2016/07/17

“Mongolia and the great Powers in the twentieth century”

“Mongolia  and the great Powers in the twentieth century”


Эрхүүгийн Улс Ардын Аж Ахуйн дээд  сургууль  гэж байсныг би төгссөн юм. Бид товчлоод  Эрхүүгийн Нархоз гэдэг. Одоо нэрээ өөрчлөөд  Байгалийн  Улсын Их  сургууль  гэдэг болсон. Тус сургуулиас  "Известия Байкальского  Государственного Университета" гэдэг сэтгүүл жилд 6 удаа гаргадаг, төгсөгчид бид авч хардаг юм.
Сүүлийн дугаар дээр А.П.Суходолов, Ю.В.Кузьмин, А.Ф.Манжигеев нарын бичсэн. "Монголия и Великие державы в ХХ веке" өгүүлэл нийтлэгдсэнийг олзуурхан уншлаа. "Mongolia  and the great Powers in the twentieth century" - "Монгол ба Том гүрэн улсууд 20 дугаар зуунд" гэж нэрлэсэн өгүүлэл.
Монголын  төрийн  зүтгэлтэн,  дипломатч, эрдэмтэн судлаач Равдангийн Болдын "Независимость и Признания. Монголия в треугольнике интересов США- Россия-Китай, 1910-1973 годы" номыг 2015 онд Москвагийн "Весь Мир" хэвлэлийн газарт хэвлэн гаргасан байна.
Номыг Монгол хэлнээс орос хэлэнд монголч эрдэмтэн Ю.Н.Кручкин хөрвүүлж, номын өмнөх үгийг Оросын Дорно Дахины хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор А.С.Железняков бичсэнбайв. Энэ номын талаар Байгалийн их сургуулийн профессорууд дүгнэлт өгсөн байна.
Юуны өмнө эдгээр эрдэмтэд  АНУ-ын үндэсний архивт хадгалагдаж буй ховор  түүхэн  материал  ашигласныг онцлон тэмдэглэжээ. Дэлхийн Монгол судлалд анх удаа асар  өргөн хүрээтэй англи хэл дээрхи  түүхэн   баримт  бичгүүд  гаргаж  ирснийг  хүлээн зөвшөөрсөн байна. Ер нь номыг  бүхэлд нь  маш  өндөр үнэлсэн, түүхийн чухал бүтээл болсон гэжээ.
Гэхдээ эдгээр профессорууд Орос-Монголын харилцааг үнэлж, дүгнэсэн  Р.Болдын байр суурьтай санал нийлэхгүй байгаагаа дурьдаж,  уг  асуудалд  америкийн  түүхчдийн  байр  суурьнаас хандсан байна гэжээ.
Орос орон хэрэг дээрээ  Монголыг тусгаар тогтнолоо олж авахад тусалж, үндэсний зэвсэгт хүчин, армитай болгож, орчин үеийн санхүү, боловсрол,  эрүүл  мэндийн  тогтолцоог үүсгэн байгуулалцаж, үндэсний  эдийн засаг  аж үйлдвэрийн суурийг бүрэлдүүлэхэд оролцсон гэж дээрхи эрдэмтэд үзсэн байна.
Гэтэл АНУ нь Хятадтай  тогтоосон харилцаа холбоогоо муутгахаас болгоомжлон  Монгол улсыг  анхаарлаасаа  холдуулж  удаан хугацаанд  хүлээн зөвшөөрөхгүй,  дипломат   харилцаа  тогтоохгүй  байсаар 1970-аад он хүргэсэн гэжээ. Энэ мэт ганц нэг зүйл дээр, зохиогчийн  байр  сууринд   шүүмжлэлтэй хандсан хэдий ч  бүхэлдээ  Р. Болдын ном нь  Монголын түүхийн ухаан,  дэлхийн монгол судлалыг баяжуулан хөгжүүлсэн, түүхэн  үнэнийг тогтооход чухал   бүтээл  болсныг  өндрөөр үнэлсэн байна.
Оросын  эрдэмтэд  санал,  дүгнэлтээ  хэлснийг  уншлаа. Гэтэл  монгол хүн би энэ номыг  одоо хүртэл уншаагүй байсандаа биеэ чамлав. Ингээд Р. Болдын номыг олж авч орос хэл дээр уншиж дуусгав. Сайхан ном  юм, монголчууд  бидний  түүхийн олон чухал баримт бичиг америкийн архивт хадгалагдаж байсныг танилцуулсан энэ дипломатчид чин сэтгэлээсээ талархая.

Номыг  уншаад  Төрсөн бодлоо Та бүгдтэй хуваалцая.

