь хоёрдогч зах дээр худалдан эх үүсвэр олж авдаг. Үүгээрээ дахин ипотекийн зээл олгож, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж байдаг.
Тэгвэл хэн банкуудаас орон сууцны зээлийг худалдан аваад байна вэ?
            МИК ОССК ХХК буюу ипотекийн хоёрдогч зах дээр үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн байгууллага манай улсад 2006 онд үүсгэн байгуулагдсан. МИК нь ипотекийн зээлийг худалдан авч багц болгон түүгээр баталгаажсан үнэт цаас гарган хөрөнгө оруулагчдад худалддаг. Энэ үйл явцыг “үнэт цаасжуулалт” гэх бөгөөд үүний үр дүнд орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг хөрөнгийн захаас бий болгож байгаа юм. Гэвч манай улсын хувьд хөрөнгийн захын хөгжил сул, хөрөнгийн зах зээл дээр ажилладаг томоохон хөрөнгө оруулагч алга учраас Монголбанк түр хугацаанд ипотекийн зээлийн эхлэлийн санхүүжилтийг олгож, ипотекийн зээлээр баталгаажсан бондыг худалдан авч хөрөнгө оруулагчийн үүрэг давхар гүйцэтгэж ирсэн.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсан нь ипотекийн хөтөлбөртэй хэрхэн яаж холбогддог юм бэ?
            Засгийн газар, Монголбанк ипотекийн хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэхэд Засгийн газар нийгмийн даатгалын санг дахин хөрөнгөжүүлж, бие даасан сан болгох хүртэл Монголбанк эхлэлийн санхүүжилтийг түр хугацаанд хариуцахаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулсан байна. Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахыг даалгасан байдаг. Үүний хүрээнд Засгийн газар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх анхны алхмыг хийсэн нь Ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулсан явдал юм. Хөгжингүй орнуудад тэтгэврийн сан нь орон сууцны зээлээр баталгаажсан бондод хөрөнгө оруулалт хийдэг гол хөрөнгө оруулагч байдаг. Тиймээс манай орны хувьд тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан нийгмийн даатгалын сан дахь тэтгэврийн санг мөнгөжүүлэх замаар ипотекийн зээлээр баталгаажсан бондод хөрөнгө оруулж, орон сууцны зээлийн эх үүсвэрийг бий болгохыг зорьсон. Гэвч харамсалтай нь энэ жилийн төсвийн орлогын дутагдлаас хамааран ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсвийг улсын төсөв даахааргүй болж сангийн хөрөнгийг Монголбанкинд шилжүүлж өгсөн.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад үүсч буй хүндрэлтэй асуудлууд?
            Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр өнөөдөр бэрхшээл үүсгээд байна. Урт хугацаат эх үүсвэртэй тэтгэврийн сан, даатгалын сан зэрэг байгууллагын томоохон хөрөнгө оруулагчид үүсч бий болох шаардлагатай. Аливаа хөнгөлөлттэй хөтөлбөрийг Төв банкнаас нь ч юм уу, Засгийн газраас нь урт хугацаанд санхүүжүүлээд явах боломжгүй. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн захын хөгжилд дорвитой ахиц дэвшил гараагүй, хэсэг хугацаанд Засгийн газрын ирээдүйн тэтгэврийн нөөц сангаар дамжуулан санхүүжилт олгосныг эс тооцвол үндсэндээ Монголбанк хөтөлбөрийн санхүүжилтийг хариуцсаар ирсэн.
Ипотекийн хөтөлбөрт зориулсан 4 их наяд орчим төгрөгийг санхүүгийн бүтээгдэхүүн болгон бонд гаргаж зарах тухай яригдаж байгаа юу?
            Бид энэ талаар судалж байна. Зарим газар саналаа ч хүргүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд олгож буй ипотекийн зээл нь зах зээлийн хүүнээс нэлээд доогуур төвшинд байгаа нь түүгээр баталгаажсан бондын хүүг доогуур төвшинд барьж, зах зээл дээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц санхүүгийн бүтээгдэхүүн болж чадахгүй байна. Энэ нь заавал Төрийн оролцоог шаардаж, зах зээлийн нөхцөлөөр явах боломжийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Иймээс Монголбанк энэ хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхдээ зах зээлийн зарчимд суурилсан зөв гольдролд нь оруулах арга замыг олох болно.
Та Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хөтөлбөрт ямар өөрчлөлт орсон бэ, хэрэгжилт нь ямар шатанд явна?
            Би Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй байхдаа гаргасан шийдвэрийн нэг бол мөнгөний бодлогыг чангаруулах шийдвэр байлаа. Улс орны макро эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, ханшийн огцом хэлбэлзэл нь эдийн засгийн, цаашлаад нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй байсан тул бодлогын шаардлагатай алхам цаг алдалгүй хийсэн. Төгрөгт итгэх иргэд, бизнес эрхлэгчдийн итгэл сулрах, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг нь төлбөрийн чадварын үүргээ алдах, улмаар ханшийн хямрал үүсч болзошгүй нөхцөл байдалд ипотекийн хөтөлбөрийг мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх нь манайх шиг жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд төгрөгийн ханшийн сулрах дарамтыг улам нэмэгдүүлэхээр байсан. Тиймээс 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг зогсоох шийдвэр гаргасан бөгөөд өмнө нь банкуудын олгохоор шийдвэрлэсэн 5 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрт нийт 44 тэрбум төгрөгийг олголоо.
