2016/12/16

2018 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ГЭХЭД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАМД БАТТАЙ ГАРСАН БАЙХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙНА

Сэтгүүлч Д.Сайнбаярын ярилцлага
“Open door” 2016 оны 12-р сарын 16, №48

2018 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАС ГЭХЭД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗАМД БАТТАЙ ГАРСАН БАЙХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙНА
Эдийн засгийн хүндрэл хүн бүрийн нуруун дээр ирсэн энэ үед ард түмэн төрийн мэргэн бодлого шийдвэрийг хүлээж байна. Ханшийн дарамтаас холуур төгрөгийн үнэ цэнэд итгэх боломж бололцоо гээд олон асуудал бидний өмнө тулгарч байна. Эцсийн эцэст төгрөг үнэ цэнэтэй байх нь улсын эрх ашиг. Энэ үед Төв банкны байр суурь ямар байхыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзаж тодруулснаа уншигч танд толилуулъя.
Монгол Улс эдийн засгийн хувьд их хүнд байдалд орчихоод байна. Ийм цаг үед төрийн мөнгөний бодлого чухам ямар зорилт дэвшүүлээд байгаа талаар ярилцлагаа эхэлье.
            Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг өнгөрсөн сард УИХ-аар батлууллаа. Үнэхээр таны хэлж байгаачлан хүнд цаг үед хэрэгжүүлэх хариуцлагатай бодлогын баримт бичиг юм. Мѳнгѳний бодлогын үндсэн зорилго бол эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, аль болох богино хугацаанд тогтворжуулах, цаашлаад урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Таны ярианаас анзаарахад бид эдийн засгийн хүндрэл үүссэн шалтгааны талаар хөндөх хэрэгтэй юм байна. Одоо бол янз бүрийн байдлаар л тайлбарлаж байна?
            Ярих ёстой сэдэв мөн. Бид эхлээд шалтгаанаа зөв олж байж хүндрэлээс гарах арга замаа оновчтой тодорхойлно. Хоёр гол шалтгааныг нэрлэж болно. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой гадаад шалтгаан. 2012 оны сүүл үеэс эхлэн экспортын бүтээгдэхүүний үнэ буурч, Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан. Үүнийг дагаад эдийн засгийн идэвхжил саарч эхэлсэн. Хоёрдугаарт, дотоод шалтгаан ч мѳн нөлөөлсөн нь харагдаж байгаа. 2013-2014 онд төсөв, мөнгөний тэлэх бодлого нэлээд эрчтэй хэрэгжсэн. Эдийн засаг өндөр өсөлттэй үед хуримтлал бүрдүүлж чадаагүй учраас дотоод нөөц бололцоогоороо эдийн засгийн хүндрэлийн эсрэг төсөв, мөнгөний тэлсэн бодлого хэрэгжүүлэх боломж байгаагүй. Иймд олон улсын зах зээлээс татсан зээл, бондуудын хөрөнгөөр төсвийн гадуурх санхүүжилтүүд хийгдсэн. Дээр нь төсөвт тусгагдаагүй олон зардал ч нэмэгдсэн. Түүнчлэн Төв банкны зүгээс ч төсвийн шинж чанартай санхүүжилтүүдийг ихээр хийсэн байдаг. Ийнхүү эдийн засагт нэлээд их хэмжээний төгрөг нийлүүлсэн. Төгрөгийн энэ их нийлүүлэлт ханш сулрах дарамт үүсгэхэд валютын интервенц хийх замаар эргүүлж татаж авч байсан нь валютын нөөц дундрах шалтгаан болсон байдаг. Гадаад валютын албан нѳѳц маань 4 тэрбум ам.доллар байснаа нэг тэрбум хүртлээ буурсан шүү дээ. Ийм байдлаар удаан үргэлжлэх боломжгүй нь тодорхой болсон. Ѳѳрѳѳр хэлбэл, гаднаас авсан зээл бондуудын эх үүсвэр ч шавхагдсан, валютын нѳѳц буурч ханшийн дарамт ихэссэнтэй холбоотойгоор урьдын адилаар тѳгрѳг хэвлээд эдийн засагт нийлүүлэх аргагүй болсон. Улмаар сүүлийн 2 жилд өрийн дарамт нэмэгдэх, улсын зээлжих зэрэглэл буурах, төгрөгийн ханш сулрах, чанаргүй зээл нэмэгдэх зэргээр Монголын эдийн засаг улам хүндэрсэн гэж дүгнэж болно.
