2016/12/05

АМАРГҮЙ СОРИЛТ ШАЛГАЛТЫГ БИД ДАВЖ ГАРНА

Сэтгүүлч Б.Баярын ярилцлага
“Зууны мэдээ” 2016 оны 12-р сарын 5, №248

АМАРГҮЙ СОРИЛТ ШАЛГАЛТЫГ БИД ДАВЖ ГАРНА
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэж баталлаа. Мөнгөний бодлогын гол онцлог нь юу вэ?
            2017 онд мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, эдийн засгийг тогтворжуулан, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэнэ. Энэ чухал баримт бичгийг боловсруулахад оролцсон бүх хүнд болон мэргэжилтнүүд, түүнчлэн ажил хэрэгчээр хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүдэд баярлалаа.
Эдийн засагт үүсэж бий болсон хүндрэлийн шалтгаан юу байв?
            Монголын эдийн засагт 2012 оноос эхлэн экспортын бүтээгдэхүүний үнэ буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай холбоотой гадаад шалтгаан. Үүнийг дагаад эдийн засгийн идэвхжил саарч эхэлсэн. Энэ үед буюу 2013-2014 онд мөнгө-санхүүжилт тэлэх бодлого нэлээд эрчтэй явуулсан нь харагддаг. Хөгжлийн банк болон Чингис бонд гаргаж гадаад санхүүжилт зах дээрээс хөрөнгө татаж эхэлсэн, төсвийн зардал хурдтай нэмэгдсэн. Дээр нь төсөвт тусгагдаагүй олон зардлыг санхүүжүүлэх болсон байна. Эдийн засагт нэлээд их хэмжээний мөнгө нийлүүлэгдсэн бөгөөд буцааж валютын интервенц хийх замаар татаж аваад байсан тул гадаад валютын нөөц дундарч багассан байдаг. Өрийн дарамт хэд дахин нэмэгдсэн. 2015-2016 онд эдийн засгийн хүндрэл улам нэмэгдсэн. Тухайлбал, чанаргүй зээл өссөн, Монгол улсын зээлжих зэрэглэл буурсан, төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдэх боллоо.
Ийм нөхцөл байдалд хүндрэлээс гарах гарц юу вэ?
            Бодлогын өөрчлөлт хийж тууштай ажиллахгүйгээр хүндрэлийг даван туулахгүй. Юуны урд эдийн засгийг тогтворжуулан, тэнцвэржүүлж авах явдал гол зорилт болоод байна. Өргөс авсан мэт бүх зүйл богино хугацаанд сайхан болоод хөнгөрөхгүй. Хэд хоногийн өмнө УИХ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны Улсын төсөв, Мөнгөний бодлогын баримт бичгүүд хүчин төгөлдөр боллоо. Үйл ажиллагааны ерөнхий чиг зүг, хийх ажил тодорхой болсон. Одоо хийх, хэрэгжүүлэх цаг эхэлж байна.
Хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд Монголчууд бид олон улсын байгууллагууд, улс гүрнүүдийн дэмжлэг туслалцаа авч хамтран ажиллана. Гэхдээ мэдээж, айлаас эрэхээр авдраа уудал гэдгээр дотоод нөөц боломжоо дайчлан ашиглана.
Урт хугацаатай, хямд эх үүсвэртэй зээлийг олон улсын санхүүгийн зах зээлээс олж авахыг эрмэлзэнэ. Том, Мега төсөл хөтөлбөрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, хөдөлгөхийн төлөө байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт эх орондоо татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн олж авахаар ажиллана.
Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр эрс өөрчлөлт гаргах хэрэгтэй болно. Одоогийн хүндрэл, бэрхшээлийг Монголчууд бид богино хугацаанд даван туулж чадна. Монголчууд бид бол туулах чадвар өндөртэй, хатуужил тэсвэртэй ард түмэн.
