2019/04/19

“Банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”, “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-ын нээлтэд хэлсэн үг


БАНКНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН
ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ,
 “ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЧУУЛГАН 2019”

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүд болон Монголын санхүүгийн зах зээлийн гол зохицуулагч, оролцогч байгууллагуудын төлөөлөл, эрхэм зочид төлөөлөгч Та бүхэнд Монголбанкны нэрийн өмнөөс талархал илэрхийлье!

          Монголбанкнаас эдийн засаг, санхүүгийн зах зээл болон макро бодлогод тухайн цаг үед болон ойрын ирээдүйд тулгамдаж буй сорилт, шийдэл, бодлогын боломжит хувилбаруудыг судалж хэлэлцдэг эдийн засгийн бодлогын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. ‘Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган’-ыг 2018 оны 1 дүгээр сард ‘Эдийн засгийн чиг хандлага, сорилтууд’ сэдвийн хүрээнд зохион байгуулсан билээ.

Монгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байна. Иймд энэ жилийн “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-ыг “Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”-тай хамтатган “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Банкны салбар, үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанкнаас түүхэн эх сурвалжуудыг бэлтгэн олны хүртээл болгох ажилд онцгой анхаарч ажиллаа. Тухайлбал, Монгол Улсын Эрдэнэсийн сан, Монголбанкны түүхийн альманах, “Монголын их эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурcгалын зоос” гурван цуврал түүхийн бүтээл,  Монголбанк 95: Түүх ба баримт, Монгол төрийн эдийн засгийн бодлого: сорилт, сургамж, асуудал 1911-2018” зэрэг ном, бүтээлүүд гаргахад дэмжлэг үзүүлж, уншигчдын гарт хүргэснийг дуулгахад таатай байна.

Бидний өвөг дээдэс (эртний монгол аймгууд) хаяа зэргэлдээ овог аймгуудтай эдийн засаг, соёлын харилцаатай, худалдаа арилжаа хийж байсны нэгэн нотолгоо болсон зоосон мөнгө Хүннүгийн хот балгадын тууринаас олджээ. Чингис хаан дэлхийн түүхэнд тодоор мөрөө үлдээсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, дэлхий дахинаа худалдаа, арилжааг даяаршуулан тэлж, алт, мөнгөн зоос цутгуулж, цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд гаргаж байсан түүхтэй билээ. 1241 онд Их Монгол Улсын мөнгө нэртэй зоосыг гаргаж байсан бол 1253 онд Мөнх хааны зарлигаар цаасан болон зоосон мөнгөний хэмжээг хянах тусгай хороог Хархорум хотноо ажиллуулж байжээ. Хубилай хааны үед Хархорум хотод мөнгө тушаах газар байгуулж, олон төрлийн дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөнгөн гүйлгээний ажил эрхлэх салбаруудыг байгуулж байжээ. Ийнхүү түүхэн сурвалжуудыг нэхэн үзвэл дэлхий дээрх анхны төв банкийг байгуулсан улс орны тоонд Монголчууд бид зүй ёсоор бичигдэх дүр зураг гарч байна. Гэхдээ үүнийг түүхчид гүнзгийрүүлэн судлан үзүүштэй юм.

Монголын эзэнт гүрнээс 1921 оны Ардын хувьсгалын гарч, үндэсний банк байгуулагдах хүртэл түүхийн олон нугачааг туулж ирэхдээ Монголчууд олон төрлийн зоос, цай, алт, мөнгөн ембүү, жингийн мөнгө, зарим төрлийн тийз зэрэг элдэв зүйлийн эд таваар, Орос, Хятадын зоос, мөнгөн тэмдэгт, Англи, Америк, Мексикийн мөнгөн тэмдэгт зэргийг арилжаанд ашиглаж, мөнгөний гүйлгээ хийж иржээ.

Богд хаант Монгол Улсын Засгийн газрын үед Орос болон бусад улстай хамтран банк байгуулахыг нэг бус удаа оролдож,  Бага болзоот”, “Данзангийн доллар” зэрэг үндэсний мөнгөн тэмдэгттэй болох оролдлогуудыг хийж байв. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаар эдгээр оролдлогууд амжилтгүй болж байжээ.

Харин Ардын хувьсгалын дараа, Монгол Улсын Засгийн газрын 1922 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк (тухайн үеэс Монголбанк гэж нэрлэж ирсэн) 1924 оны 6 дугаар сарын 2-нд Нийслэл хүрээнд байгуулагджээ. Ингэхдээ 250’000 алтан рублийн дүрмийн сантай, 2 салбар, 22 орон тоотой байв. БНМАУ-ын Их хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-нд мөнгөний шинэчлэл явуулах тухай тогтоол гаргаж, Монголын үндэсний мөнгөний нэгжийг төгрөг гэж нэрлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрхийг Монголбанкинд олгожээ. Улмаар 1925 оны 12 дугаар сарын 9-ны өдөр Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийг 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гүйлгээнд гаргаж мөнгөний эргэлтийн эмх замбараагүй байдал, олон төрлийн мөнгөний гүйлгээг зогсоож чадсан баримт бий. Ийнхүү үндэсний банк байгуулагдаж, үндэсний мөнгөн тэмдэг-төгрөгийг гүйлгээнд гаргасан явдал нь орчин цагийн санхүүгийн тогтолцооны суурь болсны зэрэгцээ улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжих үндсийг тавьсан юм.

Өнгөрсөн 95 жилд банк, санхүүгийн салбар олон улсын түвшинд хүрч хөгжиж, гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, улс орны бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. Монголбанк нь 1924 онд байгуулагдсан цагаас эхлэн банк, санхүүгийн системийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний мөнгөн тэмдэгтийг олон улсын стандартад нийцүүлэн гаргах, гадаад валютын улсын нөөцийг удирдах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэв.