Эдийн засаг хүндэрсэн шалтгааныг нэгэнт дээрх асуудлуудын хүрээнд тодорхойлж байгаа бол энэхүү хүндрэлийг хэрхэн даван туулах боломжтой вэ?
            Бодлогын өөрчлөлт хийж тууштай ажиллахгүйгээр хүндрэлийг даван туулахгүй. Юуны түрүүнд эдийн засгийг тогтворжуулан, тэнцвэржүүлэхгүйгээр гарах гарцгүй. Эдийн засагт нүүрлэсэн бэрхшээлүүд нь удаан хугацаанд хуримтлагдаж бий болсон асуудлууд гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Иймд өргөс авсан мэт бүх зүйл богино хугацаанд тэр дороо сайжирч хөнгөрөхгүй. Хэд хоногийн өмнө УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлан гаргалаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны Улсын төсөв, Мөнгөний бодлогын баримт бичгүүд ч хүчин төгөлдөр боллоо. Үйл ажиллагааны ерөнхий чиглэл гарч, хийх ажил тодорхой болсон. Одоо хийж, хэрэгжүүлэх цаг ирээд байна.
Нөхцөл байдлаа харахаар бид дангаараа эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй байдалд орчихоод байх шиг байна. Тиймээс олон улсын байгууллагуудыг түшихээс өөр гарцгүй гэдэг үзэл санаа түгээмэл боллоо. Гэхдээ бид дотооддоо арга замаа яаж тодорхойлох вэ?
            Тийм ээ. Хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд монголчууд бид олон улсын байгууллагууд, бусад улс гүрний дэмжлэг туслалцаа авч хамтран ажиллана. Гэхдээ мэдээж айлаас эрэхээр авдраа уудал гэж ярьдаг. Бид дотоод нөөц боломжоо ч дайчилна. Олон жил яригдаж буй мега төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эхлүүлэхийг зорих нь чухал. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, нэр хүндээ сэргээх зайлшгүй шаардлага тулгараад байна. Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжихэд гойд анхаарч, бодит зах зээлдээ нийцсэн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулмаар байна. Одоогийн хүндрэл, бэрхшээлийг монголчууд бид богино хугацаанд даван туулж чадна. Монголчууд угаасаа нэг зорилгын төлөө нэгдсэн байхад туулах чадвар өндөртэй ард түмэн шүү дээ.
Бараа бүтээгдэхүүнээ гаднаас голдуу хангадаг манай улсад гадаад валютын ханш маш эмзэг сэдэв хэвээр байсаар байна. Өнгөрсөн сард болсон огцом савалгаа Төв банкны Ерөнхийлөгчийг байх уу үгүй гэдэг асуудлыг хөндөхөд хүртэл хүргэлээ. Хэвлэлээр шахаж шаардаад байгаа шиг Төв банк ханшийг тогтвортой барих боломжийн талаар та юу гэж хэлмээр байна?