Нэг. Монголын түүхийн,  тусгаар  тогтнолын төлөөх тэмцлийн маш олон чухал үйл  явдлын талаар шинэ мэдлэгтэй боллоо.  Монгол орны тусгаар тогтнол, бие даасан  хараат  бус  байдлын төлөө олон мянган монголчууд,  төрийн зүтгэлтнүүд хөлсөө гоожуулж, цусаа урсгаж иржээ.
Орос, Хятадын дунд хавчигдан зовсон Монгол орон аврал, тусламж хайж дэлхийн олон улс оронд, тэр дундаа дэлхийн хүчирхэг гүрэн болоод байсан АНУ-д хандаж яаралтай хүлээн зөвшөөрөхийг гуйж, харилцаа холбоо тогтоохыг санал болгож олон удаа хандсан байна
Анхны илгээлтийг 1912 оны 10 дугаар сарын 9 нд  Богд хаант улсын Засгийн газраас явуулжээ. Богд хаан 1919 оны 10 дугаар сарын 1 нд Бээжин дэхь АНУ-ын элчин сайдын яаманд хандаж бичсэн захидал, Жалханз  хутагт  Дамдинбазар 1920 оны 4 сард  Хаалган хот дахь АНУ-ын консулын газрын тэргүүн Чарльз Эберхардт нарт хандаж бичсэн захидлыг нулимс гаргахгүйгээр уншихын аргагүй байлаа. Хятадын  Ерөнхийлөгчийн дүү, генерал Суй Шужан Монголд цэрэглэн ирж автономит эрхийг нь цуцлан хүчингүй болгож төрийн эрхийг булаан авч байсан цаг үе.
Ерөнхий сайд  Бодоогийн талаархи үнэлэмж,  хүндэтгэл ном уншаад  эрс нэмэгдлээ. Зоригтой,  эх оронч эрбайжээ.  1921 оны 9 сарын 12 нд буюу Ардын Шинэ Засгийн газар байгуулагдсанаас 2 сарын дараа АНУ-ын Төрийн  Нарийн бичгийн  даргад  захидал бичиж Монголд шинэ засаг, төр байгуулагдсан бөгөөд  Богд гэгээнийг Хаан ширээнд залсан  хэвээрээ байгаагаа хэлээд харилцан гэрээ байгуулах, харилцаа холбоо тогтоох, элчин сайд  Монголд илгээхийг уриалсан байна
Энэ захиа  нь зарим улс орон,  хүмүүсийг дургүйцлийгихээхэн хүргэсэн нь  ойлгомжтой.  Д. Бодоо нь1922 онд   Богд  хааны  Шадар   сайд  Д. Чагдаржав,  Дотоод яамны сайд  Да лам Т.Пунцагдорж  нарын хамт цаазлуулсан байдаг.
Бодоогийн  дараа  Ерөнхий сайд  болсон Жалханз хутагт  Дамдинбазар Хөвсгөл нутагтаа очиж амьдран сууж байхад  Ардын Засгийн газраас очиж  залж  авчран Засгийн газрын  тэргүүнээр томилсон бөгөөд үүнээс хойш хэдхэн сарын дараа буюу 1923 оны 6 сард 50  насандаа  гэнэт  учир  битүүлэг  байдлаар  насан эцэс болжээ.
Д. Сүхбаатар бас 1923 онд гэнэт нас барав.
Монгол орон тусгаар улс  болж, дэлхий ертөнцөөр хүлээн зөвшөөрөгдөхөд  Х.Чойбалсан,  Ю.Цэдэнбал нар идэвхитэй ажилласан байна.
НҮБ-д элсэх анхны хүсэлтээ  Монгол улс 1946 оны 6 сарын 24 нд гаргасан байна. Дараан 1948,1955,1956,1957 онуудад давтан гаргаж байжээ. Тууштай шаргуу ажилласан байна. Тэр цагт төр барьж байсан удирдагчдын Монгол улсынхаа тусгаар тогтнолоо олон улс орноор хүлээн зөвшөөрүүлэх, дэлхийн хамтын нийгэмлэгт тэгш эрхэт гишүүн болох бодлого, алсын хараа тодорхой харагддаг

