2016/12/14

ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСАД БАРИМТАЛДАГ ТОМ ЗАРЧИМ БОЛ ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН БАЙДАЛ ЮМ

Сэтгүүлч П.Хашчулууны ярилцлага
“Өдрийн сонин” 2016 оны 12-р сарын 14, №289

ДЭЛХИЙН АЛЬ Ч УЛСАД БАРИМТАЛДАГ ТОМ ЗАРЧИМ БОЛ ТӨВ БАНКНЫ БИЕ ДААСАН БАЙДАЛ ЮМ
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага хийснээ хүргэж байна.
Өнөөдөр Танaас асуух хамгийн гол зүйлийн нэг бол мөнгөний бодлогын төлөв. Ирэх онд мөнгөний бодлого юуг зорьж, ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолсон юм бол?
            2017 онд баримтлах мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэж байгаагаараа онцлог. Урьд жилүүдэд бид эдийн засгаа өсгөе, хөгжүүлье, тэлье гэсэн бодлого баримталдаг байсан. Одоо харин эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулах, ингэхдээ аль болох богино хугацаанд хохирол багатай даван туулах тухай ярихаас өөр аргагүй боллоо. Ийм л баримт бичиг.
Хоёр дахь асуулт бодлогын хүү. Бодлогын хүүг урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүргэсэн. Энэ шийдвэрийн үр дүн нь өнөөдөр хангалттай харагдаж чадаж байна уу?
            2016 оны эхний хагаст Монголын эдийн засагт их хэмжээний төгрөг зах зээлд нийлүүлжээ. Улс төрийн сонгуультай ч холбоотой байх. Энэ их мөнгө валютын ханшид дарамт учруулж эхэлсэн. Эдийн засагт байгаа тэр их мөнгийг Төв банк урьд нь валютын интервенц хийж татаж авч байсан бол бид энэ удаад бодлогын хүүг нэмэгдүүлэх замаар татаж авах зарчим барьсан. Энэ нь бас цаанаа Монгол улс өөрөө валютын нөөц хязгаарлагдмал байсантай холбоотой. 2012 онд 4 тэрбум доллар байсан нөөц маань 2016 онд нэг тэрбум доллар болж буурсан. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлж, урьд нь долоо хоногийн хугацаатай гарч байсан Төв банкны үнэт цаасан дээр нэмээд гурван сарын хугацаатай үнэт цаасыг арилжаалж эхэлсэн. Ингэснээр арилжааны банкууд сул төгрөгөөрөө Төв банкны үнэт цаасыг худалдаж авсан. Өнөөдөр Монголбанк нийтдээ нэг их наяд гаруй төгрөгийн үнэт цаасыг арилжаалаад байна. Нэг хэсэг нь 7 хоногийн хугацаатай, нөгөө хэсэг нь 3 сарын хугацаатай байгаа. Валют руу хөрвөөд, улмаар Монголын эдийн засгаас хаашаа ч урсаж магадгүй байсан тэр их хэмжээний мөнгийг бид Төв банкин дээрээ татан төвлөрүүлээ гэсэн үг. Ингэж байж ханшийн савалгааг зогсооно. Яаж ч савлаж мэдэхээр эмзэг байсан шүү дээ. Ер нь маш хүнд хэцүү нөхцөлд зайлшгүй хийх ёстой алхам байсан. Огцом савалгааг зогсооход үр дүнгээ өгсөн, харин ханшийг тогтмол барих арга хэмжээ гэж ойлгож болохгүй юм.
Валютын ханшийн өсөлтийг янз бүрээр тайлбарлаж, янз бүрийн шалтгаан гаргаж ирж ярьсаар байна. Төв банкны Ерөнхийлөгчийн хувьд яг бодит үнэнийг хэлээч?