95 жилийг хамрах Монголын банк, санхүүгийн харилцааны түүх сонин содон үйл явдлаар арвин юм. Үндэсний мөнгөн тэмдэгт гарч, төгрөгийн үүрэг өсөн нэмэгдсэнээр Засгийн газрын тогтоолын дагуу 1927 оноос эхлэн байгууллага, аж ахуйн балансыг төгрөгөөр гаргах болсны дээр улсын дотор бүх тооцоог төгрөгөөр хийх болжээ. 1927 онд хуралдсан БНМАУ-ын IV Их хурлаас улсын цаасан төгрөгийг албан баталгаатай болгож, үнэ ханшийг тогтвортой байлгах чиглэлд шийдвэр гарсны дагуу Монголбанкинд хуримтлагдсан улсын алт болон валютын нөөцөд түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд шилжүүлжээ. 1928 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж, 51.8 америк центтэй тэнцэх болжээ. БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 52 тоот тогтоолоор үндэсний мөнгөн тэмдэгтийн 40 хувийг алтаар баталгаажуулах, 10 төгрөгийн алтан зоос тус бүр 1 золотникийн 80 хувьтай тэнцэнэ гэж тогтоожээ.

Мөнгөний шинэтгэл, банкны үндэс суурийг амжилттай хэрэгжүүлсэн нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, мөнгөн хөрөнгийн нөөцийг хуримтлуулж, аж ахуйг санхүүжүүлэх, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, хөрөнгийг арвилан хэмнэх, бэлэн мөнгөний гүйлгээг зөв төлөөлөн зохицуулах, мөнгөний эргэцийг түргэтгэх ач холбогдолтой байв.  Монгол Улсад үндэсний банк үүсэж хөгжсөн түүх нь тухайн үед улс орны өмнө тавигдаж байсан зорилт, түүнийг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээтэй нягт уялдаатай байв.
Тухайн үеийн Монголбанк нь нэг талаас бодлого боловсруулагч, нөгөө талаас одоогийн арилжааны банкны үүргийг давхар гүйцэтгэж байлаа. 1928 оноос хэрэгжиж эхэлсэн Монголд нийгэм журам (социализм)-ыг шууд байгуулах гэсэн оролдлого, арга хэмжээ нь хөгжиж эхэлж байсан мөнгө, зээлийн системд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралд хүргэж байсан түүхэн баримт бий. Монголбанк нь 1932 оноос “Шинэ эргэлтийн бодлого”-ын хүрээнд улс орны хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй нийцүүлэн үйлдвэрийн газруудад зээл олгож байв. 1934 онд хуралдсан БНМАУ-ын XVII Бага хурлаас тус улсын нийт санхүүгийн байдлыг хэлэлцээд, Монголбанкны цаашдын зорилтыг ардын аж ахуй, энгийн худалдаанд зээллэг олгох явдлыг өргөн бэхжүүлэх, зээлийн шинэтгэлийг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр даалгасан байна. 1938 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хуралд ардын аж ахуйтанд олгох урт хугацааны зээлийг нэмэгдүүлэх тухай асуудал хэлэлцүүлж, урт, богино хугацаатай зээл олгох зөвшөөрөл авчээ. 1930-1940 оны хооронд зээл жилд дунджаар 20 хувиар өсөж байжээ. 

1940 онд хуралдсан Улсын VIII их хурлаас улсын эдийн засгийн хөгжлийг цаашид эрчимжүүлэх, ялангуяа мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлж, үйлдвэр, барилга, зам тээврийн салбарыг хөгжүүлэх, санхүүгийн сахилга, хяналтыг дээшлүүлэх зорилт тавьжээ. Сайд нарын зөвлөлийн 1940 оны тогтоолоор хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Монголбанкинд төвлөрүүлэн хянаж гүйцэтгэж байхаар тогтсон байна.

Улсын сангийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар 1941 онд Алт малтаж гаргах арга хэмжээний тухай тогтоол гаргаж, мөн онд 100 кг алт олборлохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ улсад тушаах алтны үнийн 50 хувийг бараагаар олгох, 99.99 сорьцтой 1 грамм алтыг 4 төгрөг 47 мөнгөөр үнэлж авах, үүнийг нь Монголбанк уурхайн трестээс авахдаа 1 граммыг 6 төгрөг 50 мөнгөөр үнэлж авахаар тогтоожээ. Энэ үеэс л Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авч эхэлжээ.

Дэлхийн II дайны үед БНМАУ-ын мөнгө, зээлийн систем үйл ажиллагааг нягт нямбай явуулж, улс ардын аж ахуйг шаардлагатай мөнгөн хөрөнгөөр хангах, хэмнэлтийн чанд хатуу дэглэм барьж байв. Дэлхийн II дайны он жилүүдэд нийт зээл болон эдийн засгийн өсөлт саарч, гадаад худалдаа нэмэгдэж байсан бол 1950 оноос эдийн засгийн өсөлт хүчтэй эрчимжсэн байна.
1948 оноос улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулахад банкны үйл ажиллагаа чиглэжээ. Анхны 5 жилийн төлөвлөгөөний жилүүдэд банкнаас олгосон зээл 40 орчим хувь, банкны кассын орлого, зарлагын гүйлгээ 20 гаруй хувь өсөж, бэлэн мөнгөний гүйлгээ 20 шахам хувь буурч мөнгөний эргэлт нэлээд нэмэгдсэн байна.

Үндэсний боловсон хүчин бэлтгэх талаар анхаарч ажилласны үр дүнд 1954 он гэхэд банкны ажилтны 98 хувь нь Монголчуудаас бүрдэх болсон байна. Үүний зэрэгцээ бүх аймаг, томоохон сууринд Монголбанкны салбартай болж, мөнгө, зээл, төлбөр тооцоогоор үйлчлэн улсын хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээг төлөвлөгөөтэйгөөр зохицуулдаг болж, байгууллага хооронд тооцооны дэвшилтэт хэлбэрүүд, бэлэн бус төлбөрт тооцоо нэвтэрч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дангаараа Монголбанкны үйл ажиллагааг явуулах удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчин, санхүүгийн нөхцөл бүрдээд байв.  