Одоо ханшийн талаар ярилцъя. Валютын ханшийг тогтвортой барьж болохгүй юү?
            Бидний өдөр тутам мөрдөж ажилладаг Монголбанкны тухай хуульд Монголбанк нь гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогын хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх зарчим баримтална гэж заасан байдаг.
Төгрөгийн тогтвортой байдал болон эдийн засгийн тэнцвэртэй хөгжил бидэнд чухал. Валютын асар их нөөцтэй улс оронд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтмол төвшинд барьж чадна. Гэхдээ энэ бол их ховор тохиолдол. Аль ч улс оронд ханшийн бэрхшээл байж байна. Монгол бол валютын нөөц хангалттай бус, бас либерал чөлөөт эдийн засагтай, хөрөнгийн урсгал хөдөлгөөн чөлөөтэй байдаг улс юм. Ийм нөхцөлд валютын ханшийг тогтмол барих гэж оролдох нь зөв бодлого биш. Ингэвэл байгаа гадаад валютын хомсхон нөөцөө богино хугацаанд тавиад туучихаж мэднэ. Энэ нь эцэстээ огцом савлагааг үүсгэж, эдийн засгийг уналтад оруулна. 2017 онд Монголбанк валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод байдлыг хангасан шинэ тогтолцоо бий болгохын төлөө ажиллана.
Тэгвэл төгрөгийн ханш тогтворжуулахын тулд ямар ажил хийж байгаа вэ?
            Мэдээж, хангалттай хэмжээний валютын нөөцтэй байх учиртай. Үүний тулд валютын урсгал дотогшлох, эдийн засагт орох хэмжээг нэмэгдүүлэхийг бүх л улс орон эрмэлздэг. Энд том өрсөлдөөн явагддаг. Дэлхий өөрөө том өрсөлдөөнт талбар. Экспорт бол валютын хамгийн том эх үүсвэр. Дараа нь дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ, ялангуяа жуулчдыг татаж чаддаг байх нь чухал. Хөрөнгө оруулагч нар мөнгөө барьж ирээд бизнес нээх боломж бол валютын бас нэг чухал суваг. Мөн хямд зээл авах, санхүүгийн зах зээлээс мөнгө татаж болно. Одоохондоо гадаад, дотоод нөхцөл байдлын улмаас эдгээр арга зам нэлээд хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд байгаа нөөцөө хямгадах, хамгаалах хэрэгтэй болсон. Тухайлбал мөнгөний бодлогын хүүг бид нэмэгдүүлсэн. Энэ бол валютын нөөцөө л хамгаалах арга.
Мөнгөний бодлогын хүүг нэмснийг шүүмжлэх хүн олон байдаг.
            Шүүмжлэлийг ойлгож хүндэтгэж байгаа. Нээлттэй нийгэмд шүүмжлэл сонсдоггүй хэн байх билээ. Гэхдээ дахин хэлье, энэ бол улсын валютын нөөцөө хамгаалах арга байлаа. Бид 2017 онд нэлээд хэмжээний гадаад өр төлбөр барагдуулна. Нөөцтэй байх хэрэгтэй биз дээ? Нөгөө талаар Монгол төгрөгийн үнэгүйдлийг зогсоох, төгрөгийг үнэтэй мөнгө болгох алхам болсон. Төгрөг бол үнэтэй мөнгөн тэмдэгт.
Төв банкны үнэт цаасны жилийн хүү 15 хувь болсон гэсэн үг. Иймд төгрөгтэй иргэн банкинд хадгалуулаад өндөр хүү авах нь зүйтэй. Бас зээл авах хүмүүс хийх гэж байгаа бизнес, ажил үйлчилгээгээ нь хэр өндөр үр ашиг өгөх, амжилттай байх эсэхийг хэд дахин сайтар тунгаах нь зөв. Монголбанкны мөнгөний бодлогын Зөвлөлийг ойрын үед хуралдуулж бодлогын хүүний талаар ярилцах болно.
Ханш тогтворжуулах зорилгоор интервенц хийж байгаа юу?