            Дэлхийн олонх улс оронд валютын ханшийг тогтвортой барьж одоохондоо чадахгүй л байна. Жишээлбэл, евро бол доллараас хүчтэй мөнгө байлаа. Одоо ам.доллартай тэнцэж ирээд байна. Англи улс Европын холбооноос гарах санал асуулгын үр дүнгээр Английн фунт стерлингийн ханш уналаа. Хятадад бас юанийн ханшийг сулруулж байна. АНУ-ын Төв банк мөнгөний бодлогынхоо хүүг нэмэгдүүлж болзошгүй байгааг мэдэгдэнгүүт ам.долларын ханш өсөөд эхэллээ. ОУВС-ийн судалгаагаар доллар голлох валютуудын эсрэг тэнцвэрт төвшнээсээ 10-20% чанга байгаа гэж дүгнэсэн байна лээ. Энэ нь эргээд экспортдоо сөрөг нөлөөтэй. Тэгэхээр ханш гэдэг ойлголт тухайн эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамаараад өөрчлөгдөж байдаг зүйл. ОХУ-ыг аваад үзье. Хоёр жилийн өмнө нэг ам.доллар 30 рубльтэй тэнцэж байсан. Энэ үед Украины хэрэг явдал мандсан. Оросууд Крымийг Оросын харьяанд нэгтгэх процесс эхэлсэн. Барууны ертөнц Орост хориг тавьж эхэлсэн. Доллар, рублийн харьцаа 30 байснаа 70, 80 болтлоо нислээ. Одоо нөхцөл байдал арай сайжраад буцаад 30-70 руу орж ирж байх жишээтэй. Оросууд ямар алхам хийсэн гэхээр Оросын Төв банк бодлогынхоо хүүг 17% болтол дээш өсгөсөн. Энэ нь нөөцөө хамгаалах, ханшаа тогтворжуулах арга. Тэгэхээр ханшийн асуудал дэлхийн олон улс оронд өрнөж байна. Бид валютынхаа ханшийг тогтвортой барихыг хүсвэл валютын хангалттай хэмжээний нөөцтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны мэдэлд байгаа валютын нөөц ханшийг тогтвортой барих хэмжээнд гэхэд хэцүү байна. Ер нь ханшаа тогтмол барихаар их нөөцтэй улс орон цөөн. Иймд бид Төв банкны тухай хуульд заасанчлан валютын ханш чөлөөтэй бөгөөд бодитой, эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ холбогдоод уян хатан зарчмаар л явж байгаа. Монголбанкны хувьд ханшийн огцом савалгаа гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч байна.
Валютын ханшийн талаар Төв банк хариуцлага хүлээхгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэрийг баталж байгаа юм шиг ярих чинь?
            Хаанаас ч гарсан юм бүү мэд, Төв банк валютын ханшийн талаар хариуцлага хүлээхгүй гэсэн мэдээлэл тархжээ. Монголбанк тийм мэдэгдэл хийгээгүй. Монголбанкны Ерөнхийлөгч миний бие тийм мэдэгдэл хийгээгүй. Би ямар мэдэгдэл хийсэн гэхээр “Монголбанкны үндсэн чиг үүргийн нэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах явдал. Тийм учраас ханш ямар байх нь Монголбанкны хариуцах ёстой ажлын нэг” гэж мэдэгдсэн. Тэрнээс биш ханшаас өөрсдийгөө холдуулж, хариуцлагаас бултах гэсэн зүйл байхгүй. Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь ганц Монголбанкны үүрэг ч биш, Монгол хүн бүрийн үүрэг. Монгол төгрөг гэдэг чинь Монгол түмний үндэсний тусгаар тогтнолын нэг баталгаа.
Ханшийг тогтвортой байлгах хамгийн гол арга бол мөнгөний бодлогын хүү гэж харж байгаа юу?
            Бодлогын хүү ч байна, валютын интервенц ч байна. Долоо хоногт дунджаар 70 орчим сая долларын интервенц хийж байгаа. Монголчууд хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг импортоор хангадаг. Тэгэхээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг, бизнес хийдэг аж ахуйн нэгжүүд, ялангуяа стратегийн ач холбогдолтой импортын эрэлтийн эх үүсвэрийн дутагдлыг арилгаж өгөхөд Монголбанк их анхаарч байгаа. Тиймээс интервенц цаашдаа ч хийнэ.
Хятадаас авах гэж байсан тэрбум доллар тодорхой шалтгаанаар хаагдчих шиг боллоо. Эцсийн мөчид Дэлхийн банк, ОУ-ын валютын сан л аминд орох бололтой?