Харин эдийн засгийн идэвхжил суларсантай холбоотой их барилгын салбарт үүссэн бэрхшээл, банкны салбарт барилгын салбарын үзүүлэх нөлөөлөл, нөгөө талаас ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн үр өгөөжийг нь харгалзан үзэж 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Гэхдээ цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга механизмыг боловсронгуй болгох, үүсч болзошгүй эрсдэлийг хаах арга замыг олох, орон сууцны санхүүжилтийн бүтцийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх бодлого, зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ зарчмын дагуу Орон сууцны санхүүжилтийн журмыг шинэчлэн баталж, Монголбанкны эзэмшиж буй ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтийн орлогоор 103 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулан сүүлийн 2 сард олголоо. 2016 оны 12 дугаар сард нэмж 31 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлээд байгаа юм.
Барилгын салбар хүнд байдалд ороод байхад ипотекийн зээлийн хөтөлбөрийг хязгаарлаж байна гэсэн шүүмжлэл гарах болсон?
            Энэ хөтөлбөрийн зорилго бол дундаж давхаргын иргэдийг орон сууцжуулах, мэдээж энэ нь барилгын салбарыг дэмжих шууд нөлөөтэй. Өмнө нь Монголбанкнаас гаргасан нийт санхүүжилтийн 60 гаруй хувийг дан ганц барилгын салбарт олгосон байдаг. Барилгын салбарт нэлээд их хөрөнгө оруулалт хийсэн. Би энэ ажлыг авснаас хойш ипотекийн зээлийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах зарчим баримтлан ажиллаж байна. Бондын эргэн төлөлтийн орлогоос сард дунджаар 34-40 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгож, банкуудад өмнө нь олгосон 822 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилтийн эргэн төлөгдөх хугацааг 6-12 сараар сунгах шийдвэрийг гаргасан. Энэ бол барилгын болон банкны салбарт үзүүлсэн том дэмжлэг. Банкны салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн дийлэнх нь уул уурхай, барилгын салбарын зээл байна. Тиймээс бид банкуудын чанаргүй зээлд бодлогын чанартай зохицуулалтын зарим арга хэмжээг авч эхэлсэн. Монголбанк бол санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй байгууллага.
Банкны салбарын зээлийн чанар муудаж байгаа талаар нэлээд ярьж байна, орон сууцны зээлийн чанар ямар байгаа вэ? Зарим эдийн засагчид АНУ-д тохиолдсон шиг моргейжийн хямрал манай улсын хаяанд ирсэн байна шүү гэдэг.
            Эдийн засгийн зарим салбарын чанаргүй зээл өсч байгаа нь үнэн. Гэвч орон сууцны ипотекийн зээл нь чанарын үзүүлэлтийн хувьд харьцангуй сайн байгаа. 2016 оны 10 дугаар сарын статистик мэдээгээр орон сууцны ипотекийн нийт зээлийн 1.18 хувь, 8 хувийн ипотекийн зээлийн 0.28 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна. АНУ-ын хувьд нөхцөл байдал арай өөр. Ипотекийн захын хямрал нь үл хөдлөх хөрөнгийн үнийн уналттай зэрэгцэн зээлийн шалгуур босгыг маш их сулласан, шаардлага хангаагүй зээлдэгчдэд, ялангуяа орлогын нотолгоогүй зээлдэгчдэд их хэмжээгээр зээл олгосон, үнэт цаасжуулах шаардлага хангаагүй зээлүүдийг багцлан үнэт цаасжуулсан, үнэт цаасанд үнэлгээ өгч зэрэглэл тогтоодог компаниуд бодит үнэлгээ хийгээгүй зэрэг олон шалтгаанаас үүсэлтэй.
Шинэ он гараад цаашид хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
            Санхүүжилтийн схемийг эргэн харж, оновчтой бүтцийг гаргахаар Монголбанкны ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Засгийн газартай бодлого, зарчмаа нийцүүлэх, Төрийн бодлогын уялдаа холбоог хангах зорилгоор Барилга, хот байгуулалтын яамтай хамтарсан ажил хийж байгаа.
Ипотекийн зээлийн хөтөлбөр бол төсөвтэй адилтгах шинж чанартай үйл ажиллагаа учраас Төв банкны мөнгөний бодлогын үйл ажиллагаанаас тусдаа байх ёстой. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагааг удаан хугацаанд санхүүжүүлэх нь Төв банкны алдагдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг алдагдуулах, Төв банкны бодлогод итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, үндсэн зорилго болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоо биелүүлж чадахгүйд хүргэх эрсдэлтэй. Тиймээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид зөв, оновчтой бүтцээр, зах зээлийн зарчимд нийцүүлэн Засгийн газар хэрэгжүүлэх нь зохистой гэж үздэг. Цаашид манай улсын хөрөнгийн болон даатгалын зах зээл хөгжихийн хэрээр энэхүү тогтолцоо бэхжиж, хөрөнгийн захаас урт хугацаатай эх үүсвэр бий болгож, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломж бүрдэх юм. Үүний төлөө ажиллаж байна даа.

2016/12/14

ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСАД БАРИМТАЛДАГ ТОМ ЗАРЧИМ БОЛ ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН БАЙДАЛ ЮМ

Сэтгүүлч П.Хашчулууны ярилцлага
“Өдрийн сонин” 2016 оны 12-р сарын 14, №289

ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСАД БАРИМТАЛДАГ ТОМ ЗАРЧИМ БОЛ ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН БАЙДАЛ ЮМ
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага хийснээ хүргэж байна.
Өнөөдөр Танaас асуух хамгийн гол зүйлийн нэг бол мөнгөний бодлогын төлөв. Ирэх онд мөнгөний бодлого юуг зорьж, ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолсон юм бол?
            2017 онд баримтлах мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэж байгаагаараа онцлог. Урьд жилүүдэд бид эдийн засгаа өсгөе, хөгжүүлье, тэлье гэсэн бодлого баримталдаг байсан. Одоо харин эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах, ингэхдээ аль болох богино хугацаанд хохирол багатай даван туулах тухай ярихаас өөр аргагүй боллоо. Ийм л баримт бичиг.