Хоёр. Монголын өнөөдрийн тусгаар тогтнолыг олж  авахад  тусласан хэд хэдэн дэлхийн томоохон лидер, удирдагчид байсныг  Р.Болдын номонд тодорхой гаргажээ. Монгол хүн чанар гэж байдаг л бол энэ талаар бид  мэдэж, дурсаж байх учиртай.
Эхлээд  Сталиныг  нэрлэх нь  түүхэн  үнэн,  шударга  ёсонд   бүрэн  нийцнэ.   1945  оны  2 сард   Крымийн  Ялтад   болсон      У.Черчиль,  Ф. Рузвельт,  И.Сталин  нарын  уулзалтын үед  Оросын тал, И. Сталин БНМАУ-ын   статус-квог  хэвээр  хадгалах  асуудлыг  босгон  ирж, ЗХУ нь   Германы эсрэг  дайн дууссанаас 3 сарын дараа Японы эсрэг дайнд Алс Дорнодод оролцохын нэг үндсэн нөхцөл, болзол болгож тавьсан байдаг.  Хурлын дараа 1945 оны 7 сард Хятадын гадаад хэргийн сайд    Сун Цзывень  Сталинтай  уулзахдаа   Монголын  статус- квог  хүлээн  зөвшөөрөх нь  боломжгүй  байгаа тухай хэлэхэд, Сталин урдаас нь   "Хэрэв БНМАУ-ыг  одоо  хүлээн   зөвшөөрөхгүй  бол цаашдаа Гадаад  Монгол,   Дотоод Монгол хоорондоо нэгдэн нийлсэн  Их  Монгол  улсын асуудал яригдахад хүрэх тухай анхааруулж шахалт үзүүлсэн байна.
Хятадаар  Монголын  статус- квог  хүлээн зөвшөөрүүлэх ажлыг  И.Сталин  АНУ-ын  Ерөнхийлөгч Ф.Рузвельт,түүнийг нас барсны дараа  Дэд ерөнхийлөгчөөс  Ерөнхийлөгчийн суудалд  дэвшин суусан Трумен нарт даатгасан бололтой.
Орос, Америкаар шахуулсан Чан Кайшигийн засгийн газар эцэстээ Монголын статус- кво,  тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
1944 онд  АНУ-ын дэд ерөнхийлөгч Г.Э.Уоллес Монголд айлчлан ирсэн явдал бол чухал үйл явдал болсон.  Бодвол Ерөнхийлөгч Рузвельт  Дэд ерөнхийлөгчөө  Монгол руу явуулж, Оросуудын яриад байгаа энэ орон нь   зөвхөн газар зүйн ойлголт байна уу,  эсвэл төр засагтай,  бие  даасан  улс  орон  байна уу гэдгийг  хараад  ир гэсэн биз. Уоллес  ирнэ  гэж монголчууд хэрдээ л их сүйд болж,  Нүхтийн  аманд  хэд хэдэн гэр   барин угтсан гэдэг.  Түүнийг дагаж  орчуулагчаар  О.Латтимор, Төрийн  Департментын Хятадын хэлтсийн дарга  Ж. Винсент, ажилтан  Ж. Хазард нар ирсэн. Монголд 1 хонох учиртай байсан хэдий ч цаг агаар муудсанаас болж 2 хоноод явжээ. 
Энэ хүмүүс Америкт   Монголын талаархи төсөөлөл, байр суурь, бүрэлдэн тогтоход  чухал үүрэгтэй оролцсон байдаг.
АНУ-ын  Ерөнхийлөгч  Жон Кеннеди Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Кеннеди 1961 оны 1 сард БНМАУ-ыг  АНУ хүлээн зөвшөөрөх үндэслэл бэлдэхийг үүрэг болгосон байна.  1961 оны  3 сарын 1 нд  Төрийн нарийн бичгийн даргын туслах Фой Д.Колер дүгнэлт гаргаж   БНМАУ-тай дипломат харилцаа тогтоохыг  санал болгожээ.  Манай орныг  НҮБ-д гишүүнээр элсүүлэхэд Хятад /Тайван/ Улсын  НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлийн байнгын  5 гишүүн орны нэгний хувьд хориг тавих  эрх нь  саад    тотгор  болсоор  байсан тул 1961 оны 6 сарын 14 нд  Тайваны   Ерөнхийлөгч  Чан Кайши-д  АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди захидал бичсэн байна. Энэ захидалд  БНМАУ-ыг  НҮБ-д гишүүнээр элсүүлэн авахад хориг тавихгүй  байхыг  ятгаж,  хориг тавьснаас  гарах сөрөг  үр дагавар ямар байх талаар анхааруулжээ. Ингээд Монгол улс 1961 оны 10 сарын 25 нд НҮБ-ын гишүүн болж  Нью-Йорк хотын тэнгэрт төрийн далбаагаа  мандуулсан билээ. Энэ бол тусгаар улс болохын төлөөх олон жилийн  тэмцлийн  үр дүн байлаа.
Түүхэнд хэрэвхэмээн авч үздэггүй юм гэсэн. Гэхдээ  би түүхч биш болохоор Хэрэв гэж бичмээр санагдлаа.  Хэрэв Ж. Кеннеди амь үрэгдээгүй бол 1963, 1964 онд АНУ-аас Монгол улстай дипломат харилцаа аль хэдийн тогтоох байсан болов уу.
Никсон Ерөнхийлөгчийн үед 1973 онд Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон байна.