            Ер нь бид олон чиглэлээр ажиллаж байна. Тиймээс ганц Дэлхийн банк, Валютын сан дээр ч бүх бооцоогоо тавихгүй, тэдгээрийг ганц итгэл найдвараа болгохгүй. Бид Хятадтай ч хамтарч ажиллана, бусад улс орны хөрөнгө оруулагчидтай ч хамтран ажиллана. ОУ-н банк санхүүгийн зах зээл дээрээс ч мөнгө босгоно. ОУВС, Дэлхийн банк бүгдтэй нь хамтран ажиллах болно. Ингэж бид олон чиглэлээр ажиллахаас өөр аргагүй тийм нөхцөл байдал Монголд бий болоод байна.
Өнөөдрийн энэ их цус харвуулчих шахсан зээл, төлбөрийн асуудлууд бодит тоо мөн үү. Үүнээс ч аймаар тоон дүн, нөхцөл байдал үүссэн гэж яригдах юм байна шүү дээ?
            Бидэнд нууж хаасан юм байхгүй. Бүх мэдээллийг илэн далангүй гаргаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг ярьсан. Түүн дээр ч ийм ийм төлбөр тооцоо хүлээгдэж байна, эдгээр төлбөр тооцоог төлж барагдуулахын тулд ингэж ажиллана гэдгээ ярьсан. Тоонуудаа ил гаргаж тавиад, бидний өмнө ийм ийм сорилт тулгарч байна. Эдгээрийг яаж давж туулах вэ гээд ярилцаад явж байна.
Ер нь бол Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч хоёрын өнөө алдартай нөөцөө ил зарласан мэдэгдэл гадаад, дотоод нөхцөл байдалд сөргөөр нөлөөлсөн үү. Зээлжих зэрэглэл, валютын ханшийн өсөлтөд гэхчлэн?
Монгол улсын валютын цэвэр нөөц ил тод яригддаг л тоо. Монгол улс сар тутам ОУ-н валютын санд тоогоо гаргаж өгдөг. Монголбанкны вэб сайтад ил тавигдчихсан тооноос ч тооцоо хийгээд гаргачих боломжтой байдаг. Тэр л тоогоор нөхцөл байдал ийм болчихсон байна, амаргүй байна, шийдэл хэрэгтэй гэдгээ хэлсэн. Өвчнийг эмчлэхийн тулд зөв сайн онош тавих ёстой биз дээ. Худал онош тавьчихаад өвчнийг эмчилж чадахгүйтэй адил бодит үнэнийг мэдэхгүйгээр улс орны эдийн засгийг зөв удирдаж чадахгүй шүү дээ. Валютын ханшийн тухайд бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ энэ нь ард түмэн, бизнес эрхлэгчид ямар ч мэдээлэлгүй хэрнээ ажлаа хийгээд явж байсны илрэл шүү дээ. Тэр хүмүүс үнэн зөв мэдээлэлтэй, эргэцүүлэн боддог байх ёстой. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад би энэ ажлаа хийх нь зөв үү, буруу юу гэхчлэн. Ийм мэдэгдэл хийснээрээ маш олон хүнийг тодорхой хэмжээний эрсдэлтэй алхам хийхээс сэргийлж, бас нэг юм бодох, долоо хэмжиж нэг огтлох хэмжээнд хүргэсэн гэдэгт би итгэлтэй байгаа. Харин зээлжих зэрэглэл буурахад тэр мэдэгдэл нөлөөлдөггүй юм. Яагаад гэхээр зээлжих зэрэглэл тогтоодог компаниуд чинь биднийг алган дээрээ тавьсан юм шиг хараад сууж байдаг.
Хэлсэн, хэлээгүй бүгдийг мэдэж байсан гэж үү?
            Бүх мэдээллийг харж байгаа. Зээлжих зэрэглэл тогтоосон компаниудын үндэслэлийг харсан биз дээ. Монгол улсад өрийн дарамт дэндүү өндөр байна, төсөв нь алдагдалтай байна, эдийн засгийн өсөлт саарсан байна гэхчлэн тодорхой үндэслэлүүдийг хэлсэн.
Одоо бас Валютын сан, Дэлхийн банк баахан шаардлага тавьчихсан байгаа биз дээ?
            Валютын сан бол тийм болзол тавьж болох юм, гэхдээ зөвхөн хөтөлбөрт орсон тохиолдолд, одоо бол бид хөтөлбөрт орох нь бүү хэл хэлэлцээр эхлээгүй байна шүү дээ. Тэд сая ирж нөхцөл байдалтай танилцаад буцсан.