1954 онд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-аас Худалдаа ба аж үйлдвэрийн банкинд оруулсан өөрийн хувь хөрөнгөө Монголын талд шилжүүлэн өгснөөр тус банк БНМАУ-ын Засгийн газрын мэдэлд бүрэн шилжив. 1954 оны 4 дүгээр сарын 12-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкийг өөрчлөн зохион байгуулж, БНМАУ-ын Банк гэж нэрлэхээр тогтож, Улсын банкны дүрмийг баталжээ. Дүрэмд БНМАУ-ын банк (Улсын банк) нь Монголбанкны суурь дээр байгуулагдсан эмиссийн ганц банк бөгөөд богино, урт хугацаатай зээл олгох, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, тус улсын гадаад, дотоод ажил гүйлгээ эрхлэх тооцооны ба кассын төв болно гэж заажээ. Мөн дүрмээр тус орны мөнгө, зээлийн системийг зохицуулан зохион байгуулж, удирдах, үндэсний мөнгөн тэмдэг-төгрөгийн худалдан авах чадварыг бэхжүүлэх, улс ардын аж ахуй, ард иргэдэд бэлэн мөнгөөр үйлчлэх, бэлэн мөнгийг хуримтлуулах, улсын төсвийн кассын үүргийг гүйцэтгэх, бэлэн мөнгөний зарцуулалтад төгрөгөөр тавих хяналтыг хариуцан явуулах бүрэн эрх, үүргийг Улсын банкинд олгожээ. Үүний зэрэгцээ улсын банкны төв аппарат нь түүний ерөнхий хороо байхаар заажээ. Улсын банкны Ерөнхий хороо нь өөрийн салбаруудын зээл тооцоо, санхүүжилт, бүртгэл, мөнгөний гүйлгээний бүх ажиллагааг зохицуулан явуулахад төвлөрсөн нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох заавар, заалт, удирдамжийг гаргадаг байв. 1954 оны байдлаар Улсын банк нь 22 хэлтэс, салбар 13 касстай байв.

Социалист байгуулалтын жилүүдэд БНМАУ-ын Улсын банкны Ерөнхий хороо нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт зохицсон нэгдмэл удирдлагатай, төвлөрсөн зохицуулалттай улсын банкны систем болж тогтжээ. Социалист аж ахуйг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлж буй нөхцөлд улс ардын аж ахуйн мөнгөн хөрөнгийн чөлөөт нөөцийг зээлийн журмаар хуваарилан олгох, эргүүлэн төвлөрүүлэх үйл ажиллагаа нь мөн л төлөвлөгөөгөөр зохицуулагдаж байв.

1960-аад онд хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зээлийн хөрөнгийн хувийг нэмэгдүүлэх нь манай орны хөгжлийг тэргүүний социалист орнуудын хэмжээнд хүртэл өөд татах улс ардын аж ахуйг хөгжүүлэх хурдцыг ханган шийдвэрлэгч зам мөн гэж үзэж байв. 1972 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор богино хугацаат зээлийн хүүг зээл олгогдож буй объектуудын эдийн засгийн шинж чанар, түүний хугацааны байдлыг харгалзан ялгавартай тогтоож байв. Аж үйлдвэрийн газруудад олгосон банкны богино хугацаатай зээлийн үлдэгдэл 1972 онд 1961 онтой харьцуулахад 2.6 дахин өссөн байна. 1973 он гэхэд улсын хэмжээнд нийт 220 гаруй тооцооны касс ажиллаж, ихэнх сум, нэгдэл, суурин газрыг хамарч байв. Улсын банкнаас барилга угсралтын байгууллагад олгосон богино хугацаатай зээлийн хэмжээ 1974 онд 1968 оныхоос 2.7 дахин өсөж, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийн 30 гаруй хувийг банкны богино хугацаатай зээлээр санхүүжүүлэх болжээ.

1980-иад оны эхэнд Улсын банк нь аж ахуйн мөнгөн касс, эмисс, зээл, хөрөнгө оруулалт, бэлтгэл тооцооны нэгдсэн төв болж, нийт аймаг, хотод банкны 21 контор, 25 салбар хэлтэс, 350 гаруй хадгаламж, тооцооны касс ажиллаж, тэдгээрт 2000 гаруй боловсон хүчин ажиллаж байжээ. Нийгмийн үйлдвэрлэлийн цар хүрээ өсөхийн хэрээр Улсын банкны гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ нэмэгдэж, түүний гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгджээ. 1983 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын банкны Ерөнхий хороонд “Үнэт зүйлс, эрдэнэсийн сангийн улсын фонд”-ыг байгуулсан байна. Энэ үеэс Эрдэнэсийн сан Улсын төв банкны мэдэлд харьяалагдах болжээ.

1990 оны эхээр улс төр, нийгмийн тогтолцооны өөрчлөлт нь эдийн засгийн тогтолцооны өөрчлөлттэй давхар явагдаж, Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн билээ. Өмчийн олон хэлбэр хөгжих эхлэл эргэн тавигдсан нь банкны задралыг үүсгэж, хуучин тогтолцоог эвдэх эхлэлийг тавив. 1990 онд батлагдсан “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”-ийн дагуу 1990 оны 7 дугаар сарын 27-нд Улсын банкны Ерөнхий хорооноос “Үйлдвэрлэлийн хувь нийлүүлсэн банк (сүүлд Капитал банк болсон)”-ийг байгуулахыг зөвшөөрснөөр Монгол улс дахь арилжааны банкуудын үйл ажиллагааны гараа эхэлсэн түүхтэй. 1990 оны 9 дүгээр сарын 18-нд “Монгол Хоршоо” банк, 10 дугаар сарын 24-нд “Монгол даатгал банк” байгуулагджээ. 1991 онд банкны тухай хууль гарч төв банк байгуулагдах хүртэл Улсын банкны Ерөнхий хорооноос тэнцэл тусгаарлаж Худалдаа хөгжлийн банк, Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн банк байгуулагдсан байна. Мөн Хөдөө аж ахуйн банк, Авто зам банк байгуулагджээ.