Хоёр дахь асуулт бодлогын хүү. Бодлогын хүүг урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүргэсэн. Энэ шийдвэрийн үр дүн нь өнөөдөр хангалттай харагдаж чадаж байна уу?
            2016 оны эхний хагаст Монголын эдийн засагт их хэмжээний төгрөг зах зээлд нийлүүлжээ. Улс төрийн сонгуультай ч холбоотой байх. Энэ их мөнгө валютын ханшид дарамт учруулж эхэлсэн. Эдийн засагт байгаа тэр их мөнгийг Төв банк урьд нь валютын интервенц хийж татаж авч байсан бол бид энэ удаад бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар татаж авах зарчим барьсан. Энэ нь бас цаанаа Монгол улс өөрөө валютын нөөц хязгаарлагдмал байсантай холбоотой. 2012 онд 4 тэрбум доллар байсан нөөц маань 2016 онд нэг тэрбум доллар болж буурсан. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, урьд нь долоо хоногийн хугацаатай гарч байсан Төв банкны үнэт цаасан дээр нэмээд гурван сарын хугацаатай үнэт цаасыг арилжаалж эхэлсэн. Ингэснээр арилжааны банкууд сул төгрөгөөрөө Төв банкны үнэт цаасыг худалдаж авсан. Өнөөдөр Монголбанк нийтдээ нэг их наяд гаруй төгрөгийн үнэт цаасыг арилжаалаад байна. Нэг хэсэг нь 7 хоногийн хугацаатай, нөгөө хэсэг нь 3 сарын хугацаатай байгаа. Валют руу хөрвөөд, улмаар Монголын эдийн засгаас хаашаа ч урсаж магадгүй байсан тэр их хэмжээний мөнгийг бид Төв банкин дээрээ татан төвлөрүүлээ гэсэн үг. Ингэж байж ханшийн савалгааг зогсооно. Яаж ч савлаж мэдэхээр эмзэг байсан шүү дээ. Ер нь маш хүнд хэцүү нөхцөлд зайлшгүй хийх ёстой алхам байсан. Огцом савалгааг зогсооход үр дүнгээ өгсөн, харин ханшийг тогтмол барих арга хэмжээ гэж ойлгож болохгүй юм.
Валютын ханшийн өсөлтийг янз бүрээр тайлбарлаж, янз бүрийн шалтгаан гаргаж ирж ярьсаар байна. Төв банкны Ерөнхийлөгчийн хувьд яг бодит үнэнийг хэлээч?
            Дэлхийн олонх улс оронд валютын ханшийг тогтвортой барьж одоохондоо чадахгүй л байна. Жишээлбэл, евро бол доллараас хүчтэй мөнгө байлаа. Одоо ам.доллартай тэнцэж ирээд байна. Англи улс Европын холбооноос гарах санал асуулгын үр дүнгээр Английн фунт стерлингийн ханш уналаа. Хятадад бас юанийн ханшийг сулруулж байна. АНУ-ын Төв банк мөнгөний бодлогынхоо хүүг нэмэгдүүлж болзошгүй байгааг мэдэгдэнгүүт ам.долларын ханш өсөөд эхэллээ. ОУВС-ийн судалгаагаар доллар голлох валютуудын эсрэг тэнцвэрт төвшнээсээ 10-20% чанга байгаа гэж дүгнэсэн байна лээ. Энэ нь эргээд экспортдоо сөрөг нөлөөтэй. Тэгэхээр ханш гэдэг ойлголт тухайн эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамаараад өөрчлөгдөж байдаг зүйл. ОХУ-ыг аваад үзье. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан. Энэ үед Украины хэрэг явдал мандсан. Оросууд Крымийг Оросын харьяанд нэгтгэх процесс эхэлсэн. Барууны ертөнц Орост хориг тавьж эхэлсэн. Доллар, рублийн харьцаа 30 байснаа 70, 80 болтлоо нислээ. Одоо нөхцөл байдал арай сайжраад буцаад 30-70 руу орж ирж байх жишээтэй. Оросууд ямар алхам хийсэн гэхээр Оросын Төв банк бодлогынхоо хүүг 17% болтол дээш өсгөсөн. Энэ нь нөөцөө хамгаалах, ханшаа тогтворжуулах арга. Тэгэхээр ханшийн асуудал дэлхийн олон улс оронд өрнөж байна. Бид валютынхаа ханшийг тогтвортой барихыг хүсвэл валютын хангалттай хэмжээний нөөцтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны мэдэлд байгаа валютын нөөц ханшийг тогтвортой барих хэмжээнд гэхэд хэцүү байна. Ер нь ханшаа тогтмол барихаар их нөөцтэй улс орон цөөн. Иймд бид Төв банкны тухай хуульд заасанчлан валютын ханш чөлөөтэй бөгөөд бодитой, эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ холбогдоод уян хатан зарчмаар л явж байгаа. Монголбанкны хувьд ханшийн огцом савалгаа гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч байна.
Валютын ханшийн талаар Төв банк хариуцлага хүлээхгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэрийг баталж байгаа юм шиг ярих чинь?
            Хаанаас ч гарсан юм бүү мэд, Төв банк валютын ханшийн талаар хариуцлага хүлээхгүй гэсэн мэдээлэл тархжээ. Монголбанк тийм мэдэгдэл хийгээгүй. Монголбанкны Ерөнхийлөгч миний бие тийм мэдэгдэл хийгээгүй. Би ямар мэдэгдэл хийсэн гэхээр “Монголбанкны үндсэн чиг үүргийн нэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах явдал. Тийм учраас ханш ямар байх нь Монголбанкны хариуцах ёстой ажлын нэг” гэж мэдэгдсэн. Тэрнээс биш ханшаас өөрсдийгөө холдуулж, хариуцлагаас бултах гэсэн зүйл байхгүй. Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь ганц Монголбанкны үүрэг ч биш, Монгол хүн бүрийн үүрэг. Монгол төгрөг гэдэг чинь Монгол түмний үндэсний тусгаар тогтнолын нэг баталгаа.