Монгол банкинд улс төрийн нөлөөлөл хэр байна. Сонгуулийн амлалтууд гээд та бултах аргагүй хүчин зүйлс мэдээж бий?
            Мэдээж би УИХ-аас томилогдсон төрийн албан тушаалтан. Тэр утгаараа УИХ-аас гарч байгаа шийдвэр, УИХ-ын гишүүдийн санал бодол, УИХ дээр яригдаж байгаа зүйлүүдийг анхааралтай сонсож ажиллаж байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Тэр бол дэлхийн аль ч улс оронд баримталдаг том зарчим бол Төв банкны бие даасан байдал юм. Үүнийг дэлхийн аль ч улс орны улс төрчид хүндэтгэж үздэг. Өнөөдөр Монгол Улс ийм хүнд байдалд орсон нь, тэр дундаа Монголбанк амаргүй байдалд орсны учир шалтгаан нь өнгөрсөн жилүүдэд Монголбанкны бие даасан, хараат бус байдал алдагдсантай холбоотой. Яагаад гэхээр улс төрийн нөлөө маш их орж ирсэн, Засгийн газрын хэрэгжүүлэх гэсэн маш олон төсөл хөтөлбөрийг Монголбанк бие дааж санхүүжүүлсэн. Өнгөрснийг яривал хэцүү л дээ. Яах аргагүй хойшоо харж ярих юм бол байх л юм, гэхдээ би урагшаа л харж ажиллаж байна.
Дефляци нэгэнт бий боллоо. Үүнээс гарах арга зам, валютын нөөцөө нэмэгдүүлэх арга зам, яаж хөрөнгө оруулалт татах гээд олон асуудал байна?
            Сая 11-р сарын статистикийн мэдээг харвал улсын хэмжээнд эргээд бага зэргийн инфляци бий болсон. Иймд сүүлийн 3 сарын дефляци түр зуурын шинжтэй байсан нь харагдаж байна. Дефляци яагаад бий болсон бэ гэхээр, Монгол хүний хэрэглэдэг хэрэглээний сагс гэж байна. Тэр хэрэглээний сагсанд голлох байр суурийг эзэлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш буурсан явдал дефляци руу татаад оруулчихсан. Махны үнэ буусан, хүнсний ногооны үнэ буусан, энэ бол хэрэглээний сагсанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин үнийн төвшин ийнхүү улирлын шинж чанартай өөрчлөлтөөс болоод дефляци үүсэхээр нам дор болсон нь эдийн засагт эрэлт бага байгааг илэрхийлж байна. Эдийн засгийг тэлэх бодлогыг эрчимтэй явуулах шаардлагатай гэсэн дохио.
Гадны томоохон банк орж ирэх тухайд таны байр суурь ямар байгаа вэ?
            Манай арилжааны банкуудын хувьцааг эзэмшиж байгаа байдлыг харахад дийлэнх хувьцаа эзэмшигч нь гадны компани байгаа. Тэр утгаараа Монголын эдийн засагт гадны банк үйл ажиллагаа явуулж байна гэж болно. Албан ёсны салбараа нээгээд ажиллаж байгаа банк одоохондоо алга. Ер нь бол гадны банкууд орж ирнэ л биз дээ. Яагаад гэвэл дэлхий даяарчлагдаж байна, дэлхийн санхүүгийн зах зээл нэг болж байна. Ийм нөхцөлд бид тусгаарлагдаад сууж болохгүй, ийм боломж бага, иймээс гадны банк орж ирэх байх. Гэхдээ миний байр суурь бол орж ирэх гэж байгаа банкууд одоогийн үйлчилж байгаа банкны тухай хуулиар биш, цоо шинэ эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах ёстой. Олон хувилбар яригдаж байна, тэдний нэг нь хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулаад, гаднаас орж ирэх гадны банкууд нь зөвхөн хөрөнгө оруулах чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулна гэдэг юм уу. Тэр нь юу гэхээр иргэдээс хадгаламж авахгүй, гэхдээ зээл өгнө, хөрөнгө оруулах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудад, тэр ч бүү хэл банкуудад өгнө. Ийм хууль эрх зүйгээр үйл ажиллагаа явуулах боломж бол байж болно. Гэхдээ эхлээд бид хууль эрх зүйн орчинг сайн бүрдүүлж өгөх ёстой. Үүний дараа гадны том банк оруулж ирэх асуудал яригдана.
