"Монголбанкны
мэдээлэл" №2
2016 оны 12-р сарын
19
САНХҮҮГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛ БОЛ АМЬЖИРГААГАА ӨӨД ТАТАХ
ЧУХАЛ УГ СУРВАЛЖ
Нэг.
Энэ удаад иргэдийн эдийн засгийн боловсролд тус болох үүднээс зарим ойлголт,
үзэгдлийн талаар ярилцмаар байна. Сүүлийн үед бий болоод байгаа дефляцийн
талаар уншигчдад тайлбарлана уу?
Дефляци
гэдэг нь бидний ойлгож хэвшсэн инфляци хасах утгатай болох үзэгдлийг буюу
өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий үнэ өмнөх жилээс,
өмнөх сараас буурч, хямдрахыг хэлнэ. Энд гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд
дефляци боллоо гэхээр бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ бүгд адилхан
хямдарсан гэж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд Өрхийн хэрэглээний үнийн
сагсанд оруулж тооцдог 329 бараа, үйлчилгээний үнэ бүгд нийлээд дунджаар хасах
утгатай гарч буйг дефляци гэж ойлговол зохино. Тиймээс эдгээр 329 бараа
үйлчилгээний хувьд заримынх нь үнэ тухайн авч үзэж буй хугацаанд өссөн байхад,
заримынх нь буурсан байж болох бөгөөд бүгдийнх нь өөрчлөлтийг жигнэн дунджилсны
үндсэн дээр сагсны ерөнхий өсөлт (инфляци), эсвэл хасах утгатай бууралт
(дефляци) болсон гэж үздэг. Дефляци бий болох үзэгдэл ихэвчлэн хямралын үед
үүсдэг бөгөөд иргэдийн худалдан авах чадвар буурч, эдийн засаг агшиж буйн тод
илрэл юм. Гол нөлөөлж буй хүчин зүйлс бол мах, хүнсний ногоо болон байрны
түрээс, орон сууцны үнэ буурч байгаа явдал юм.
Хоёр.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн талаар ямар бодлого Монголбанк
явуулах вэ?
Монгол
улс бол жижиг, нээлттэй эдийн засагтай тул гадаад улс орнуудтай хийж буй гадаад
худалдаа, бизнес, тэдгээрийн төлбөр тооцоог гүйцэтгэх, санхүүгийн үйлчилгээ
авах, үзүүлэх шаардлагын улмаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэдэг
ойлголт гарч ирдэг. Төгрөгийн ханш гэдэг нь нэг талаар төгрөгийн бусад орны
валюттай харьцуулсан үнэ юм. Энэ үнэ өсөх, буурах, ямар байхаас шалтгаалж
Монгол улсад үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний үнэ бусад орныхтой харьцуулахад
хэр өрсөлдөх чадвартай байна вэ гэдэг тодорхой болно. Төгрөгийн гадаад валюттай
харьцах ханш олон хүчин зүйлээс хамаарч байдгийн дотор хамгийн гол хүчин зүйл
бол гадаад цэвэр худалдаа буюу манай улсын экспортоос олж буй валютын орлого
болон гадаадаас худалдан авч буй импортод төлж буй валютын төлбөр хоёрын зөрүү
юм. Үүнийг бид цэвэр экспорт гэж нэрлэдэг бөгөөд энэ зөрүү хасах байх тохиолдол
буюу орж ирж байгаа валютын хэмжээ Монголоос гарч байгаа валютын хэмжээнээс
бага байх юм бол төгрөгийн ханшийг сулруулах нөлөө үзүүлдэг. Тонгоруугаар орж
ирж байгаа нь гарч байгаагаасаа их байвал цэвэр экспорт нэмэх болж, төгрөгийн
ханшийг чангаруулах нөлөөтэй. Гэхдээ дан ганц энэ үзэгдлээр ханшийн өөрчлөлтийг
ойлгох нь учир дутагдалтай бөгөөд үүн дээр нэмээд гадаадтай хийж буй бусад
үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн гадаад данс зэрэг гаднаас орж
ирж буй болон гадагшаа гарч буй бусад валютын урсгалыг хамруулсан Төлбөрийн
тэнцэл гэдэг үзүүлэлтээс төгрөгийн ханш шууд хамаарч байдаг. Төлбөрийн нийт
тэнцэл эерэг дүнтэй байвал ханшид дарамт үгүйг, сөрөг утгатай байвал төгрөгийн
ханшийг сулруулах дарамт ирж буйг илтгэж байдаг. Иймээс Монголбанк нь эдийн
засгийн суурь нөхцөл байдалтай уялдуулан ханшийг чөлөөтэй, уян хатан байлгах
зарчим баримталж байна.