Гурав.  О.Латтиморын талаар шинэ мэдлэг Р.Болдын номоос олж авав. 1950-аад онд сенатор Ж. Маккарти, Маккарен нарын санаачлагаар байгуулагдсан тусгай хороон дээр О. Латтимор байцаагдаж , коммунист,  Зөвлөлт- Монголын тагнуулаараа дуудагдаж хардагдаж  байжээ. Энэ бол "Маккартизм" газар  авч байсан цаг үе. Гэм буруугүй хүмүүсийг шахан хавчиж, гадуурхаж, коммунизмтэй тэмцэх нэрийн дор хохироож хэлмэгдүүлэх явдал америкийн түүхэнд гарч  байсан. 1950-1955 он бол О.Латтиморын хувьд хүнд хэцүү он жилүүд байжээ. Ажлаасаа халагдаж, гүтгэгдэж, элдэв сэжигт шалгагдаж  байв.  Гэхдээ л тэрээр  Монголын  талаар  нийтлэл, өгүүлэл бичсээр л байлаа.
О. Латтимор бууж өгөөгүй, шударга үнэний төлөө тэмцэж  Монгол нь ЗХУ- аас хамаарал  бүхий холбоотон улс боловч, хэлбэр бүтцийн хувьд  бие даасан тусгаар улс орон гэдгийг ном зохиолоороо нотолсоор байжээ.
Дилав хутагт  Жамсранжавыг бас хардаж сэжиглэн шалгасан байна. Яагаад гэвэл О.Латтимор, Дилав хутагт нар Чан Кайши Ерөнхийлөгчийн дэргэд хамт алба хааж байв.
Равдангийн Болд шинэлэг сайхан ном бичсэнийг уншиж бахархлаа. Олон шинэ зүйл мэдэж авлаа. Та нар бас уншаарай.