1991 онд БНМАУ-ын банкны тухай хууль батлагдав. Тус хуульд БНМАУ дахь банкны тогтолцоо нь БНМАУ-ын төв банк, арилжааны банкнаас бүрдэнэ хэмээн заажээ. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, эмиссийн үйл ажиллагаа явуулах, арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих, улсын валютын нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Монголбанк байгуулагдсанаар Төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлал бүхий банкны шинэ тогтолцооны үндэс тавигджээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогыг макро түвшинд хэрэгжүүлэх, эдийн засгийн мөнгөөр дамжуулан төрөөс зохицуулах гол субъект нь зах зээлийн нөхцөлд төв банк болов. БНМАУ-д хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай, гадаадын хөрөнгийн оролцоотой төрийн болон хувийн арилжааны банк байгуулах, түүний зэрэгцээ гадаадын банк, түүний салбар үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрчээ.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилт амар хялбар байгаагүй. Социалист хамтын нөхөрлөл задарч, тусламж дэмжлэг зогсон тул эдийн засгийн үйл ажиллагаа зогсонги, уналтын байдалд ороод байв. Эдийн засгийн шилжилтийн энэ үед үүссэн нөхцөл байдлыг дотоод нөөц бололцоогоор дангаар шийдвэрлэх боломжгүй байсан тул Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудад гишүүнээр элсэж, тэдгээрийн тусламжийг авч эхлэв. Тухайлбал, Монгол улс 1991 онд Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гишүүн орноор элсэж, бусад томоохон банкуудтай холбоо тогтоож хамтран ажиллаж эхэлсэн билээ.  

Зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжихэд нэн тэргүүнд (1) барааны үнийг чөлөөлж, ханшийн уян хатан тогтолцоог бий болгох, (2) улсын өмчийг хувьчлах, хувийн өмчийг бүртгэх, (3) 2 шатлалт банкны тогтолцоог хөгжүүлж, хувийн секторын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, (4) гадаад худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлэх, (5) татварын системийг бүрдүүлэх зэрэг эн тэргүүний шаардлагууд тулгарч байв.

1991 оны 1 дүгээр сарын 15-нд Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай хэмээх БНМАУ-ын Засгийн газрын 20 дугаар тогтоов гарав. Тус тогтоолоор мөнгөний масштаб өөрчлөгдөж, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн дүнг нэгэн зэрэг 2 дахин нэмэгдэж, харин иргэдийн хадгаламжийг 2 дахин өсгөж өгчээ. Энэхүү арга хэмжээг шилжилтийн эдийн засгуудад хийгдсэн шок эмчилгээ гэж нэрлэдэг. Үнэ, тарифын бүрдэлтийг 1992 оны эцэс гэхэд үндсэнд нь чөлөөт тогтолцоонд шилжүүлсэн нь зах зээлийн харилцаанд шилжих явцыг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсон. Гэхдээ зах зээлийн харилцаанд шилжих явцад ийнхүү үнийг чөлөөлснөөр Монгол улс гипер инфляцитай нүүр тулсан бөгөөд 1991 онд 53 хувь, 1992 онд 325 хувь, 1993 онд 183 хувийн инфляцитай байв.

Засгийн газар 1991 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ОУВС-гийн Эдийн засгийг тогтворжуулах зорилготой Стэнд-бай хөтөлбөрийг авч хэрэгжүүлснээр донор орнуудын зээл, тусламжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж байв. Үүнээс хойш Монгол Улс ОВУС-гийн 6 дахь хөтөлбөрөө одоо хэрэгжүүлж байна.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих дараагийн нэг томоохон алхам нь тогтмол ханшийн дэглэмийг халсан явдал юм. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1989 онд 3:1, 1990 онд 7:1, 1991 онд 15:1, 1992 онд 30:1 гэсэн харьцаатай байв. Улсын валютын нөөц шавхагдахын хэрээр ханшийг тогтвортой барихад хүндрэлтэй болсны дээр сэлбэг хэрэгсэл, материал түүхий эд импортоор авах боломж хязгаарлагдаж эхэлжээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн 1993 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар тогтмол ханшийн дэглэмээс валютын чөлөөтэй хөвөх ханшийн дэглэмд шилжив. Уг шийдвэрийн маргааш төгрөгийн гадаад валюттай харьцах чөлөөт Монголбанкны тогтолцоонд шилжих үеийн ханшийг 1 ам.доллар 393 төгрөгтэй тэнцэхээр тогтоожээ.

Эдийн засгийн шилжилтийн үе буюу 1991-2000 онд банкны салбар, төв банкны үйл ажиллагаанд хамаарах онцлох үйл явдал нь өндөр инфляцийг бууруулахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого, банкны салбарын хүндрэл байв. Банкны тухай хууль батлагдахаас өмнө буюу 1990 онд байгуулагдсан банкууд тодорхой уялдуулж зохицуулсан бодлогогүйгээр бага хүүтэй зээлийг хяналт муутайгаар их хэмжээгээр олгосны улмаас мөнгөний нийлүүлэлт үндсэндээ зохицуулалтгүй хэт өндөр өсөж, инфляцийг өдөөх эрэлтийн хүчин зүйл болсон бол нөгөө талдаа чанаргүй зээл нэмэгдэх үндсийг тавьжээ. Төрийн зохицуулалт сул нөхцөлд гүйлгээнд бий болсон мөнгөний тоо хэмжээг үндэсний үйлдвэрлэл, импорт бүрэн гүйцэж чадахгүйгээс үндэсний мөнгөн тэмдэгт суларч, улмаар долларжилт нэмэгдэж, энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлжээ. Ийнхүү эдийн засгийн уналт, гипер-инфляци давхцаж стагфляци бий болсноор иргэдийн амьжиргаанд том цохилт болж байв.

Төсөв, мөнгөний хатуу бодлогыг тууштай хэрэгжүүлсний дүнд 1998 онд инфляци нэг оронтой тоонд шилжсэн бол 1994 оноос хуримтлагдсан хүндрэлүүд ил гарч, банкны салбарын хүндрэл эхлэв. Тухайлбал, 1994 оны 9 дүгээр сард Монгол хоршоо банкийг Ардын банктай, Сэлэнгэ банкийг ХОТШ банктай нэгтгэсэн нь банкны бүтцийн өөрчлөлт хийх анхны оролдлого байв. Мөн ММ инвест банкийг татан буулгасан бол 1995 оны 3 дугаар сард Их зам банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож байв. Энэ нь 1996-1999 оны хооронд үргэлжилсэн банкны хямралын эхний дохио байв.