            Бидний өдөр тутамд мөрдөж ажилладаг Монголбанкны тухай хуулинд Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх зарчим баримтална гэж заасан байдаг. Бидэнд төгрөгийн тогтвортой байдал болон эдийн засгийн тэнцвэртэй хөгжил маш чухал. Валютын асар их нөөцтэй улс оронд бол үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол төвшинд барьж чаддаг. Гэхдээ одоогоор их ховор тохиолдол юм. Олонх улс оронд ханштай холбоотой асуудал үүсч л байдаг. Манай улсын хувьд мэдээж валютын нөөц хязгаарлагдмал, дээр нь зах зээлийн зарчимд тулгуурласан чөлөөт эдийн засагтай, хөрөнгийн урсгал хөдөлгөөн нь чөлөөтэй байдаг улс юм. Ийм нөхцөлд валютын ханшийг тогтмол барих гэж оролдох нь зөв бодлого биш. Ингэвэл байгаа гадаад валютын нөөцөө богино хугацаанд шавхаж дуусгахад хүргэнэ. Энэ нь эцэстээ огцом савалгааг үүсгэж, эдийн засгийг хүчтэй уналтад оруулах уршигтай. Тиймээс Монголбанк ханшийг тогтмол барих гэж оролдох нь оновчгүй сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин богино хугацаанд үүссэн огцом савалгааг зогсоохын тулд шийдвэртэй арга хэмжээнүүдийг авсаар байх болно. Дээр нь 2017 онд Монголбанк валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод байдлыг хангасан шинэ тогтолцоо бий болгохын төлөө ажиллахаар зорьж байна. Энэ нь валютын ханш огцом савлах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Үүний тулд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүд тасалдахгүй байх шаардлагатай байх?
            Мэдээж, хангалттай хэмжээний валютын нөөцтэй байх учиртай. Ер нь валютын дотогшлох урсгалыг сайжруулах, эдийн засагт орох валютын хэмжээг нэмэгдүүлэхийг бүх л улс орон эрмэлздэг. Энд ширүүн өрсөлдөөн болдог. Дэлхий бол тэр аяараа өрсөлдөөний том талбар. Манай орны хувьд экспорт бол валютын хамгийн том эх үсвэр. Үндэсний үйлдвэрлэлээ хѳгжүүлж, аялал жуулчлалаа сайжруулбал боломж бий. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад мөнгөө барьж ирээд бизнес хийх таатай орчныг бүрдүүлж ѳгѳх нь валют олох бас нэг чухал суваг юм. Мөн хямд зээл авах, санхүүгийн зах зээлээс мөнгө татах арга байж болно.
Ханшийн огцом савалгааг сулруулахын тулд Монголбанк бодлогынхоо хүүг түүхэнд байгаагүй өндөр нэгжээр нэмж, түүхэнд байгаагүй өндөр хувьд хүргэсэн. Энэ шийдвэр нэлээд шүүмжлэл дагуулсаар байна?
            Шүүмжлэлийг ойлгож хүндэтгэж байгаа. Нээлттэй нийгэмд шүүмжлэл сонсдоггүй хэн байх билээ. Энэ шийдвэр бол валютын нөөцөө хамгаалах арга гэдгийг онцлох нь зүйтэй. Бид байгаа нөөцөө хямгадах, хамгаалах хэрэгтэй болсон. Монгол Улс 2017 онд нэлээд хэмжээний гадаад өр төлбөр барагдуулна. Нөөцтэй байх хэрэгтэй биз дээ? Нөгөө талаар Mонгол төгрөгийн үнэгүйдлийг зогсоох, төгрөгийг үнэ цэнэтэй мөнгө байлгах алхам байсан. Төгрөг бол үнэ цэнэтэй мөнгөн тэмдэгт байх ёстой. Бодлогын хүүг өсгөсѳн нь нэг талдаа тѳгрѳгийн ѳгѳѳжийг нэмэгдүүлж, харин нөгөө талдаа валютын хадгаламжийг хязгаарлах зах зээлийн зарчимд суурилсан арга байсан.
Ханш тогтворжуулах зорилгоор Монголбанк хэд хэдэн удаа интервенц хийлээ?