Н.Баяртсайхан


2017-07-17

ДҮҮ НАРТАА

Дүү нарт

Наадмаар эцэг, эх дээрээ хүүхдүүд нь очив. Олон хүүхэдтэй айлын том ах болох  намайг багачуудад хандаж үг хэл гэв. Наадам болж байхад албархуу үг хэлээд зогсож  байх зохис муутай,  иймд өөрийн блогт тавъя, та нар уншаарай гэж мултрав. За ингээд дүү нартаа хандаж хэлэх хэдэн үгс.
·       Амьдралынхаа төлөөх хариуцлагыг хүн өөрөө л хүлээдэг. Бүр 100 хувь. Үүнийг багаасаа ойлгож ухаарч аваарай. Хариуцлага, сахилга бат л хүнийг авч явдаг. Ололт амжилт, алдаа уналт зөвхөн чамтай л холбоотой. Хэнийг ч, юуг ч буруушааж хэрэггүй.  Битгий буруушаа. Бурууг бусдад битгий тох. Алив үйл явдлыг хэрхэн хүлээн авахаас үр дүн, үр дагавар хамаардаг. Иймд битгий гомдол тавьж байгаарай. Бүү гоншигно. Харин гомдож гоншигносон хүмүүсээс зай барьж амьдарсан дээр.
·       Хүн бүр энэ хорвоод тодорхой зорилго үүрэгтэй ирдэг.  Зорилгоо  багаасаа ойлгож мэдэрсэн хүн азтай.  Чамд чухам юу, ямар зүйл, ямар үйл ажиллагаа  баяр  баясгалан, омогшил өгч байгаад туйлын анхааралтай бай. Тэндээс л амьдралын зорилго чинь олдоно. Юу хүсээд мөрөөдөөд байгаагаа мэдэж ав.  Амьдралд томоор мөрөөдөж, томоор харж сурах л маш чухал. Томоор мөрөөдөгч л том үйлс бүтээдэг. Жижигхэн зүйл мөрөөдөөд 100 хувь ханган биелүүлснээс том мөрөөдөлтэй амьдраад 20 хувь ч болов гүйцэлдүүлэх нь хэд дахин давуу талтай.
Мөрөөдлийн хулгайч нараас хол байгаарай. Чам шиг хүн яаж үүнийг хийж чадах юм вэ гэж хэлж байгаа болгон мөрөөдлийн хулгайч, чамайг доош хийгч. Адил хүсэл мөрөөдөлтэй хүмүүс бие биедээ хань болж нэг нэгнээ өөд татаж явдаг.
·       Ирээдүйн амьдралыг  чиний одоо цаг, одоо ямар байгаа чинь  босгож байдаг. Өнгөрсөн үе бол өнгөрсөн цагтаа л үлдэнэ. Иймд өнгөрсөн зүйлд харамсахгүй, ирээдүйдээ санаа зовохгүй амьдрах сайхан. Одоо цагтаа амьдарна гэсэн үг. How and here. Яг одоо, Яг энд. Энэ бол хүчирхэг зарчим. Иймд одоо л хүчирхэг, ухаалаг, ажилсаг, сонор сэхээтэй, аз жаргалтай байхад л болно, бүтнэ. Үүний тулд хамгаас түрүүнд эрүүл саруул, архи тамхинаас хол байгаарай. Архи,тамхи бол хүний сүнсийг хордуулж хүч тамиргүй унтаахай болгодог. Гэтэл хүний мөн чанар бол сүнс сүлдэндээ оршдог.
Хүсвэл бүтдэг, явбал хүрдэг хорвоо. Өөртөө итгэлгүй байдал л хүссэндээ хүрэхэд гол саад тотгор болдог. Өөртөө итгэ, бас дахин итгэ. Өөртөө итгэх, бас эс итгэх нь маш их сайн, муу үр дагавартай. Бусдад биш өөртөө итгэ. Харин хүнд хэцүү зүйлийг бурханд итгэн даатгаж орхи. Бурхан ажлаа хийг.
·       Эрдэм номд насны багаас шамдан суралцаж, дэлхий ертөнцийн хөгжил, хөдөлгөөнд хөл нийлүүлж алхаарай. Өнөөдрийн Монгол залуу хүн бүр доод тал нь хоёр хөршийн хэлнээс гадна англи хэл гэсэн гурван гадаад хэлтэй байх хэрэгтэй тийм цаг үед та нар амьдарч байна шүү. Яг Швейцарь залуус шиг байх хэрэгтэй болжээ. Тэндэхийн залуус герман, франц, англиар бүгд чөлөөтэй ярьдаг юм байна лээ. Зарим  залуус дээр нь нэмж итали, испаниар ярьдаг.
·       Би чадахгүй гэдэг үг амнаасаа бүү унагаа. I can't afford it.  Энэ үгэнд л хориг тавиуштай.  Чадна гэж яваарай. I can do it. Ид шидийн үг гэж үүнийг л хэлэх байх даа. Бусад хүмүүс чамайг юу гэж бодох, хэлэх, бичих ёстой падгүй хэрэг. Битгий тоо. Тоохгүй байна гэдэг бол хүч чадалтайн илрэл. Өрсөлдөөний энэ орчлонд өөрийгөө хамгаалах, бас амьдрах арга гэж болно. Жингийн цуваа хөвөрч л байна,  жингэр ноход хуцаж л байдаг.
Манай Монгол шиг асар их баялагтай, бас асар их боломж дүүрэн улс дэлхийд ховор.  Монголчууд бол амны хишигтэй азтай ард түмэн.
Боломжийг олж харж сураарай. Эдийн засгийн хямрал бэрхшээл дунд ч боломж байж  л байдаг.  Харин хориг саад таарвал тойроод гарна биз.
·       Зорилгоо биелүүлэхийн тулд хичээ, зүтгэ. Зорилго л чамайг өөд татна. Бүх зүйл анхны алхамаас эхэлдэг. Шатны эхний гишгүүрт хөлөө тавьсан нь өгсөж эхэлнэ. Давааны цаана даваа байдаг. Бас алдахаас айхгүй байгаарай. Ажилла, ажилла. Гэхдээ нэг зүйлийг хэт их шохоорхож хэрэггүй. Нэг хаалгахаагдахад нөгөө хаалга нээгддэг л юм. Хуучин хаалгаа эргэж татах дургүй. Олон талтай, солонго мэт туяарсан амьдрал л утга учиртай буй заа.
Бусдаас асуу, хүс, гуй. Үүнээс зүрхшээж хэрэггүй. Бусадтай хамтарч яваарай, амьдрал бол багийн тоглолт. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй. Чамд хэрэгтэй хүнд л чи хэрэгтэй. Гэхдээ хялбар, амар, буруу аргаар амьдрах гэж битгий оролдоорой. Хол явахгүй.
·       Хорвоо дэлхийг, улс орноо битгий муулаарай. Яагаад гэвэл бид бүтээгээгүй. Энэ бол бурханы бүтээл. Иймд хорвоог өөрчлөх гэж оролдсоноос өөрийгөө өөрчлөх нь илүү чухал. Хүн дотоод ертөнцөө өөрчилвөл гадаад ертөнц дагаж өөрчлөгдөнө.  Өөртөө итгэж өөрийгөө л эхлээд өөрчил.
Амьдралаа залгуулахын тулд өөрийнхөө сонирхсон дурласан  ажлаа л хийгээрэй. Сэтгэл зүрхний дуудлагаа дагаарай. Бусдад үйлчлэх, тус болох дуртай ажлаа хийж байж  л хөрөнгө мөнгөтэй болдог. Хэн нэгний гаргах зардал таны орлого болж орж ирдэг. Иймд бусдад үйлчлэн зарлага гаргуулж чадвал орлоготой болно. Бизнес бол бусдад үйлчлэх, бусдын хэрэгцээ хангах үйл ажиллагаа. Аль болох олон хүнд үйлчилнэ, тэр хэмжээгээр бизнес цэцэглэнэ.
За ингээд үүгээр өндөрлөе.  Дараа дахин бичиж магадгүй. Амьдралын туршлагаасаа аар саар зүйл бичив. Төгсгөлд нь нэг зүйл захиж хэлье.
 Хоёр дахин сонс, долоо дахин бод, нэг л удаа хэлж байгаарай. Чих гэдэг эрхтэн хүний хэлнээс хэд дахин илүү ажиллах учиртай хорвоо доо. Яагаад гэвэл бидэнд 2 чих, 1 ам байгаа. 
Дүү нартаа сайн сайхныг хүсэнерөөе. Санаа зоволтгүй, сайхан хорвоо. Та нар сайхан цагт төрсөн азтай хүүхдүүд. Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин.
Н. Баяртсайхан