УИХ-аас 1996 онд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийг баталж, мөнгөний бодлогын үндсэн зорилго, эрх, үүрэг, бие даасан хараат бус байдал, мөнгөний бодлогын хэрэгслүүдийн хүрээг тогтоон хуульчлав. Банкны хүндрэл даамжирсаар 1996 он гэхэд банкнаас зугатах үзэгдэл газар авч, банкны хадгаламж 35 хувиар буурч байжээ. Төлбөрийн чадваргүй болж, алдагдал нь өссөөр байсан Монгол даатгал болон Ардын банкуудын 1996 оны 12 дугаар сард буулгаж, улмаар тэдгээрийн хадгаламжийг шинээр байгуулагдсан Хадгаламж банкинд, бусад хэвийн хөрөнгийг Сэргээн босголтын банкинд шилжүүлжээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үе олноор байгуулагдсан банкууд дампуурч, банкны салбар эрүүлжих алхам хийгдэж эхлэв. Тухайлбал, 1998 онд Эдийн тэнгэр, Монголбизнес банкууд, 1999 онд Баянбогд, Азийн хөрөнгө оруулалтын банк, Сэргээн босголт, ХОТШ, Экспорт, импорт банкууд дампуурч байв. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь банкны хямралын үе шатуудад буюу 1996 онд 50.8 хувь, 1999 онд 54.3 хувьд хүрчээ.

1997-1998 оны Азийн хямралын манай эдийн засагт үзүүлсэн шууд нөлөө сул байв. Тухайн үед гадаад орнуудтай санхүүгийн болон худалдааны хамаарал харьцангуй сул байсан нь үүнд нөлөөлжээ. Харин шууд бус нөлөө нь түүхий эдийн үнийн уналт, ОХУ-ын эдийн засгийн хямралаар дамжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралтад нөлөөлөв. Гадаад хүчин зүйлс, банкны хямралаас үүдэлтэй дотоод эдийн засаг дах долларжилтын нөлөөгөөр 1996-2000 оны хооронд төгрөгийн ам.доллартой харьцах ханш 58.8 хувиар суларчээ.

Банкны 2 шатлалтай тогтолцоонд шилжсэнээс хойш арилжааны нийт 34 банк байгуулагдаж, 20 нь үйл ажиллагааны алдаанаас шалтгаалан дампуурах, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Үүний дийлэнх нь 1994-1999 оны хооронд тохиолдсон билээ.  

2000-2008 онууд нь эдийн засгийн сэргэлт, хэт халалтын он жилүүд байв. Банкны салбарт бүтцийн томоохон өөрчлөлт, эрүүлжилт хийгдэж, банкуудад туршлага сууснаар 2000 оноос банкны салбарын үйл ажиллагаа тогтворжиж, иргэд, бизнес эрхлэгчдийн банкинд итгэх итгэл эрс дээшилж банкны системийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдэж эхлэв.

Алт, зэсийн үнэ 2001 оноос өсөж, банкны салбарын үйл ажиллагаа сэргэж, төрийн бодлогын тогтвортой байдал хадгалагдаж, худалдаа үйлчилгээний болон боловсруулах салбарууд сэргэснээр эдийн засаг 2001-2008 онуудад тогтвортой өсөж, өндөр түвшинд хадгалагдав. Тухайлбал, тухайн жилүүдэд эдийн засаг жил бүр дунджаар 7.1 хувиар өсжээ. Эдийн засгийн энэ сэргэлт, өрнөлийн үед ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй. 2001-2005 онуудад эдийн засагт мөнгөжилтийн процесс явагдсан гэж үздэг. Учир нь эдийн засгийн сэргэлтийг даган мөнгө, зээлийн үзүүлэлтүүд хурдацтай өссөн хэдий ч инфляци нам түвшинд тогтвортой хадгалагдсан юм. Тухайлбал, тухайн жилүүдэд мөнгөний нийлүүлэлт жил бүр 20 хувиас, нийт зээл 40 хувиас өндөр өссөн хэдий ч инфляци нэг оронтой тоонд хадгалагдав.

2004-2008 оны хооронд байгаль, цаг уурын тааламжтай нөхцөлтэй байсан бөгөөд уул уурхайн дараагийн хөөсрөлттэй нүүр тулав. Энэ хөөсрөлт нь “Бороо гоулд” компани алтны үндсэн орд ашиглаж эхэлснээр буюу 2004 оноос эхлэв. Тухайн орд ашиглалтад орсноор алтны олборлолт 74.6 хувиар нэмэгдэж, энэ нь 2004 оны эдийн засгийн өсөлт (10.6 хувь)-ийн 3.8 нэгж хувийг дангаар бүрдүүлж байв. Голланд өвчний шинж тэмдэг ёсоор уул уурхайн салбарын өндөр өсөлтөөс гадна худалдаа, үйлчилгээний салбар хурдацтай өсөж, төсвийн орлого, түүнийг дагаж төсвийн зардал огцом нэмэгдэв.

Төсөв, мөнгөний мөчлөг дагасан бодлого хэрэгжсэн тул мөнгө, зээлийн өсөлт хэт өндөр байв. Жишээ нь, 2007 онд М2 мөнгөний нийлүүлэлт 56.3 хувь, нийт зээл 68.1 хувиар өсөв. Төсвийн тэлэлт нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн өсөлтөөр дамжин инфляцид ирэх нөлөө хүчтэй байв. Ялангуяа, төрийн албан хаагчдын цалинг өсгөх сургаар бараа, бүтээгдэхүүний үнийг урьдчилан эсвэл дагуулан өсгөх байдал хүчтэй ажиглагдаж байв. Үүний дүнд эдийн засгийн халалт бий болж, үүнтэй зэрэгцэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, улмаар инфляци 2007-2008 онд 34 хувьд хүрч байв.