Ханшийг тогтвортой байлгах хамгийн гол арга бол мөнгөний бодлогын хүү гэж харж байгаа юу?
            Бодлогын хүү ч байна, валютын интервенц ч байна. Долоо хоногт дунджаар 70 орчим сая долларын интервенц хийж байгаа. Монголчууд хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг импортоор хангадаг. Тэгэхээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг, бизнес хийдэг аж ахуйн нэгжүүд, ялангуяа стратегийн ач холбогдолтой импортын эрэлтийн эх үүсвэрийн дутагдлыг арилгаж өгөхөд Монголбанк их анхаарч байгаа. Тиймээс интервенц цаашдаа ч хийнэ.
Хятадаас авах гэж байсан тэрбум доллар тодорхой шалтгаанаар хаагдчих шиг боллоо. Эцсийн мөчид Дэлхийн банк, ОУ-ын валютын сан л аминд орох бололтой?
            Ер нь бид олон чиглэлээр ажиллаж байна. Тиймээс ганц Дэлхийн банк, Валютын сан дээр ч бүх бооцоогоо тавихгүй, тэдгээрийг ганц итгэл найдвараа болгохгүй. Бид Хятадтай ч хамтарч ажиллана, бусад улс орны хөрөнгө оруулагчидтай ч хамтран ажиллана. ОУ-н банк санхүүгийн зах зээл дээрээс ч мөнгө босгоно. ОУВС, Дэлхийн банк бүгдтэй нь хамтран ажиллах болно. Ингэж бид олон чиглэлээр ажиллахаас өөр аргагүй тийм нөхцөл байдал Монголд бий болоод байна.
Өнөөдрийн энэ их цус харвуулчих шахсан зээл, төлбөрийн асуудлууд бодит тоо мөн үү. Үүнээс ч аймаар тоон дүн, нөхцөл байдал үүссэн гэж яригдах юм байна шүү дээ?
            Бидэнд нууж хаасан юм байхгүй. Бүх мэдээллийг илэн далангүй гаргаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг ярьсан. Түүн дээр ч ийм ийм төлбөр тооцоо хүлээгдэж байна, эдгээр төлбөр тооцоог төлж барагдуулахын тулд ингэж ажиллана гэдгээ ярьсан. Тоонуудаа ил гаргаж тавиад, бидний өмнө ийм ийм сорилт тулгарч байна. Эдгээрийг яаж давж туулах вэ гээд ярилцаад явж байна.
Ер нь бол Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч хоёрын өнөө алдартай нөөцөө ил зарласан мэдэгдэл гадаад, дотоод нөхцөл байдалд сөргөөр нөлөөлсөн үү. Зээлжих зэрэглэл, валютын ханшийн өсөлтөд гэхчлэн?
Монгол улсын валютын цэвэр нөөц ил тод яригддаг л тоо. Монгол улс сар тутам ОУ-н валютын санд тоогоо гаргаж өгдөг. Монголбанкны вэб сайтад ил тавигдчихсан тооноос ч тооцоо хийгээд гаргачих боломжтой байдаг. Тэр л тоогоор нөхцөл байдал ийм болчихсон байна, амаргүй байна, шийдэл хэрэгтэй гэдгээ хэлсэн. Өвчнийг эмчлэхийн тулд зөв сайн онош тавих ёстой биз дээ. Худал онош тавьчихаад өвчнийг эмчилж чадахгүйтэй адил бодит үнэнийг мэдэхгүйгээр улс орны эдийн засгийг зөв удирдаж чадахгүй шүү дээ. Валютын ханшийн тухайд бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ энэ нь ард түмэн, бизнес эрхлэгчид ямар ч мэдээлэлгүй хэрнээ ажлаа хийгээд явж байсны илрэл шүү дээ. Тэр хүмүүс үнэн зөв мэдээлэлтэй, эргэцүүлэн боддог байх ёстой. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад би энэ ажлаа хийх нь зөв үү, буруу юу гэхчлэн. Ийм мэдэгдэл хийснээрээ маш олон хүнийг тодорхой хэмжээний эрсдэлтэй алхам хийхээс сэргийлж, бас нэг юм бодох, долоо хэмжиж нэг огтлох хэмжээнд хүргэсэн гэдэгт би итгэлтэй байгаа. Харин зээлжих зэрэглэл буурахад тэр мэдэгдэл нөлөөлдөггүй юм. Яагаад гэхээр зээлжих зэрэглэл тогтоодог компаниуд чинь биднийг алган дээрээ тавьсан юм шиг хараад сууж байдаг.
Хэлсэн, хэлээгүй бүгдийг мэдэж байсан гэж үү?
            Бүх мэдээллийг харж байгаа. Зээлжих зэрэглэл тогтоосон компаниудын үндэслэлийг харсан биз дээ. Монгол улсад өрийн дарамт дэндүү өндөр байна, төсөв нь алдагдалтай байна, эдийн засгийн өсөлт саарсан байна гэхчлэн тодорхой үндэслэлүүдийг хэлсэн.
Одоо бас Валютын сан, Дэлхийн банк баахан шаардлага тавьчихсан байгаа биз дээ?
            Валютын сан бол тийм болзол тавьж болох юм, гэхдээ зөвхөн хөтөлбөрт орсон тохиолдолд, одоо бол бид хөтөлбөрт орох нь бүү хэл хэлэлцээр эхлээгүй байна шүү дээ. Тэд сая ирж нөхцөл байдалтай танилцаад буцсан.
Монгол банкинд улс төрийн нөлөөлөл хэр байна. Сонгуулийн амлалтууд гээд та бултах аргагүй хүчин зүйлс мэдээж бий?
