2019/04/19

“Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”, “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-ыг нээж хэлсэн үг


БАНКНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН
ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ,
 “ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЧУУЛГАН 2019”-ЫГ
НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүд болон Монголын санхүүгийн зах зээлийн гол зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөлөл, эрхэм зочид төлөөлөгч Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс талархал илэрхийлье!
   
       Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн зах зээл болон макро бодлогод тухайн цаг үед болон ойрын ирээдүйд тулгамдаж буй сорилт, шийдэл, бодлогын боломжит хувилбаруудыг судалж хэлэлцдэг эдийн засгийн бодлогын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. ‘Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган’-ыг 2018 оны 1 дүгээр сард ‘Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд’ сэдвийн хүрээнд зохион байгуулсан билээ.

Монгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байна. Иймд энэ жилийн “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-ыг “Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”-тай хамтатган “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Банкны салбар, үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллаа. Тухайлбал, Монгол Улсын Эрдэнэсийн сан, Монголбанкны түүхийн альманах, “Монголын их эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурcгалын зоос” гурван цуврал түүхийн бүтээл,  Монголбанк 95: Түүх ба баримт, Монгол төрийн эдийн засгийн бодлого: сорилт, сургамж, асуудал 1911-2018” зэрэг ном, бүтээлүүд гаргахад дэмжлэг үзүүлж, уншигчдын гарт хүргэснийг дуулгахад таатай байна.

Бидний өвөг дээдэс (эртний монгол аймгууд) хаяа зэргэлдээ овог аймгуудтай эдийн засаг, соёлын харилцаатай, худалдаа арилжаа хийж байсны нэгэн нотолгоо болсон зоосон мөнгө Хүннүгийн хот балгадын тууринаас олджээ. Чингис хаан дэлхийн түүхэнд тодоор мөрөө үлдээсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, дэлхий дахинаа худалдаа, арилжааг даяаршуулан тэлж, алт, мөнгөн зоос цутгуулж, цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд гаргаж байсан түүхтэй билээ. 1241 онд Их Монгол Улсын мөнгө нэртэй зоосыг гаргаж байсан бол 1253 онд Мөнх хааны зарлигаар цаасан болон зоосон мөнгөний хэмжээг хянах тусгай хороог Хархорум хотноо ажиллуулж байжээ. Хубилай хааны үед Хархорум хотод мөнгө тушаах газар байгуулж, олон төрлийн дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөнгөн гүйлгээний ажил эрхлэх салбаруудыг байгуулж байжээ. Ийнхүү түүхэн сурвалжуудыг нэхэн үзвэл дэлхий дээрх анхны төв банкийг байгуулсан улс орны тоонд Монголчууд бид зүй ёсоор бичигдэх дүр зураг гарч байна. Гэхдээ үүнийг түүхчид гүнзгийрүүлэн судлан үзүүштэй юм.

Монголын эзэнт гүрнээс 1921 оны Ардын хувьсгалын гарч, үндэсний банк байгуулагдах хүртэл түүхийн олон нугачааг туулж ирэхдээ Монголчууд олон төрлийн зоос, цай, алт, мөнгөн ембүү, жингийн мөнгө, зарим төрлийн тийз зэрэг элдэв зүйлийн эд таваар, Орос, Хятадын зоос, мөнгөн тэмдэгт, Англи, Америк, Мексикийн мөнгөн тэмдэгт зэргийг арилжаанд ашиглаж, мөнгөний гүйлгээ хийж иржээ.

Богд хаант Монгол Улсын Засгийн газрын үед Орос болон бусад улстай хамтран банк байгуулахыг нэг бус удаа оролдож,  Бага болзоот”, “Данзангийн доллар” зэрэг үндэсний мөнгөн тэмдэгттэй болох оролдлогуудыг хийж байв. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаар эдгээр оролдлогууд амжилтгүй болж байжээ.

Харин Ардын хувьсгалын дараа, Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк (тухайн үеэс Монголбанк гэж нэрлэж ирсэн) 1924 оны 6 дугаар сарын 2-нд Нийслэл хүрээнд байгуулагджээ. Ингэхдээ 250’000 алтан рублийн дүрмийн сантай,  2 салбар, 22 орон тоотой байв. БНМАУ-ын Их хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг төгрөг гэж нэрлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгожээ. Улмаар 1925 оны 12 дугаар сарын 9-ны өдөр Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гүйлгээнд гаргаж мөнгөний эргэлтийн эмх замбараагүй байдал, олон төрлийн мөнгөний гүйлгээг зогсоож чадсан баримт бий. Ийнхүү үндэсний банк байгуулагдаж, үндэсний мөнгөн тэмдэг-төгрөгийг гүйлгээнд гаргасан явдал нь орчин цагийн санхүүгийн тогтолцооны суурь болсны зэрэгцээ улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжих үндсийг тавьсан юм.

Өнгөрсөн 95 жилд банк, санхүүгийн салбар олон улсын түвшинд хүрч хөгжиж, гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Монголбанк нь 1924 онд байгуулагдсан цагаас эхлэн банк, санхүүгийн системийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний мөнгөн тэмдэгтийг олон улсын стандартад нийцүүлэн гаргах, гадаад валютын улсын нөөцийг удирдах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэв.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Та бид эдийн засагт үүссэн олон хүнд сорилтуудыг амжилттай даван гарлаа. Гадаад өрийн дефолтын аюул, ханшийн огцом савлагаа, эдийн засгийн уналттай үед оновчтой, шийдэмгий бодлого хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадсаны үр дүнд эдийн засагт тулгарсан саад бэрхшээлийг амжилттай даван туулаад байна. Эдийн засгийн өсөлт сүүлийн 3 жилд эрчимжиж 6.9 хувьд хүрсэн, инфляцид зорилтод түвшинд байсан, гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн, зээлийн хүү буурсан гээд олон нааштай үр дүн гараад байна.

Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байна. Гэхдээ тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх асуудлууд чухал хэвээр байна.

Цаашид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа, Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байгааг энд онцлох нь зүйтэй.

Өнөөдөр зохион байгуулж байгаа “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”, “Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”-ийн хүрээнд “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь” болон “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн 3 дэд хуралдаанаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ялангуяа, (i) банк, санхүүгийн хөгжлийн түүхийн хуудсаас авах сургамж, цаашид эдийн засгийн бодлогын түвшинд анхаарах асуудал,  (ii) санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэхэд хэрэгжүүлэх арга хэмжээ, (iii) Финтекийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүний зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Иймд Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье.

Үндэсний мөнгө, санхүүгийн тогтолцоо үүсэн бүрэлдэхээс өнөөгийн олон улсын түвшинд хүрсэн банк, санхүүгийн салбар хэмээх их айлын голомтыг бадрааж, боловсронгуй болгох их үйлст оюун ухаан, овсгоо самбаа, мэдлэг чадвар, сэтгэл, итгэлээ зориулж, хувь нэмрээ оруулж ирсэн бүхий л үеийнхэн, төр засгийн бодлого тодорхойлогчид, энэ салбарыг түүчээлж ирсэн санхүүгийн салбарын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг уламж бэхжиж, эрдэнэсийн сан цаашид улам өргөжин баяжих болтугай!

No comments:

Post a Comment