Гурав.
50’000-тын дэвсгэрт хэвлэх талаар гарсан яриа хэр бодитой вэ?
Сүүлийн
үед мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50’000 төгрөгийн дэвсгэрт гаргах тухай
мэдээлэл тарсан. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд одоогоор надад ийм бодол
алга. Өнөөдөр Монголбанк Монгол улсын эдийн засгийн бүхий л нөхцөл байдлыг
харж, тооцоолж байгаагийн дотор нийт мөнгөний нийлүүлэлт, банкнаас гадуур
эргэлдэж байгаа бэлэн мөнгөний хэмжээ, түүний дэвсгэртийн бүтэц хөдөлгөөн
хэрхэн өөрчлөгдөж байгаа зэрэг асуудлыг ч анхааралдаа байлгадаг. Гэхдээ өнөөдөр
Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байна, 50’000-тын дэвсгэрт гаргах тухай
асуудлаас ч илүү чухал шийдэл хүлээсэн сорилтууд шил шилээ даран байж байна.
Бид нөхцөл байдлаа тооцоолж, гадаад өрийн асуудлаа, валютын нөөцийн байдал,
төгрөгийн ханш, буурсаар байгаа гадаад зээлжих зэрэглэл, чанаргүй зээл,
санхүүгийн тогтвортой байдал гэх мэт олон чухал асуудалд цаг хүчээ дайчлан
ажиллаж байна. Эдгээр асуудалтай харьцуулахад 50’000-тын дэвсгэрт хэвлүүлэх нь
тийм чухал биш шүү дээ. Үүнээс илүү чухал ажил олон байна. Тиймээс
“Монголбанкнаас 50’000-тын дэвсгэрт хэвлэх гэж байна, ингэвэл инфляци
хөөрөгдөж, далд эдийн засаг бий болно. Монгол улс шууд дампуурна” гэх яриа
гадуур явж байгаа нь бүгд ор үндэсгүй цуурхал юм.
Тэгээд ч шинээр мөнгө гаргах асуудлыг Монголбанк
дангаараа шийддэггүй, хуулиараа УИХ шийддэг.
Дөрөв.
Өөрийн гарын үсэгтэй мөнгө хэзээ хэвлүүлэх вэ?
Монголбанк
аливаа мөнгөн тэмдэгт шинээр гаргахын өмнө байгаа нөөцөө судалж, хэдий
хэмжээний нөөцөөр хэр удаан хугацаанд явж чадах тооцоо, таамаглалыг хийж байж
шийдвэр гаргадаг. Одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй 2017 оны
сүүлээр гаргаж болзошгүй.
Түүнчлэн миний өмнө Монголбанкны удирдлагад ажиллаж
байсан холбогдох хүмүүс шинэ бэлэн мөнгөний хангалттай нөөц бүрдүүлсэн байна
билээ. Ер нь бэлэн мөнгөний талаарх мэдээллийг агуулж байдаг статистик үзүүлэлт
буюу бидний нэрлэж дадсанаар банкнаас гадуурх мөнгөний өөрийнх нь жилийн
өсөлтийг харахад жил ирэх тусам буурсаар байгаагийн зэрэгцээ М2 мөнгө буюу нийт
мөнгөний нийлүүлэлтэд эзлэх түүний хувийн жин тогтмол буурсаар байна. Энэ нь
нийгэм бэлэн мөнгөний хэрэглээгээ бууруулж, бэлэн бус цахим тооцооны хэрэгслийг
илүүд үзэх болсныг харуулж байна. Энэ нь нааштай зөв хандлага.