            Мэдээж би УИХ-аас томилогдсон төрийн албан тушаалтан. Тэр утгаараа УИХ-аас гарч байгаа шийдвэр, УИХ-ын гишүүдийн санал бодол, УИХ дээр яригдаж байгаа зүйлүүдийг анхааралтай сонсож ажиллаж байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Тэр бол дэлхийн аль ч улс оронд баримталдаг том зарчим бол Төв банкны бие даасан байдал юм. Үүнийг дэлхийн аль ч улс орны улс төрчид хүндэтгэж үздэг. Өнөөдөр Монгол Улс ийм хүнд байдалд орсон нь, тэр дундаа Монголбанк амаргүй байдалд орсны учир шалтгаан нь өнгөрсөн жилүүдэд Монголбанкны бие даасан, хараат бус байдал алдагдсантай холбоотой. Яагаад гэхээр улс төрийн нөлөө маш их орж ирсэн, Засгийн газрын хэрэгжүүлэх гэсэн маш олон төсөл хөтөлбөрийг Монголбанк бие дааж санхүүжүүлсэн. Өнгөрснийг яривал хэцүү л дээ. Яах аргагүй хойшоо харж ярих юм бол байх л юм, гэхдээ би урагшаа л харж ажиллаж байна.
Дефляци нэгэнт бий боллоо. Үүнээс гарах арга зам, валютын нөөцөө нэмэгдүүлэх арга зам, яаж хөрөнгө оруулалт татах гээд олон асуудал байна?
            Сая 11-р сарын статистикийн мэдээг харвал улсын хэмжээнд эргээд бага зэргийн инфляци бий болсон. Иймд сүүлийн 3 сарын дефляци түр зуурын шинжтэй байсан нь харагдаж байна. Дефляци яагаад бий болсон бэ гэхээр, Монгол хүний хэрэглэдэг хэрэглээний сагс гэж байна. Тэр хэрэглээний сагсанд голлох байр суурийг эзэлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш буурсан явдал дефляци руу татаад оруулчихсан. Махны үнэ буусан, хүнсний ногооны үнэ буусан, энэ бол хэрэглээний сагсанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин үнийн төвшин ийнхүү улирлын шинж чанартай өөрчлөлтөөс болоод дефляци үүсэхээр нам дор болсон нь эдийн засагт эрэлт бага байгааг илэрхийлж байна. Эдийн засгийг тэлэх бодлогыг эрчимтэй явуулах шаардлагатай гэсэн дохио.
Гадны томоохон банк орж ирэх тухайд таны байр суурь ямар байгаа вэ?
            Манай арилжааны банкуудын хувьцааг эзэмшиж байгаа байдлыг харахад дийлэнх хувьцаа эзэмшигч нь гадны компани байгаа. Тэр утгаараа Монголын эдийн засагт гадны банк үйл ажиллагаа явуулж байна гэж болно. Албан ёсны салбараа нээгээд ажиллаж байгаа банк одоохондоо алга. Ер нь бол гадны банкууд орж ирнэ л биз дээ. Яагаад гэвэл дэлхий даяарчлагдаж байна, дэлхийн санхүүгийн зах зээл нэг болж байна. Ийм нөхцөлд бид тусгаарлагдаад сууж болохгүй, ийм боломж бага, иймээс гадны банк орж ирэх байх. Гэхдээ миний байр суурь бол орж ирэх гэж байгаа банкууд одоогийн үйлчилж байгаа банкны тухай хуулиар биш, цоо шинэ эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах ёстой. Олон хувилбар яригдаж байна, тэдний нэг нь хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулаад, гаднаас орж ирэх гадны банкууд нь зөвхөн хөрөнгө оруулах чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулна гэдэг юм уу. Тэр нь юу гэхээр иргэдээс хадгаламж авахгүй, гэхдээ зээл өгнө, хөрөнгө оруулах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудад, тэр ч бүү хэл банкуудад өгнө. Ийм хууль эрх зүйгээр үйл ажиллагаа явуулах боломж бол байж болно. Гэхдээ эхлээд бид хууль эрх зүйн орчинг сайн бүрдүүлж өгөх ёстой. Үүний дараа гадны том банк оруулж ирэх асуудал яригдана.
Зарчмын хувьд гадны банк орж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна?
            Орж ирж болно. Үүнийг бид нэг их удаан торгоож чадахгүй л дээ.
Ипотекийн зээлийн талаар Танаас асуухгүй өнгөрч болохгүй л дээ. Хамгийн сайн төлөлттэй зээл биз?