Энэхүү эдийн засгийн хөөсрөлт 2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр эргэн хагарч 2009 онд эдийн засаг -1.3 хувиар унав. Эдийн засгийн энэ удаагийн газардалт хүчтэй байв. Экспортын бүтээгдэхүүний үнэ 2008 онд огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО), гадаадад амьдарч буй монголчуудын мөнгөний гуйвуулгын хэмжээ татарч, хөрөнгийн гадагшлах урсгал ажиглагдсанаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах дарамт нэмэгдэв. Ханшийн сулрах дарамтыг сулруулах зорилготой валютын интервенци хийх замаар төгрөгийн эх үүсвэрийг эргүүлэн татах нөлөө хүчтэй байв. Үүний зэрэгцээ гадны байгууллагууд манай улсын банк, санхүүгийн байгууллага, компаниудад өгсөн зээлээ эргүүлэн татаж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хугацаагаа хойшлуулсан зэргээс дотоодын банкны салбарт зээлийн тасалдал үүсэж байв. Тухайлбал, М2 мөнгө 2008 онд 5.6 хувиар буурсан бол 2009 онд нийт зээлийн өсөлт 0.7 хувь байв.

Эдийн засгийн уналт бий болж, бизнес эрхлэгчдийн борлуулалт удааширч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан зэргээс зээлийн эрсдэл өсөж, чанаргүй зээл нэмэгдэв. Үүний дүнд банкны салбар 2008-2009 орнуудад алдагдалтай ажиллажээ. Эдгээр нөхцөл байдал банкны салбарт хүндээр тусч улмаар 2008-2009 онуудад Анод банк ХК, Зоос банк ХК-ын төлбөрийн чадвар муудан, үйл ажиллагаа нь доголдон татан буугдав. Засгийн газраас Зоос банкны сайн актив дээр тулгуурлан бонд гарган Төрийн банкийг шинээр байгуулсан бөгөөд муу активыг Зоос банк ХК-д нь үлдээн өр төлбөрийг барагдуулах үүрэг бүхий Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчийн зөвлөлийг ажлуулав.

Гэхдээ эдийн засгийн энэ удаагийн хямрал бусад орнуудтай харьцуулахад удаан үргэлжлээгүй. Учир нь 2009 оны 2 дугаар улирлаас эхлэн алт, зэсийн үнэ эргэн хурдацтай өсөж эхэлсэн бөгөөд дэлхийн хэмжээний том төсөл болох Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сард байгуулж, тус төслийн эхний шатны хөрөнгө оруулалт 2010 оноос орж ирж эхлэв. Түүнчлэн 2011 оноос манай орноос Хятадын зах зээл рүү гаргасан нүүрсний экспортын орлого огцом нэмэгдэв. Дэлхийн зах зээл дээр манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд байсан тул Оюу толгойн хөрөнгө оруулалтаас гадна уул уурхайн салбарт их хэмжээний ГШХО орж ирж байв. Эдгээрийн дүнд төлбөрийн тэнцлийн дарамт буурсан нь глобал зах зээл дээрх түүхий эдийн үнийн супер циклийн Монгол дахь нөлөөллийн эхлэл байв.

Ийнхүү хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдэж, төсвийн тэлэлт үргэлжилж, эдгээрийн дүнд мөнгө, зээлийн өсөлт 2010-2011 онд 60-70 хувиар өсөв. Өөрөөр хэлбэл, төсөв, мөнгөний бодлого мөн л мөчлөг дагасан хэлбэрээр хэрэгжив. Эдийн засгийн ийм орчинд инфляци эргэн хурдацтай өсөж 2010 онд инфляци 2 оронтой тоонд шилжив. Харин эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5 хувьд хүрч бүс нутагтаа төдийгүй дэлхий (Азербайжаны хамт)-д өндөр өсөлтөөр тэргүүлэв. Гэхдээ уул уурхайгаас хамааралтай манай эдийн засгийн хувьд энэ түүхэн амжилт нь удаан үргэлжлээгүй бөгөөд эргээд эдийн засгийн мөчлөгийн уналтын хэсэг рүү шилжиж эхлэв.
Түүхий эдийн үнийн супер циклийн төгсгөл үе буюу 2012 оны сүүлээр эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн. Сөрөг гадаад шоктой орчинд эдийн засгийг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн төсвийн болон төв банкны төсвийн шинж чанартай бодлогын арга хэмжээний эерэг нөлөө тийм удаан үргэлжлээгүй. Харин эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож, төсвийн бодит алдагдлын хэт өндөр түвшинд хүргэж, улсын секторын дотоод, гадаад өрийг нэмэгдүүлж, гадаад валютын цэвэр нөөцийг сөрөг түвшинд хүргэж, инфляцийг өсгөж, эргээд ханш сулрах, эдийн засгийн уналтад орох суурийг тавьсан юм. Төв банкны төсвийн шинж чанартай үйл ажиллагаанаас олон сургамж авч, түүнийг давтахгүй байх, үр дагаврыг арилгах чиглэлд сүүлийн 3 жилд ажиллаж байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Та бид эдийн засагт үүссэн олон хүнд сорилтуудыг амжилттай даван гарлаа. Гадаад өрийн дефолтын аюул, ханшийн огцом савлагаа, эдийн засгийн уналттай үед оновчтой, шийдэмгий бодлого хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадсаны үр дүнд эдийн засагт тулгарсан саад бэрхшээлийг амжилттай даван туулаад байна.

Төсвийн тэлэлт, төсвийн шинжтэй үйл ажиллагаа, валютын гадагшлах урсгалын  үр дагаварт төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2016 оны 7 дугаар сараас огцом суларч, иргэд мөнгөн хөрөнгөө гадаад валют руу хөрвүүлж эхлэхэд нөлөөлөв. Мөн олон улсын зах зээл дээр гаргасан Хөгжлийн банкны бондын үнэ огцом буурч, зээлжих зэрэглэлийн агентлагууд 2016 оны 9 дүгээр сараас Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулж эхлэв.  Зээлжих зэрэглэл буурч, гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх өртөг нэмэгдсэн, хөрөнгө оруулагчид эдийн засгийн цаашдын төлөвт итгэх итгэл суларсан нь гадаад захаас эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрэн хязгаарлаж байв. Өндөр хүүтэй эх үүсвэр нь өрийн тогтворгүй байдлыг улам эрчимжүүлэхэд хүргэхээр байв.