Тав.
Мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэх зардал, үнэ өртгийн талаар мэдээлж болох уу?
Мөнгөн
тэмдэгтийн хэвлэлтийн зардлын талаар болон тэдгээрийн устгалтай холбоотой
аливаа мэдээлэл нь 2004 оны 01 сарын 02-ны өдөр батлагдсан “Төрийн нууцын
жагсаалт батлах тухай ” Монгол Улсын хуулийн:
3.34-т
Эрдэнэсийн сан, мөнгөний нөөцтэй холбоотой мэдээ, баримт
3.36-д
Бэлэн мөнгө хэвлэх, устгах түүнтэй холбоотой мэдээ баримт гэсэн заалтуудад
хамаардаг тул уг хуулийн дагуу энэ талаарх мэдээлэл нийтэд хаалттай байна.
Гэхдээ ганц зүйлийг мэдээлэхэд жижиг дүнтэй
дэвсгэртүүдийг хэвлүүлэх өртөг нь өөрийнх нь нэрлэсэн үнээс олон дахин их
байгаа.
Зургаа.
Мөнгөн дэвсгэртийн хэрэглээний талаар иргэдэд ямар соёл нэвтрүүлэх шаардлагатай
вэ?
Монгол
улсын мөнгөн тэмдэгт төгрөг нь биет байдлынхаа хувьд төрийн өмч бөгөөд зөвхөн
төлбөр тооцооны зориулалтаар ашиглах ёстой төлбөрийн баталгаат хэрэгсэл билээ.
Гэтэл сүүлийн үед иргэдийн зүгээс төгрөгийг ялангуяа жижиг дүнтэй дэвсгэрт
болон зоосон мөнгийг буяны ажил, суварга шүтээнд хийх, ил задгай уул овоонд
өргөх нь их боллоо. Монголбанкны зүгээс төлбөр тооцоонд хэрэглэх ёстой мөнгөн
дэвсгэртийг дээрх зорилгоор ашиглахыг зохисгүй буруу үйлдэл гэж үзэж байгаа тул
ийм байдлыг зогсоохын төлөө байна.
Түүнчлэн Монголбанк гүйлгээний шаардлага хангахгүй
болсон, урагдаж тасарсан, ихээр бохирдсон, өнгө үзэмжээ алдаж, хуучирч муудсан,
элэгдэж нимгэрсэн, будаг тос бэх болсон, элдэв зураг зурж бичээс бичсэн мөнгөн
тэмдэгтүүдийг муу тэмдэгт хэмээн ялгаж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд
гүйлгээнээс татаж аван устгах ажиллагааг гүйцэтгэж байдаг. Аливаа мөнгөн дэвсгэртийг
үйлдвэрлэх, гүйлгээнд гаргах, тээвэрлэх, тоолох, устгах зэрэг үйл ажиллагаа нь
тус бүртээ өртөг зардал өндөртэй байдаг. Харамсалтай нь Монгол улсын иргэдийн
бэлэн мөнгөтэй харьцаж буй соёлыг ихээхэн сайжруулмаар байгаа юм.
Иймээс манай иргэд:
- Улсынхаа
мөнгөн тэмдэгтэд хүндэтгэлтэй хандаж, цэвэр, соёлтой хэрэглэж
хэвших, хайрлах.
- 1-т ,
5-тын төгрөгийг төлбөр тооцооны баталгаат хүчин төгөлдөр хэрэгсэл
болохынх нь
хувьд зүй бусаар ашиглахгүй байх.
- Бэлэн
мөнгийг хэтэвч, түрийвчинд хийж хэвших.
- Ерөнхий
боловсролын сургуулийн насныханд төгрөгийн үнэ цэнийг
сурталчлан зөв хэрэглээнд
сургахад эцэг эх бүр идэвх санаачилгатай ажилламаар
байна.
Долоо.
1-т, 5-тын дэвсгэртийн хэрэглээ багасгаж байгаа шалтгааныг Монголбанк юу гэж
үздэг вэ?