2016-07-17

2016/07/16

ТУС БОЛОХ НЬ

Хэн нэгэнд тус болох гол арга зам бол түүний өмнө орж  хийх 

учиртай  ажлыг нь хийх явдал биш, харин өөрийн 

төлөө зүтгэхэд нь дэмжин урамшуулах бас чиглүүлэх 

болов уу. Нүхэнд унасан нөхрөө аврах гэж өөрөө нүхэнд 

орж хэрэггүй. Нүхэнд орвол нүхэндээ л хамт үлдэнэ.

Харин найзаа нүхнээс өөрөө мацан гарахад туслаж 

дээш нь татвал  жинхэнэ нүдээ олсон тусламж мөн болой. 



ДОТООД СЭТГЭЛИЙН БАЯЛАГ

ДОТООД СЭТГЭЛИЙН БАЯЛАГ.

Сонгуулийн  хэд хоногт  нэр дэвшсэн найз нөхөдөө дагаж  зарим уулзалтад оролцов.  Хүмүүс санал бодлоо олон сэдвээр л ярьж байна.Надад ажигладсан нийтлэг зүйл бол амьжиргаагаа сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх  нь олон нийтийн хамгийн амин сонирхол болжээ. Ингэхдээ голдуу төр улсад, засгийн газарт түлхүү найдлага итгэл хүлээлгэж байгаа нь мэдрэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор цөөнч гэсэн хүний амьдралд  тус нэмэр болог хэмээн санал бодлоо илэрхийлж байна.

 1. Орлогоо нэмэгдүүлэхийг  л юуны урд хичээ.Үүнд таны бодол санаа чиглэсэн байх учиртай.  Бодоод бодоод олигтой санаа орж ирэхгүй бол сайн санаат хүмүүстэй уулзаж илэн далангүй асууж, бас гуйж, зөвлөлгөө авч болно. Ганц ч гэсэн айлын амьдралыг  өөд  татаж туслах юмсан гэдэг хүсэлтэй зөндөө олон хүмүүс байгаа. Орлогын урсгалаа хүчтэй байлгахад л болно. Харин орлого багатай, дээр нь хамаг анхаарал хүчин чармайлтаа олсон жаахан мөнгөө хэмнэж хямгадахад хандуулаад байвал ахиц өөрчлөлт гарахгүй.  Арвич хямгач байх нь сайн чанар. Гэхдээ эхлээд орлогын найдвартай эх булагтай болсны   дараа  олсноо  хэмнэх тухай бодоорой. Иймд эхлээд орлого, дараан хэмнэлт.