2016 оны 3 дугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт сөрөг түвшинд хүрч, дефляци ажиглагдаж, банкны салбарт эрсдэл хуримтлагдаж, ОУВС-гийн тодорхойлолтоор гадаад валютын цэвэр нөөц -2.75 тэрбум ам.долларт хүрч, улсын гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд шилээ даран хүлээгдэж байлаа. Монгол Улс 2017 онд гадаад өрийн хүнд нөхцөл байдалд орсон жил байв. Ялангуяа, төсвийн болон гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, өрийн дефолтоос зайлсхийх асуудал том сорилт болж байлаа. Тухайлбал, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт 2017 оны 3 дугаар сард, Хятадын Ардын банк (ХАБ) болон Монголбанкны хооронд байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлээр Монголын талын авч ашигласан юаний эргэн төлөлт 2017 оны 8 дугаар сараас эхлэх, Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт  2018 оны 1 дүгээр сард, Димсам бондын 1 тэрбум юань (160 орчим сая ам.доллар)-ий эргэн төлөлт 2018 оны 6 дугаар сард хийгдэхээр шилээ даран хүлээгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадаад өрийн дефолт болох ирмэг дээр дэнжигнэж байв. Дефолт болсон тохиолдолд гэрээний нөхцөлийн дагуу Монгол Улс Засгийн газрын 850 сая ам.доллар, арилжааны банкуудын гадаад өр болох 800 сая ам.доллар, нийт 1 тэрбум 650 сая ам.долларыг нэг өдөр нэг цагийн дотор эргүүлэн төлөх нөхцөл байдал үүсэх байсан учраас дефолт бол сонголт биш гэсэн шийдвэрт хүрсэн юм. Эдгээр өр төлбөрийг төлөхөд гадаад валютын нөөц хүрэлцэхгүй, валютын дотоодын зах зээл дээр ноцтой хүндрэл бий болгохоор байсан тул өрийг төлөхөд гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх, дахин санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай байв.

Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, бодлогын сахилга бат алдагдаад байсан тул гадаад зах зээл дээр дахин санхүүжилт хийхэд эрэлт бага байх, хүү нь өндөр байж дунд хугацааны өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байв. Иймд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, доноруудын хөнгөлөлттэй нөхцөл (урт хугацаатай, хямд хүүтэй)-тэй санхүүжилтээр төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг богино хугацаанд сэргээх, эдийн засаг, санхүүгийн салбарт реформ хийх зайлшгүй шаардлагатай байв. ОУВС-тай амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, богино хугацааны гадаад өр, төлбөрийн асуудлаа шийдвэрлэж чадсан билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, доноруудаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон мэдээ нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсын эдийн засгийн төлөвт итгэх итгэлийг сэргээж, хугацаа нь дуусахаар хүлээгдэж байсан Хөгжлийн банк, Засгийн газрын бондуудыг амжилттай дахин санхүүжүүлж, 2017 оны 8 дугаар сарын 21-нд хугацаа нь дуусахаар хүлээгдэж байсан Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгахаар болж богино хугацааны өрийн дарамт буурав.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанк бүх талаар дэмжин ажиллаж байна. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд эдийн засгийн сэргэлт эрчимжиж, инфляци зорилтот түвшний орчимд байж, эдийн засгийн дархлаа нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засагт итгэх итгэл сэргэж, улмаар дефолтын эрсдэлээс зайлсхийж, хөтөлбөрийн хүрээнд тохирсон зорилтуудаа амжилттай ханган хэрэгжүүлж байна. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байна. Төв банкны үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд байлгах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих мөнгөний болон ханшийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. 2017, 2018 онуудад эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрлөө. Тухайлбал, 2018 онд мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өссөн нь сүүлийн 3 жилд өсөлт эрчимжиж, өндөр түвшинд хүрсэн үр дүн болж байна.

 Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж, сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрлээ. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өслөө. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болов

Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн дархлааг сайжруулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эрүүл банкны салбартай байх нь эрүүл санхүүгийн салбар бий болгож, улмаар эдийн засгийн эрүүл суурь бүрдүүлдэг тул Монголбанкнаас банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх онцгой анхаар байна. Банкны салбарт активын чанарын үнэлгээг хийлгэж, үр дүнг банкуудын тайланд тусгах, өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхүүлэх, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зэрэг ажлуудад төвлөрч ажиллаж байна.

Монголбанк гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг хослуулан үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.7 тэрбум ам.доллар (импортын 9 орчим сарын хэрэгцээг хангах түвшин)-т хүргэн нэмэгдүүллээ. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.долларыг бүрдүүллээ. ГВАН нэмэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлсийн нэг байв. Тухайлбал, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд нэмэгдүүлж, Fitch болон S&P агентлагууд 2016 оны хүндрэлийн өмнөх түвшинд хүргэн сайжруулаад байна. Ийнхүү макро эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлт хангагдаж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Засгийн газар, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци болон бусад хувийн секторын гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх хүү бага байх, валютын дотогшлох урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэв. Ийнхүү валютын дотогшлох урсгал нэмэгдэх нь эргээд ГВАН нэмэгдэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад ч эерэгээр нөлөөлж байна.

Монголбанк 2012-2016 онуудад алдагдалтай ажиллаж хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг хүрээд байв. Эдгээр он жилүүдэд Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж, гадаад валютын өрийг нэмэгдүүлсэн нь энэ том хэмжээний алдагдалтай ажиллахад хүргэсэн байв.