            Хамгийн баталгаатай эргэн төлөлттэй зээл бол ипотекийн зээл байгаа. Ипотекийн хөтөлбөр үргэлжилнэ. Үүнийг дэмжиж ажиллана. Гэхдээ цаашид зарчмын хувьд нэг өөрчлөлт орсон. Тэр нь юу вэ гэхээр ипотекийн хөтөлбөрт нийтдээ 3.8 их наяд төгрөг, он дуустал дөрвөн их наяд төгрөгийн эх үүсвэрийг Монгол банкнаас гаргасан байгаа. Энэ дөрвөн их наяд төгрөгийн эргэн төлөлт, купоны төлбөр нийлээд Монголбанкинд ойролцоогоор сар болгон 25-30 орчим тэрбум төгрөг орж ирж байгаа. Бид тэр мөнгийг нь буцаагаад ипотекийн хөтөлбөрийн санхүүжүүлтэд зориулж байгаа юм. Өмнө нь шинэ эх үүсвэр гаргаж мөнгө нийлүүлдэг байсан бол одоо бид орж ирсэн мөнгийг нь буцаагаад өгч байна. Ер нь цаашдаа хэмжээ нэмэгдэх юм шиг байна. Өчигдөр надад мэдээлснээр 12-р сард 35 тэрбум гэж байна лээ. Тэгэхээр миний барьж байгаа байр суурь бол сард 30-35 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд явъя гэж. Энэ бол боломжийн хувилбар, судалгаа авч үзсэн. 2013, 2014 онд ипотекийн хөтөлбөр ид хэрэгжиж байсан жилүүдэд нэг сард 60 тэрбум төгрөг гарч байсан юм билээ. Яг тэр үед байрны хэрэгцээ шаардлага ихтэй, мөнгөний чадвар сайтай, хөрөнгө санхүүгийн хувьд боломжтой хүмүүс авдаг байраа авчихсан. Одоо бид сард 35 тэрбумын санхүүжилтээр явахад боломжийн хувилбар. Хоёр дахь асуудал нь ипотекийн хөтөлбөрт Монголбанкнаас өгсөн зээлийн эргэн төлөгдөх хугацаа болоод Монголбанкинд буцаан татагдах 917 тэрбум төгрөг байгаа. Би энэ мөнгийг нэг жилээр буцаан сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгийг ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэр болгон үлдээж байна гэсэн үг. Хугацаа нь дууслаа, татлаа гэж болно л доо. Гэхдээ бид тэгэхгүй сунгаж байгаа юм. Гэх мэтчилэн бид ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлээд явна.
Сарын өмнө ам.доллар айхавтар савлалаа. Хэдхэн цагийн дотор 2720 хүрлээ. Энэ яг юунаас шалтгаалсан бэ?
            Энэ бол маш богинохон хугацаанд гуравхан цагийн дотор болсон явдал. Яаралтай судалгаа хийсэн. Нөхцөл байдал юунаас болсон байна вэ гэхээр манай зарим аж ахуйн нэгж валютын том эх үүсвэртэй болсон байна. Тэр валютаа авч ирээд тав таван саяар багцлаад дуудлага худалдаанд оруулчихсан байгаа юм. Тэгтэл 2450 төгрөгтэй тэнцэх нэг америк долларын ханш тэр дуудлага худалдааны үр дүнд 2650 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн. Дуудлага худалдаанд арилжааны банкууд бас орж байгаа. Банкууд дуудлага худалдаанаас валют худалдан авангуутаа валют зарахаа зогсоосон. Тэгэнгүүт Найман шарга дээр байгаа валютын арилжаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагууд нэг ам.долларын ханшийг 2720 гэж биччихээд энэ ханшаар авбал ав, боливол боль гээд суучихсан. Ийм л юм болсон. Үүнээс маш нухацтай дүгнэлт хийж байгаа нь юу гэхээр нэгдүгээрт манай энэ валютын зах зээл маш эмзэг байна. Тиймээс цаашдаа мөнгөний бодлогын баримт бичигтээ суулгасан. Валютын дотоод зах зээлийг хөгжүүлж, ил тод үр ашигтай байдлыг хангаж ажиллана гээд зорилт оруулчихсан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дараагийн нэг зүйл нь валютын дуудлага худалдааг хийнэ гэдэг бол манай улсын тухайд валютын ханшийг тогтворжуулах биш, буулгах бус, дээшээ нисгэх, өсгөх хөшүүрэг болчихсон байгааг эндээс харж авсан.
Тэгэхээр валютын дуудлага худалдааг цэгцэлнэ гэсэн үг үү?
            Үүнийг бид зохицуулахын төлөө ажиллаж байна. Валютын дуудлага худалдааг хэн дуртай нь явуулаад байж болохгүй. Үүнийг Монголбанк хариуцаж, зохицуулан явуулах ёстой юм байна.
Валютын асар их нөөцтэй аж ахуйн нэгж, хувь хүн байгаа юм байна. Тэд улс орны эдийн засагт ч нөлөөлөх юм байна. Үүнийг Монголбанк хянах ёстой биз дээ.
            Дансан дээр байгаа валютыг бол бид хараад хянаад сууж байдаг. Гудсан дор байгааг нь бид хянах бололцоо одоохондоо алга.
Бусад улс орон энэ тал дээр ямар зохицуулалт хийдэг юм бэ?
            Бусад улс орон валютын бирж байгуулдаг. Энэ биржээрээ дамжуулж арилжаа явуулдаг. Бид энэ туршлагыг судлаад, валютын бирж байгуулах тал дээр ажиллаж байна. Валютын арилжаанд оролцогчдын тоог олшруулах явдал хамгийн чухал. Одоо бол хэдхэн тоглогч шийдчихээд байгаа юм. Хэдхэн хүн утсаар яриад л шийдчихээд байна. Уг нь бол нийт валютын арилжааны 95 хувь нь Монголбанкаар дамжиж хийгддэг. Тавхан хувь нь Монголбанкнаас гадуур хувь хүмүүсийн хоорондын арилжаа, бусад захаар дамжиж хийгддэг. Тэр тавхан хувийн арилжаа нь валютын ханшийг тодорхойлчих гээд байна. Энэ бол буруу тогтолцооны гай. Энэ тогтолцоог зөв болгохын төлөө бид 2017 онд эрчтэй ажиллана. Тавхан хувь нь нийт 100 хувиа тодорхойлчих гээд байна шүү дээ.
Дахиад ийм дуудлага худалдаа, ханшийн хэлбэлзлийн эрсдэл гарахгүй гэх баталгаа байхгүй юм байна?
            Тиймээс л энэ чиглэлээр бид маш эрчимтэй ажиллаж байна. Нөгөө талаар манай валютын нөөц хангалттай биш. Ийм нөхцөлд сонор соргог байхгүй бол болохгүй болжээ. Үүнээс том сургамж авлаа.
Одоо валютын нөөцийг яаралтай нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц болох нь?