Зарчмын хувьд гадны банк орж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна?
            Орж ирж болно. Үүнийг бид нэг их удаан торгоож чадахгүй л дээ.
Ипотекийн зээлийн талаар Танаас асуухгүй өнгөрч болохгүй л дээ. Хамгийн сайн төлөлттэй зээл биз?
            Хамгийн баталгаатай эргэн төлөлттэй зээл бол ипотекийн зээл байгаа. Ипотекийн хөтөлбөр үргэлжилнэ. Үүнийг дэмжиж ажиллана. Гэхдээ цаашид зарчмын хувьд нэг өөрчлөлт орсон. Тэр нь юу вэ гэхээр ипотекийн хөтөлбөрт нийтдээ 3.8 их наяд төгрөг, он дуустал дөрвөн их наяд төгрөгийн эх үүсвэрийг Монгол банкнаас гаргасан байгаа. Энэ дөрвөн их наяд төгрөгийн эргэн төлөлт, купоны төлбөр нийлээд Монголбанкинд ойролцоогоор сар болгон 25-30 орчим тэрбум төгрөг орж ирж байгаа. Бид тэр мөнгийг нь буцаагаад ипотекийн хөтөлбөрийн санхүүжүүлтэд зориулж байгаа юм. Өмнө нь шинэ эх үүсвэр гаргаж мөнгө нийлүүлдэг байсан бол одоо бид орж ирсэн мөнгийг нь буцаагаад өгч байна. Ер нь цаашдаа хэмжээ нэмэгдэх юм шиг байна. Өчигдөр надад мэдээлснээр 12-р сард 35 тэрбум гэж байна лээ. Тэгэхээр миний барьж байгаа байр суурь бол сард 30-35 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд явъя гэж. Энэ бол боломжийн хувилбар, судалгаа авч үзсэн. 2013, 2014 онд ипотекийн хөтөлбөр ид хэрэгжиж байсан жилүүдэд нэг сард 60 тэрбум төгрөг гарч байсан юм билээ. Яг тэр үед байрны хэрэгцээ шаардлага ихтэй, мөнгөний чадвар сайтай, хөрөнгө санхүүгийн хувьд боломжтой хүмүүс авдаг байраа авчихсан. Одоо бид сард 35 тэрбумын санхүүжилтээр явахад боломжийн хувилбар. Хоёр дахь асуудал нь ипотекийн хөтөлбөрт Монголбанкнаас өгсөн зээлийн эргэн төлөгдөх хугацаа болоод Монголбанкинд буцаан татагдах 917 тэрбум төгрөг байгаа. Би энэ мөнгийг нэг жилээр буцаан сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгийг ипотекийн хөтөлбөрийн эх үүсвэр болгон үлдээж байна гэсэн үг. Хугацаа нь дууслаа, татлаа гэж болно л доо. Гэхдээ бид тэгэхгүй сунгаж байгаа юм. Гэх мэтчилэн бид ипотекийн хөтөлбөрийг үргэлжлүүлээд явна.
Сарын өмнө ам.доллар айхавтар савлалаа. Хэдхэн цагийн дотор 2720 хүрлээ. Энэ яг юунаас шалтгаалсан бэ?
            Энэ бол маш богинохон хугацаанд гуравхан цагийн дотор болсон явдал. Яаралтай судалгаа хийсэн. Нөхцөл байдал юунаас болсон байна вэ гэхээр манай зарим аж ахуйн нэгж валютын том эх үүсвэртэй болсон байна. Тэр валютаа авч ирээд тав таван саяар багцлаад дуудлага худалдаанд оруулчихсан байгаа юм. Тэгтэл 2450 төгрөгтэй тэнцэх нэг америк долларын ханш тэр дуудлага худалдааны үр дүнд 2650 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн. Дуудлага худалдаанд арилжааны банкууд бас орж байгаа. Банкууд дуудлага худалдаанаас валют худалдан авангуутаа валют зарахаа зогсоосон. Тэгэнгүүт Найман шарга дээр байгаа валютын арилжаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагууд нэг ам.долларын ханшийг 2720 гэж биччихээд энэ ханшаар авбал ав, боливол боль гээд суучихсан. Ийм л юм болсон. Үүнээс маш нухацтай дүгнэлт хийж байгаа нь юу гэхээр нэгдүгээрт манай энэ валютын зах зээл маш эмзэг байна. Тиймээс цаашдаа мөнгөний бодлогын баримт бичигтээ суулгасан. Валютын дотоод зах зээлийг хөгжүүлж, ил тод үр ашигтай байдлыг хангаж ажиллана гээд зорилт оруулчихсан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дараагийн нэг зүйл нь валютын дуудлага худалдааг хийнэ гэдэг бол манай улсын тухайд валютын ханшийг тогтворжуулах биш, буулгах бус, дээшээ нисгэх, өсгөх хөшүүрэг болчихсон байгааг эндээс харж авсан.