Харин сүүлийн 2 жил гаруй хугацаанд Монголбанк улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, санхүүгийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхүйц өнгөрсөн он жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж ирлээ. Харин гадаад захын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан, ашиглаж байна. Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй, санхүүгийн сахилга батыг хангаж ажилласны үр дүнд 2017, 2018 орнуудад ашигтай ажиллаж, хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, 1.8 их наяд төгрөг болгоод байна. Одоо баримталж буй зарчим, үйл ажиллагаагаа цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах боломжтой бөгөөд хуримтлагдсан алдагдлыг бууруулж, ашигтай гаргах зорилтын төлөө зүтгэн ажиллаж байна.
Монголбанк өргөн хэмжээний шинэчлэл, реформуудыг хэрэгжүүлж, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ амжилттай  биелүүлж байна. Зохистой засаглал, бодлогын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлснээр дунд болон урт хугацаанд тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх боломж нээгдэж, эдийн засгийн болон санхүүгийн хямралд өртөхгүй байх хөшүүрэг бүрдэнэ. Иймд 2017 оны эхээр Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2017-2019 оны хооронд хэрэгжүүлэхээр баталж, сүүлийн 2 жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь i) хууль, эрх зүйн орчинг сайжруулах, ii) засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, iii) хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, iv) дэвшилтэт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, v) хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн таван чиглэлд тулгуурлаж байгаа болно.

Банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийж, Төв банкны хараат бус байдлыг баталгаажууллаа. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль зэрэг хуулиудыг шинэчлэн батлуулснаар Төв банкны сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болсон нь санхүүгийн салбарт болсон чухал үйл явдал байлаа. Энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарыг илүү эрүүл, чийрэг байлгах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн секторт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монголбанк мөнгө, ханшийн бодлогоос гадна макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай ашиглаж байна. Үүний үр дүнд төв банкны үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд байлгах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Монголбанк 2018 оноос нягтлан бодох бүртгэлийн олон улсын IX стандартын дагуу санхүүгийнхээ тайланг гаргаж, Төв банкны тайлагналын найдвартай, хариуцлагатай байдлыг бататгалаа. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн эд зүйлст анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, сан хөмрөгөө түүхийн хосгүй үнэт олдворуудаар баяжууллаа. Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг бүрдүүлж, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг болгон нэмэгдүүлж, гүйлгээ дамжуулах хурдыг 3 дахин өсгөж, системийн тасралтгүй, найдвартай байдлыг бэхжүүллээ. Үүний зэрэгцээ төгрөгтэй адилтгах бэлэн бус төлбөрийн хэрэгсэлд анхны тусгай зөвшөөрлийг олгож, Финтекийн цаашдын хөгжлийг дэмжих суурийг тавилаа. 

Монголбанкны бүтэц, зохион байгуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн шинэчилж, чадварлаг залуу удирдлагын багийг бүрдүүлэн хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгон ажиллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны ажилчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хаягдаад байсан Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, Монгол Улсын эрдэнэсийн сан ном гаргаж, хосгүй үнэт эрдэнэсийн сангийн үзвэрээс бүрдсэн музей болгон тохижуулж нийтэд нээлттэй болголоо.

Сүүлийн үеийн технологийн дэвшлийг Монгол Улсын төлбөрийн систем, ₮ картын шинэчлэл, мөнгөн дэвсгэртийн шинэчлэл, дурсгалын зоосны үйлдвэрлэл, нууцлалыг сайжруулах зэрэгт өргөн нэвтрүүлж байна. Дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын гишүүнчлэлтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын дээд удирдлагуудтай байнга уулзаж, өөрийн орны нөхцөл байдлыг тайлбарлан таниулж, цаашдын хамтын ажиллагаа, тусламж дэмжлэгийн талаар ярилцаж байна. Үүний зэрэгцээ Монголбанкны захиалгаар мөнгөн дэвсгэрт, зоос үйлдвэрлэдэг болон үнэт металл цэвэршүүлдэг компаниудтай нягт хамтран, туршлага судлан ажиллаж байна.

Монголбанкны судалгаа, шинжилгээний ажилд өндөр ач холбогдол өгч шилдэг ТинкТанк гэсэн байр сууриа бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд улс орны хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлох том институци болгох стратегийн алсын хараатайгаар Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг Монголбанкны дэргэд шинээр байгуулан ажиллуулж байна. Монголбанкны бодлого, судалгааны ажлуудыг бодлого боловсруулагчид салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон олон нийтэд хүргэж, тэдгээрийн санал, шүүмжийг авч тусгах зорилгоор мэргэжлийн болон нийтийн хэлэлцүүлэг, хурлыг богино давтамжтайгаар зохион байгуулж байна. Түүнчлэн “Монголбанкны мэдээлэл”, “Мөнгө, Санхүү, Баялаг” сэтгүүлүүд, бусад судалгаа, шинжилгээний сэдэвчилсэн товхимол, ном зэргийг шинээр санаачлан гаргаж, нийтийн хүртээл болгоод байна. 

Дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран харилцан санал солилцох уулзалт хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэх, хурал, хэлэлцүүлэг болон аян зохион байгуулах зэрэг олон чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх болон Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллаа, энэ чиглэлд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ.

Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байна. Гэхдээ тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх асуудлууд чухал хэвээр байна.

Цаашид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа, Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байгааг энд онцлох нь зүйтэй.

Өнөөдөр зохион байгуулж байгаа “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”, “Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”-ийн хүрээнд “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь” болон “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн 3 дэд хуралдаанаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ялангуяа, (i) банк, санхүүгийн хөгжлийн түүхийн хуудсаас авах сургамж, цаашид эдийн засгийн бодлогын түвшинд анхаарах асуудал,  (ii) санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэхэд хэрэгжүүлэх арга хэмжээ, (iii) Финтекийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүний зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Иймд Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхнийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье.

Үндэсний мөнгө, санхүүгийн тогтолцоо үүсэн бүрэлдэхээс өнөөгийн олон улсын түвшинд хүрсэн банк, санхүүгийн салбар хэмээх их айлын голомтыг бадрааж, боловсронгуй болгох их үйлст оюун ухаан, овсгоо самбаа, мэдлэг чадвар, сэтгэл , итгэлээ зориулж, хувь нэмрээ оруулж ирсэн бүхий л үеийнхэн, төр засгийн бодлого тодорхойлогчид, энэ салбарыг түүчээлж ирсэн санхүүгийн салбарын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг улам бэхжиж, эрдэнэсийн сан цаашид улам өргөжин баяжих болтугай!

No comments:

Post a Comment