            Монголбанк валютын нийлүүлэлт хийж байгаа, худалдан авалт ч бас хийж байна. Долоо хоногт 2 удаа валютын дуудлага худалдааг Төв банк явуулдаг. Эрэлт хэрэгцээнээс хамаарч долоо хоногт 30-70 сая ам. доллар гаргадаг. Түлш шатахууны болон Монгол улсад зайлшгүй шаардлагатай бусад чухал бараа бүтээгдэхүүний импортын хэрэгцээг хангахад юуны түрүүнд анхаарч ажиллалаа. Харин сүүлийн үед гарч байгаа нэг сайхан хандлага бол банк, аж ахуйн нэгжүүд валютаа бидэнд худалдаж эхэлсэн явдал. Хувийн хэвшлийнхэн маань амаргүй хүнд нөхцөл байдлыг ойлгож, хамтдаа даван туулах алхмаа ийн эхлүүлж байгаад талархаж байна. Энэ бол яах аргагүй эх оронч сэтгэлийн илэрхийлэл гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байна. Нөгөө талаар манай экспортод жин дардаг зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэлсэнтэй холбоотой боломжууд нээгдэж байна.
Энд бас сонирхохгүй өнгөрч болохгүй нэг асуудал байна. Монгол Улсаас ойрын хугацаанд хамгийн их найдлага тавиад байгаа ОУВС-тай хамтарч ажиллах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
            Сангийн сайд Б.Чойжилсүрэн бид хоёр ажлаа аваад удаагүй байх үедээ ОУВС-ийн удирдлагад захидал бичиж, хамтран ажиллахыг хүссэн юм. Үүний дагуу аравдугаар сарын сүүлээр Валютын сангийн ажлын хэсэг Монголд ажиллаад буцлаа. Эхний ээлжийн ажлын хэсгийн зорилго бол манай улсын суурь нөхцөл байдлыг судалж дүн шинжилгээ хийх юм. Тэд үр дүнгээ төв дээрээ танилцуулснаар хэлэлцээр хийх дараагийн шат руу шилжинэ. Тиймээс бид дараагийн ажлын хэсэг ирэхийг хүлээж байна.
Вашингтон хотод болсон ОУВС, Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Монголын төлөөлөгчид оролцох далимдаа тус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, санал бодол солилцсон. Хэд хоногийн өмнө Мьянмар улсад болсон Азийн Төв банкны Ерөнхийлөгч нарын уулзалтад ОУВС-ийн Ерөнхий захирлын орлогч ноён Фурасава ирсэн байх үеэр ч мөн уулзаж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярилцсан. 
Дашрамд хэлэхэд, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орох үед туулсан 1990–ээд оны хямралд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк болон олон улсын бусад байгууллага, дэлхийн олон улс орон гар сунган, хямралыг даван туулахад тусалсанд бид үргэлж талархалтай хандаж ирсэн. 2009 оны хямралыг даван туулахад ч олон улсын байгууллагууд чухал хувь нэмэр оруулсан. Энэ цаг үед ч бас хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө дахин тодруулж асуухад хэзээ бид хямралаас гарах вэ?
            Хорвоо дээр нартай тунгалаг сайхан өдөр байхад хур бороотой бүрхэг, бүр салхи шуургатай өдөр ч таарна. Үүнтэй адил улс орны амьдралд өсөлт уруудалт, ололт амжилт, бэрхшээл саад ээлжлэн үргэлжилдгийг дэлхийн улс орнуудын түүх гэрчилнэ. Бидний өөдөөс амаргүй сорилт, шалгуурууд ирж байна. Давж гарна. Түрүүнд би хэлсэн, бид туулах чадвар сайтай тэвчээртэй нүүдэлчин ард түмний үр сад. 2018 оны хоёрдугаар хагас гэхэд тогтвортой хөгжлийн замд баттай гарсан байхын төлөө зүтгэж байна.

Эдийн засгийн хүндрэлийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр давах боломжгүй. Төсвийн болон мөнгөний бодлогын уялдаа, зөв хослол, тууштай байдал нь тогтвортой өсөлтийг хангахад чухал. Тѳр засгаас гадна, эдийн засгийн хѳдѳлгѳгч гол хүч нь болсон хувийн хэвшлийн оролцоог мартаж болохгүй. Иймээс Төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэмэх нь нийт иргэд олон түмний оролцоо дэмжлэг, дээр нь олон улсын байгууллага, улс орнуудын дэмжлэг туслалцаа гэсэн загвараар урагшлан хөгжинө.

No comments:

Post a Comment