            Тийм. Нөөц нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүнд түүхэн дээд төвшиндээ хүрээд байгаа алт тушаалт чухал үүрэгтэй. Энэ онд 18 орчим тонн байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Цаашид нөөц нэмэгдүүлэх эх үүсвэр бол Монгол улс экспортын орлогоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн нэг сайн мэдээ нь манай нүүрсний үнэ нэмэгдээд эхэлчихсэн байгаа. Дээр нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсч байна. Энэ бол Монголын эдийн засагт тодорхой хэмжээний валютын нөөц нэмэгдүүлэх гол эх үүсвэр болно. Сүүлийн үед энэ нь мэдрэгдээд эхэлсэн.
Яаж мэдрэгдэж байна?

            Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манайд валют зарж эхэллээ. Урьд нь бол авмаар байна, авъя, авъя гэдэг байсан бол бас өгмөөр байна гэсэн хүмүүс нэмэгдэж эхэллээ. Басчиг бүх зүйл дээр бөгсөөрөө суучихаагүй, газар алгадчихаагүй байна. Бид өдөр шөнөгүй ажиллаж байгаагийн хэрэг гарч л байна.

2016/12/12

Төрийн мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүхэлдээ чиглэнэ

Сэтгүүлч Б.Баярын ярилцлага
“Зууны мэдээ” 2016 оны 12-р сарын 12, №248

ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГО ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХАД БҮХЭЛДЭЭ ЧИГЛЭНЭ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийг өнгөрсөн сард УИХ-аас баталсан. Ирэх оны төрийн мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд хохирол багатай даван туулах, эдийн засгийн өсөлтийг цаашид урт хугацаанд хангахад зорьж байгаа юм. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.
УИХ-аас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр баталж, Монголбанк хэрэгжүүлдэг. Уг баримт бичиг төдийлөн өөрчлөгддөггүй мэт санагддаг. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын онцлог, зорилгыг Монголбанкны Ерөнхийлөгчийн хувиар Та юу гэж тодорхойлох вэ?
            “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл” гэдэг энэ баримт бичиг бол Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын стратеги, гол гол зарчмыг тодорхойлдог. Эдгээр стратеги, зарчим нь жилээс жилд өөрчлөгдөөд байдаггүй тул давтагддаг мэт харагдах талтай. Гэтэл уг баримт бичгийг боловсруулахдаа Монголбанк эдийн засагт ойрын болон дунд хугацаанд үүсч болзошгүй хүндрэл, эрсдэлүүдийг урьдчилан харах, тэдгээрийг шийдвэрлэхэд мөнгөний бодлогын зорилтыг уялдуулах, зарчмуудыг чиглүүлэхийг эрмэлздэг. Иймээс ерөнхий агуулга нь бодлогын сорилтоос хамааран жил бүр өөрчлөгддөг.
Өнөөдөр монголчууд бидний өмнө хүндхэн сорилт тулгарч байна. Эдийн засгийн хүндрэлийг аль болох хохирол багатайгаар, богино хугацаанд даван туулахад бодлого чиглэх ёстой гэдэгтэй хүн бүхэн санал нэгдэх байх. Тиймээс ч мөнгөний бодлогод авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, улмаар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулж, үүнийхээ үндсэн дээр дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө зорино. Энэ үзэл баримтлалаар үндсэн чиглэлийг боловсруулсан. Иймээс ирэх онд авч хэрэгжүүлэх шаардлагатай мөнгөний бодлогын зарчим, авах арга хэмжээнүүд эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүхэлдээ чиглэх болно гэсэн үг.
Тэгвэл ханшийн бодлогод шинээр юуг анхаарахаар байна вэ?
            Гадаад эдийн засгийн аливаа болзошгүй огцом өөрчлөлтийн нөлөөллийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханшийн бодлогоор шаардлагатай тохиргоо, зохицуулалтыг хийнэ. Үүнтэй холбоотойгоор валютын зах зээлийн дэд бүтцийг ил тод, үр ашигтай болгох чиглэлээр тодорхой ажлуудыг Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллагатай хамтарч хийхээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд оруулсан л даа. Мөн төсвийн шинжтэй мөнгөний бодлогын үйл ажиллагааг хумьж, зах зээлийн зарчимд нийцтэй арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх юм. Үүгээр зогсохгүй Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна. Ажлын хэсгүүд ажиллаж байгаа.
Эдийн засгийн цусны эргэлтийг хангаж, өсөлтийг дэмжихэд гол нөлөө үзүүлдэг банк, санхүүгийн системийн талаар ямар бодлого баримтлах вэ? Ирэх онд банк, санхүүгийн системийн талаар Үндсэн чиглэлд тодорхой ямар зүйл заалт тусгасан бэ?
            Энэ чиглэлээр өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон заалт ирэх онд хэрэгжүүлэхээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан. Эдийн засгийн өсөлт саарч, идэвхжил буурахаар эрсдэл нэмэгддэг. Тухайлбал, зээлийн чанар муудах тохиолдол гардаг. Зээлийн эргэн төлөлт доголдож эхлэхээр банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс хамгийн түрүүнд банк, санхүүгийн системийн тогтвортой байдал, эрсдэлийн үнэлгээг олон улсын байгууллагуудтай хамтран хийж, үүний үндсэн дээр авах шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлохоор үндсэн чиглэлд тусгасан. Энэ мэтчилэн арга хэмжээ нь банкны хяналт шалгалтыг сайжруулах, чанаргүй зээлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад чиглэсэн бусад ажилтай уялдаатай хийгдэх ёстой юм. Тухайлбал, банкны хяналт, шалгалтыг чанаржуулах, эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалт руу шилжихтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор төлөвлөсөн.