            Монголбанк валютын нийлүүлэлт хийж байгаа, бас худалдан авалт ч хийж байна. Долоо хоногт 2 удаа валютын дуудлага худалдааг Төв банк явуулдаг. Эрэлт хэрэгцээнээс хамаарч долоо хоногт 30-70 сая доллар гаргадаг. Түлш шатахууны болон бусад чухал бараа бүтээгдэхүүний импорт эрхэлдэг харилцагчдын хэрэгцээг хангахад юуны түрүүнд анхаарч ажиллалаа.
Сүүлийн үед гарч байгаа нэг сайхан хандлага бол банк, аж ахуйн нэгжүүд валютаа бидэнд худалдаж эхэллээ. Амаргүй хүнд нөхцөл байдлыг ойлгож эх орондоо тусалж байгаа хүнлэг сэтгэл юм. Нөгөө талаар экспортын голлох хэсгийг эзэлдэг зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж эхэлсэнтэй холбоотой.
Монголбанк дээр шинэчлэл хийх ажил эхэлж байна. Дээр нь арилжааны банкны тэнхээ тамир ямар байгаа, чанаргүй зээлийн өсөлтийг хэрхэх талаар, ойрын үед тантай дахин уулзаж ярилцах бодолтой байна. Болох уу?
Тохирлоо.
Одоо ОУВС-тай хамтран ажиллах талаар?
            Сангийн  сайд  Б.Чойжилсүрэн  бид  хоёр  ажлаа  аваад  ОУВС-ын удирдлагад захидал бичиж хамтран ажиллахыг урьсан юм. Үүний дагуу 10-р сарын сүүлээр Валютын сангийн ажлын хэсэг Монголд ирж ажиллаад буцлаа. Энэ бол урьдчилсан судалгааны зорилготой ирсэн баг. Ажлынхаа үр дүнг захирлууддаа танилцуулаад одоо хэлэлцээр хийхээр ирэхийг нь бид хүлээж байна.
Энэ жилийн ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад Вашингтон хотод Монголын төлөөлөгчид оролцон, энэ далимдаа удирдах албан тушаалтай олон хүнтэй уулзаж санал бодол солилцсон. Хэд хоногийн өмнө Мьянмар улсад болсон Азийн Төв банкны Ерөнхийлөгч нарын уулзалтад ОУВС-ын Ерөнхий захирлын орлогч ноён Фурасава ирсэн байсантай уулзаж хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцсан.
ОУВС болон олон улсын бусад байгууллагад, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, Европын сэргээн босголт Хөгжлийн банк болон дэлхийн олон улс орнууд манай орны 90-ээд оны хүндрэл, хямралыг даван туулахад, сүүлд 2009-2010 онд дэмжиж тусалсанд бид талархалтай байдаг. Энэ цаг үед ч бас хамтран ажиллаж байгаа.
Төгсгөлд нь уншигч олноо төлөөлөн танаас асууя. Хэзээ бид хямрал хүндрэлээс гарах вэ?
            Хорвоо дээр нартай тунгалаг сайхан өдөр ч байдаг, бас хур бороотой бүрхэг, бүр салхи шуургатай өдөр ч таарна. Үүнтэй адил улс орны амьдралд өгсөлт, уруудалт, ололт амжилт, бэрхшээл саад ээлжлэн тааралддаг бололтой юм. Бидний өмнөөс амаргүй сорилт, шалгалт угтаж байна. Бид давж гарна. Түрүүн нь би хэлсэн, бид туулах чадвар сайтай нүүдэлчин ард түмний үр сад. 2018 оны хоёрдугаар хагас гэхэд тогтвортой хөгжлийн замд баттай гарсан байхын төлөө зүтгэж байна.

Эдийн засгийн хүндрэлийг дан ганц мөнгөний бодлогын арга хэрэгслээр давах боломжгүй. Төсвийн болон Мөнгөний бодлогын уялдаа, зөв хослол, тууштай байдал нь тогтвортой өсөлтийг хангах гол нөхцөл. Иймээс төрийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэмэх нь нийт иргэд олон түмний оролцоо дэмжлэг, дээр нь олон улсын байгууллага, улс орнуудын дэмжлэг туслалцаа гэсэн ийм загвараар урагшлан хөгжинө.

No comments:

Post a Comment