 2.Орлого орж ирэх  аль болох олон эх үүсвэртэй болвол Та чинээлэг болно.  Санхүүгийн  эрх чөлөө олж авна. Ямар эх үүсвэр байж болох бэ ?
·        Цалин, нэмэлт цалин хөлс
·        Өөрийн гэсэн бизнес нээх, тэндээс орж ирэх орлого, бэлэн мөнгөний  урсгал
·        Үл хөдлөх хөрөнгөтэй болох, хөрөнгөө түрээслэх
·         Банкны  хадгаламжийн хүү
·        Хөрөнгийн зах зээлд худалдан авсан хувьцааны ханш өсөх, ногдол  ашиг авах
·        Ном зохиол бичиж, шүлэг,дуу зохиож болно
·        Шинэ бүтээл гаргаж зохиогчийн эрхтэй болох, патент, лиценз эзэмших зэрэг болно.

3.Хэмнэх, хуримтлал үүсгэх. Хэмнэхийн тулд хэмнэж хэрэггүй. Харин  хуримтлалтай болохын  тулд хэмнэх хэрэгтэй. Хэмнэсэн мөнгөө тусгай дансанд хуримтлуулан хөндөхгүй  байвал сайн. Урт хугацаагаар банкинд хадгалуулах, эсвэл ирээдүйд үр ашиг нь нэмэгдэх компаний хувьцаа худалдан авч болно. Бас нэг чухал зүйл бол өөртөө хөрөнгө оруулалт хийх явдал. Эрүүл мэнд боловсролдоо хөрөнгө зарах  нь маш чухал хөрөнгө оруулалт. Эсвэл  хүүхдийн  боловсролд зардал гаргах нь ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт мөн. Бас аялан  зугаалж цэнхэр гариг ертөнцөө үзэж танилцан нүд тайлвал энэ нь бодол сэтгэлгээг томсгон, нүдний харааг алс болгож үр нь хэд дахин нэмэгдэн эргэж ирдэг.

 4. Дотоод сэтгэлдээ баян бай.Дотор байгаа зүйл гадна талд илэрч гарч ирдэг. Иймээс  дотоод сэтгэлдээ баян чинээлэг, өгөөмөр бол бүх зүйл аяндаа л  бий болно. Дотроо ядруу дорой бол  гадна талдаа бас нэг тиймэрхүү.  Хамгийн чухал гол зүйл бол элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлд шунан дурлахгүй, байгаа эд хогшил, амьдралдаа  сэтгэл хангалуун байж амар тайван  амгалан, эрүүл саруул амьдрах явдал юм.

 5. Мөнгө эд баялагийн талаархи Таны ойлголт бодол ямар бэ. Энэ их чухал нөлөөтэй. Мөнгө бол хүн хүсэл мөрөөдөлдөө хүрэх, хэрэгжүүлэх хэрэгсэл юм. Хүслийг бодит болгодог энерги эрчим хүч. Тэгвэл, дийлэнхи хүн ардын хүсэл мөрөөдөл сайн сайхан тэмүүлэл байдаг тул тэдгээрийг бодит зүйл болоход туслаж буй эрчим хүч бол муу муухай зүйл бишээ. Гэтэл мөнгийг муу зүйл, болохгүй бүтэхгүй бүхний эх үүсвэр хэмээн зарим хүи үздэг нь мөнгийг өөрөөсөө цааш нь хөөж тууж байгаа хэрэг.  Бас "Тэр их мөнгө хаана байдаг юм бэ  " үглэж явдаг хүмүүстэй зөндөө л таарлаа . Мөнгө бол их ховор, хэцүү зүйл хэмээн бодож айж  түгшиж  амьдардаг. Тэгвэл дэлхий дээр байгаа 200 орчим орны бүх мөнгөн тэмдэгтийг нийлүүлээд дэлхийн нийт хүн ам--7.3 тэрбумд хуваавал 1 хүнд 30 сая доллар оногдоно. Хангалттай их мөнгө дэлхий дээр бий. Даанч хүн амын 1 хувь нь дэлхийн нийт баялагийн 50 хувийг эзэмшдэг.

6. Сайн сайхан яваа хүмүүстэй нөхөрлөж яваарай. Таныг уруу татах, доош хийх, архидан согтууруулах, мөрөөдөл хүслийг унтраах хүмүүстэй нийлвэл өөд гарахгүй.  Харин адил хүсэл тэмүүлэлтэй сонирхол нийлсэн, өөрийг чинь омогшуулан урам өгдөг, чи чадна хэмээн зоригжуулах хүрээлэлд орвол амжилтад хүрэх нь гарцаагүй.


