2019/04/09

Д.Даш-Ёндонгийн Философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлийн хамгаалалт дээр хэлсэн үг

Д.Даш-Ёндонгийн Монголын хөгжлийн философи сэдвээр Философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээлийн хамгаалалт дээр хэлсэн үг

Эрдэмтэн, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе !

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндон гуай 73 насандаа Философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл туурвиж, өнөөдөр хамгаалалтаа хийж байгаа нь бахархалтай үйл хэрэг юм. Энэ үйл хэргээс залуу судлаачид, эрдэмтэд үлгэр дууриалал авах учиртай. Миний хувьд ч цаашид илүү их үйл хэргийг бүтээх урам, зориг авч байна.

Дэлхий даяар л хөгжлийн хуучин үзэл баримтлалаа өөрчилж, шинэ зам хайсан тэмцэл өрнөж, сорилт тулгарч байна. АНУ, Хятадын худалдааны маргаан, Бриксит, Европын холбооны сорилт, Хятадын зам ба бүс санаачилга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ойрх Дорнод, Өмнөд Америкт өрнөж буй геополитикийн үйл явдлуудаас харахад дэлхий ертөнц өөрчлөлтийн шинэ зам дээр гарч ирлээ. Монголчууд бид ч бас хөгжлийн шинэ замналаа хайж байна. Үүний нэг илрэл бол Б.Даш-Ёндон гуайн шинэ бүтээл юм. 

Монгол төрийн бодлого нь алсын хараатай, харилцан уялдаатай, цаг хугацааны туршид тогтвортой хэрэгжиж хэмээн үр дүнд хүрч, Монгол Улс тогтвортой хөгжих учиртай. Иймд Монголын хөгжлийн философи, түүнийг хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний тухай бид нухацтай судалж, санал бодлоо солилцож, ажил хэрэг болгох нь чухал гэж үзэж байна. Энэ хэлэлцүүлэгт өнөөдөр хамгаалж буй бүтээл чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий улс орнууд өнөөдөр хөгжлийн асуудлыг дан ганц эдийн засгийн талаас нь бус, түүх, социологи, улс төр, нийгмийн болон улс төрийн философи, улс төрийн эдийн засаг болон антропологийн талаас нь бүрэн судалж, өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн замналыг тодорхойлохыг оролдож байна. Иймд салбар бүрийн эрдэмтэн, судлаачид Монголын хөгжлийн асуудалд өөрийн салбарын үүднээс судалгаа хийж, төрийн бодлогод тусгуулахаар дуу хоолойгоо хүргэх нь чухал байна. Даяаршлын эрин үед Монголын цаашдын хөгжлийн бодлогод үндэсний хөгжлийн философи, үндэсний бодит чадавх, геополитикт гарч буй өөрчлөлтийг авцалдуулах асуудал чухал юм.

Монголчуудын гол үнэт зүйл, хөгжлийн тулгуур нь
  • Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах,
  • Монголын уламжлалт соёл, аж төрөх ёсоо хамгаалах, 
  • Монгол хүний аюулгүй байдлыг хангаж, хөгжүүлэх, иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх явдлыг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх,
  • Үндэсний эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгох, санхүүгийн аюулгүй байдлаа хангах,
  • Ардчилал, хүний эрх, сайн засаглалыг бэхжүүлэх,
  • Мэдлэг, технологи болон инновацид суурилсан эдийн засаг руу шилжиж буй глобал чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах, 
  • Даяаршил, либералчлалын эрин үед үндэсний эрх ашиг, глобал эрх ашгийн тэнцвэр”-ийг олох, 
  • Газрын хэвлийн доорх, дээрх баялгаа үндэсний, иргэн бүрийн баялагт хөрвүүлэх,
  • Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах,
  • Төв рүү тэмүүлэх, төвөөс зугтаах хүчний аль аль нь үйлчилж буй шинэ эринд геополитикийн асуудалд анхаарал хандуулж, олон улсын харилцаа (дипломат ажиллагаа)-ны суурь зарчимд тусгах явдал гэж харж байна. 
Төрийн бодлого нь гуйвж, шарвахгүй, түмэн олон нь улс орны хэтийн төлөвийн талаар нэгдсэн ойлголттой байж, зөвшилцөлд хүрэхэд Монгол үндэсний хөгжлийн философи онцгой үүрэгтэй гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Монголын хөгжлийн философи, стратеги нь улс төрийн орчноос үл хамааран төрийн бодлогод тусч, хэрэгжих ёстой. Цаг үеийн нөхцөл байдал, шинэ судалгааны үр дүнгүүдэд суурилан өөрчлөгдөж, улам баяжин хөгжих амьд баримт бичиг байх нь зүйн хэрэг юм .Иймд эрдэмтэн, судлаачид Та бүхний судалгааны үр дүн, санал санаачилга Монгол төрийн бодлого мэргэн байж, хэрэгжилт нь үр дүнтэй байхад тус дэм болно бүрэн итгэлтэй байна. 

Эцэст нь, Б.Даш-Ёндон гуайд дахин баяр хүргэж, эрдмийн ажилд нь амжилт хүсэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм номын ариун цагаан үйлс нь өрнөн дэлгэрэх болтугай. 

No comments:

Post a Comment