Тэгэхээр валютын дуудлага худалдааг цэгцэлнэ гэсэн үг үү?
            Үүнийг бид зохицуулахын төлөө ажиллаж байна. Валютын дуудлага худалдааг хэн дуртай нь явуулаад байж болохгүй. Үүнийг Монголбанк хариуцаж, зохицуулан явуулах ёстой юм байна.
Валютын асар их нөөцтэй аж ахуйн нэгж, хувь хүн байгаа юм байна. Тэд улс орны эдийн засагт ч нөлөөлөх юм байна. Үүнийг Монголбанк хянах ёстой биз дээ.
            Дансан дээр байгаа валютыг бол бид хараад хянаад сууж байдаг. Гудсан дор байгааг нь бид хянах бололцоо одоохондоо алга.
Бусад улс орон энэ тал дээр ямар зохицуулалт хийдэг юм бэ?
            Бусад улс орон валютын бирж байгуулдаг. Энэ биржээрээ дамжуулж арилжаа явуулдаг. Бид энэ туршлагыг судлаад, валютын бирж байгуулах тал дээр ажиллаж байна. Валютын арилжаанд оролцогчдын тоог олшруулах явдал хамгийн чухал. Одоо бол хэдхэн тоглогч шийдчихээд байгаа юм. Хэдхэн хүн утсаар яриад л шийдчихээд байна. Уг нь бол нийт валютын арилжааны 95 хувь нь Монголбанкаар дамжиж хийгддэг. Тавхан хувь нь Монголбанкнаас гадуур хувь хүмүүсийн хоорондын арилжаа, бусад захаар дамжиж хийгддэг. Тэр тавхан хувийн арилжаа нь валютын ханшийг тодорхойлчих гээд байна. Энэ бол буруу тогтолцооны гай. Энэ тогтолцоог зөв болгохын төлөө бид 2017 онд эрчтэй ажиллана. Тавхан хувь нь нийт 100 хувиа тодорхойлчих гээд байна шүү дээ.
Дахиад ийм дуудлага худалдаа, ханшийн хэлбэлзлийн эрсдэл гарахгүй гэх баталгаа байхгүй юм байна?
            Тиймээс л энэ чиглэлээр бид маш эрчимтэй ажиллаж байна. Нөгөө талаар манай валютын нөөц хангалттай биш. Ийм нөхцөлд сонор соргог байхгүй бол болохгүй болжээ. Үүнээс том сургамж авлаа.
Одоо валютын нөөцийг яаралтай нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц болох нь?
            Тийм. Нөөц нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүнд түүхэн дээд төвшиндээ хүрээд байгаа алт тушаалт чухал үүрэгтэй. Энэ онд 18 орчим тонн байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Цаашид нөөц нэмэгдүүлэх эх үүсвэр бол Монгол улс экспортын орлогоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн нэг сайн мэдээ нь манай нүүрсний үнэ нэмэгдээд эхэлчихсэн байгаа. Дээр нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсч байна. Энэ бол Монголын эдийн засагт тодорхой хэмжээний валютын нөөц нэмэгдүүлэх гол эх үүсвэр болно. Сүүлийн үед энэ нь мэдрэгдээд эхэлсэн.
Яаж мэдрэгдэж байна?

            Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд манайд валют зарж эхэллээ. Урьд нь бол авмаар байна, авъя, авъя гэдэг байсан бол бас өгмөөр байна гэсэн хүмүүс нэмэгдэж эхэллээ. Басчиг бүх зүйл дээр бөгсөөрөө суучихаагүй, газар алгадчихаагүй байна. Бид өдөр шөнөгүй ажиллаж байгаагийн хэрэг гарч л байна.

No comments:

Post a Comment