       Танд сайн сайханыг хүсэн элдэв зүйл бичсэн  Н. Баяртсайхан

ҮРГЭЛЖЛЭЛ /ДОТООД СЭТГЭЛИЙН БАЯЛАГ/

Саяхан  миний бичсэн " Дотоод сэтгэлийн баялаг " гэсэн тэмдэглэлийг олон хүн уншжээ.  Зарим уншигч саналаа надад хэлсэн. Та нарт баярлалаа. Нэгэн шүүмжийг би хүлээн авч байна. Хамгийн гол зүйлийг орхигдуулсан байна, маш их зүтгэж ажиллаж байж амжилтад хүрдэг хэмээн нэг бүсгүй надад сануулсан. Би санал нэг байна.  Ингээд  Та нар ажилла, зүтгэ гэж улиг болсон сургаал хэлэх биш харин нэгэн домог бичихээр шийдэв.

БУРХАН БАГШ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМАГ АМЬТДЫГ ЦУГЛУУЛАН БҮГДЭД НЬ ТЭГШ ТЭНЦҮҮ 30 НАС ХАЙРЛАЖ БАЙГАА ТУХАЙ ЗАРЛАЖЭЭ. ХУРСАН БҮГД БАЯРЛАН  ТАЛАРХАВ. ГАНЦХАН ХҮН Л НАСАА ЧАМЛАН УРВАЙЖ СУУВ. ҮҮНИЙГ НЬ АНЗААРСАН ИЛЖИГ ТҮРҮҮЛЭН БОСОЖ ХЭЛЭВ. БИ 30  ЖИЛ АЧАА ЗӨӨЖ ЧИРЧ ГУРИЛЫН ТЭЭРЭМ ЭРГҮҮЛЖ АМЬДРАНА ГЭДЭГ ХАТУУ БАЙНА. БИ 15 НАСАА ХҮНД ӨГЬЁ ГЭВ. ҮҮНИЙГ СОНСООД ХҮН ТӨДИЙЛӨН БАЯРЛАХГҮЙ БАЙГААГ АНЗААРСАН НОХОЙ БОСОЖ 30  ЖИЛ АЙЛЫН ХОТ МАНАЖ ЭД ХӨРӨНГИЙГ ХАМГААЛАН ЧОНО БААВГАЙТАЙ ТУЛАЛДАЖ АМЬДРАХ ХЭЦҮҮ. БИ 15 НАСАА ХҮНД БЭЛЭГЛЭЕ ГЭВ. ХҮН БАС Л УРВАГАР СУУНА. ГЭТЭЛ САРМАГЧИН БОСОЖ 30 ЖИЛ МОДНЫ ОРОЙ ДАМЖИН ХЭСЭЖ ТЭНҮҮЧЛЭН АМЬДРАХ АМАРГҮЙ, БИ 15 НАСАА ХҮНД ХАЙРЛАЯ ГЭВ. ИНГЭХЭД ХҮНИЙ ЦАРАЙД ҮЛ ЯЛИГ БАЯСАЛ ТОДОРЧЭЭ .
ЭНЭ ДОМОГ ЮУ ӨГҮҮЛНЭ БЭ ?
ХҮН БОЛ 30 НАС ХҮРТЭЛ БУРХАНЫ ХАЙР ХИШГИЙГ ХҮРТЭН БАЯРЛАН ЦЭНГЭЖ, СУРЧ БОЛОВСРОН УХААН СУУЖ, САЙН ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИНӨ.
30-45 НАСАНДАА ИЛЖИГ МЭТ ЗҮТГЭН АЖИЛЛАЖ САЙН САЙХАН ӨӨРИЙН АМЬДРАЛАА ЦОГЦЛООН БОСГОНО. ҮР УДАМТАЙ БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ.  ЗАРИМ НЬ УЛС НИЙГМЭЭ САЙН САЙХАН БОЛГОХ ҮЙЛСЭД ХҮЧЭЭ ДАЙЧЛАНА.
45-60 НАСАНДАА БУЯНАА ХУРААЖ ЦУГЛУУЛАН, НОХОЙ МЭТ ТУУШТАЙ ҮНЭНЧ ШУДАРГА АМЬДРАНА. ҮР ХҮҮХДЭЭ ТУСГААРЛАН БИЕ ДААЛГАЖ АЙЛ ӨРХ БОЛГОНО.

ЗА ТЭГЭЭД 60 -ААС ЦААШ БОЛ САРМАГЧИН МЭТ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙЖ, ДЭЛХИЙ ХОРВООДДУРААР АМЬДАРЧ БУЯНАА ЭДЛЭН ЯВАХ УЧИРТАЙ  ЮМ ШИГ.