Одоогийн хяналт, шалгалтын зарчим нь баримтаар нотлогдсон зөрчил дээр арга хэмжээ авдаг. Гэтэл энэ чинь нэгэнт эрсдэл үүссэний дараа асуудлыг араас нь хөөж шийдэж байгаа хэрэг. Эндээс үзэхэд нэгэнт үүссэн эрсдэлийг бууруулах боломж ихээхэн хязгаарлагдмал байгаа биз. Тэгэхээр эрсдэлийг үүсэхээс нь өмнө, эсвэл үүсч байхад нь олж хараад, бууруулах арга хэмжээ авбал хожим нь гарах хор хөнөөл бага. Тийм учраас банкны хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан чиглэл рүү хөгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаад байна.
Тухайлбал ямар боломжит нөхцөлийг дэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ? Цаг хугацааны хувьд аль болох л хурдан эхлүүлэх хэрэгтэй байгаа шүү дээ.
            Манай эдийн засаг хямралд өртөмтгий, тухайлбал дунджаар 3-5 жил тутамд эдийн засгийн өсөлт саарч, хүндрэл эсвэл хямралтай нүүр тулдаг. Энэ байдал чинь банкны салбарын зээлийн чанарыг муутгах гол шалтгаан. Иймээс нэгэнт хуримтлагдсан чанаргүй зээлийг бууруулах, шийдэхэд актив удирдлагын буюу зээлийн эрсдэлийг бууруулах компани байгуулах хэрэгцээ их байгаа. Гэтэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад өөрийн гэсэн хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй, одоогийн хүчин төгөлдөр хууль зүйн зохицуулалт сул байгаагаас төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Иймээс актив удирдлагын болон факторингийн үйл ажиллагаа, харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн түрүүнд хийх шаардлагатай алхам гэж Монголбанк үзэж байна. Нэгэнт хууль, эрх зүйн орчин нь бүрдчихвэл санхүү, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан, активын удирдлагын мэргэшсэн институцийг хэрхэн байгуулах талаар оновчтой шийдлийг тодорхойлох боломжтой болох юм. Олон улсын туршлагаас харвал гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах, төрийн оролцоотой компани байгуулах зэрэг олон хэлбэр бий.
Сүүлийн гурван сард өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн ерөнхий төвшин буурч, манай эдийн засагт анх удаа дефляци ажиглагдаад байхад мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн зорилтыг ирэх онд найман хувь гэж өмнөх зорилтын төвшинг нэмэгдүүлсэн нь ямар шалтгаантай вэ?
            Мөнгөний бодлогын үндсэн зорилтыг тодорхойлох зарчим нь ирэх 2-3 жилд эдийн засгийн төлөв ямар байхаас хамаардаг. Өөрөөр хэлбэл, манай эдийн засаг өрнөлийн үед байвал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг хуримтлуулдаг. Харин уналтын үед мөнгөний бодлогыг чангаруулах нь эдийн засгийн өсөлтийг хазаарлах­ нөлөөтэй. 2009 оноос хойш манай эдийн засаг өсөлтийн үедээ буюу эдийн засаг хэт халах, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор инфляцийн зорилтыг алгуур­ бууруулах зарчим баримталж байсан. Харин ирэх жилүүдэд бид эдийн засгийн өсөлтийг дэмжихэд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх буюу мөчлөг сөрсөн бодлого­ хэрэгжүүлэх бодлогын орон зайг бий болгохын тулд инфляцийн зорилтыг найман хувиас дээшгүй байлгана гэж нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ сонголт манай экспортын гол гол бүтээгдэхүүний үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт зэрэг гадаад хүчин зүйлс, Засгийн газрын эдийн засгийн бодлого, төсвийн бодлого, өрийн эргэн төлөлт, банк, санхүүгийн системийн эрүүл мэнд, хөрөнгө, санхүүгийн захын нөхцөл зэрэг дотоод хүчин зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарах болно.
Та сая эдийн засаг уналтын үед байвал мөнгөний бодлогыг хатууруулах нь өсөлтийг боомилдог гэж хэллээ. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч болсныхоо дараахан таны гаргасан анхны шийдвэр мөнгөний бодлогыг огцом чангаруулах байсан. Үүний шалтгааныг асуухгүй өнгөрч болохгүй байх?
            Би бодлогыг зөөлрүүлэх сонголт гадаад, дотоод олон хүчин зүйлсээс хамаарахыг онцолсон. Өөрөөр хэлбэл, бид мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа аль болох боломжит бүхий л мэдээллийг ашиглан, эдийн засгийн ирээдүйн төлөв, эдийн засагт хуримтлагдаж болох эрсдэлүүдийг тооцоолдог. Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь богино болон дунд хугацаанд макро эдийн засгийн болон зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлэхээр байгаа эсэхийг тооцож үзсэнийхээ дараа шийдвэр гаргадаг. Бодлогынхоо хүүг яагаад нэмэгдүүлснийг бид хангалттай тайлбарласан даа. Монголбанкны Захирлуудын зөвлөл бүтэн хоёр өдөр хуралдаж байж гаргасан шийдвэр. Маш хүнд хэцүү ч зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан. Ямар ч эдийн засгийн суурь нь үндэсний мөнгөн тэмдэгт, түүний төлбөрийн чадварын үүргээ гүйцэтгэх, түүнд иргэд, бизнес эрхлэгчид нь итгэх итгэл бат бөх байх явдал юм. Суурь нь ганхаад эхэлбэл дээр нь юм барьж босгож болох бил үү? Ханшийн огцом хэлбэлзэл нь эдийн засгийн, цаашлаад нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй ноцтой асуудал. Тиймээс Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд богино хугацаанд үүсч болзошгүй эрсдэлүүдийг бууруулах, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах нь зайлшгүй нөхцөл гэж үзсэн. Бид цаашид ч дутуу мэдээлэлд үндэслэсэн шүүмжлэлээс айлгүй, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зөв шийдвэр гаргахын төлөө ажиллах болно.