Бараа
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалж, эдгээр тэмдэгтийн худалдан
авах чадвар эрс буурсаар байгаа нь үндсэн шалтгаан юм. Нэгт, тавтын төгрөгөөр
үнэлэгдэх бараа, үйлчилгээ хэрэг дээрээ байхгүй болсон байна. Гэхдээ 1-т, 5-тын
дэвсгэртүүд өнөөдөр хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл хэвээр байна. Учир нь
худалдаанд буй олон төрлийн бараа, үйлчилгээний үнэ, ялангуяа өдөр тутмын өргөн
хэрэглээний хүнсний үнэ задгай дүн (2595,5399 гэх мэт)-гээр үнэлэгдсэн
байгаагаас олон тооны бараа худалдаж авах үед нийт дүнгийн сүүлийн орон нь 4, 8
гэх мэт тоогоор төгсгөх тохиолдол байнга гарч байдаг. Ийм үед худалдан авагч
нар хариулт мөнгөө тоо ёсоор авахыг шаарддагаас 1-т, 5-тын дэвсгэртийн эрэлт
бий болдог. Гэхдээ өнөөдөр цахим гүйлгээ өссөөр байгаа нь сайн хэрэг бөгөөд цахим
гүйлгээ өсөхийн хэрээр бэлэн мөнгөний хэрэглээ багасах тул бэлэн мөнгөтэй
холбоотойгоор гарч байдаг хэвлүүлэх, тоолох, тээвэрлэх зэрэг өртөг, зардал, хүн
хүч, цаг хугацааг асар их хэмнэх чухал ач холбогдолтой үйчилгээ юм. Цахим
төлбөр бодит гарсан задгай дүнгээрээ хийгдэж байдаг.
Гэхдээ бэлэн мөнгө хэрэглэх үү? цахимаар бэлэн бус тооцоо
хийх үү? гэдэг нь хувь хүн, тухайн байгууллагын өөрийнх нь сонголт учраас бэлэн
мөнгөний гүйлгээ алга болно гэсэн ойлголт байхгүй юм. Өнөөдөр гадуур олон
тоогоороо байгаа бэлэн мөнгөний АТМ машины дэргэд иргэд дугаарлан зогсож буй
үзэгдлээс үүнийг харж болно.
Найм.
Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд ямар ажил чухал вэ ?
Аливаа
улс орны хөгжилд иргэдийнх нь эдийн засгийн анхан шатны болон санхүүгийн
тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл онцгой үүрэгтэй. Иргэд санхүүгийн мэдлэг
муу байгаагаас өөрсдийнх нь амьдралд хэрэгтэй асуудалд буруу шийдвэр гаргах,
түүнээсээ болж хохирол амсах тохиолдол амьдрал дээр их байна. Сүүлийн жилүүдэд
Монголбанк энэ асуудал дээр ихээхэн анхаарал тавьж, ерөнхий боловсрол, олон
нийтийн мэдээллийн салбар руу чиглэсэн олон арга хэмжээ авч байна. Гэхдээ манай
иргэд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх талаар өөрсдөө хичнээн чармайх нь гол
зүйл. Эдийн засаг, санхүүгийн мэдлэг боловсрол бол амьжиргаа, бизнесээ өөд нь
татан өсгөх нэг гол суваг мөн.
Төгсгөлд нь “Монголбанкны мэдээлэл” шинэ сэтгүүлийн нийт
уншигчид болон Монголбанкны ажилтан, албан хаагчид, нийт банкны салбарын 14
мянга орчим ажилтан, банкирууд болон Монгол ахан дүүс нартаа угтан ирж буй шинэ
2017 оны мэндчилгээ дэвшүүлэн санаж зорьсон сайн сайхан ажил үйлс нь хэрэгжин
биелж, аж амьдрал нь өөдлөн дэгжиж амар амгалан, эрүүл энх амьдран суухын ерөөл
өргөж байна.
Хөгшид настнаа хүндэлж
Хүүхэд, ач нараа хүмүүжүүлж
Ах дүү
нараараа хүндлүүлж
Ард олноороо хүрээлүүлж
Өнөр баян, өргөн дэлгэр болоод
Элбэрэл, журмаар бялхаж явах болтугай.