Дүү нарт
Наадмаар эцэг, эх дээрээ хүүхдүүд нь очив. Олон хүүхэдтэй айлын том ах болох намайг багачуудад хандаж үг хэл гэв. Наадам болж байхад албархуу үг хэлээд зогсож байх зохис муутай, иймд өөрийн блогт тавъя, та нар уншаарай гэж мултрав. За ингээд дүү нартаа хандаж хэлэх хэдэн үгс.
· Амьдралынхаа төлөөх хариуцлагыг хүн өөрөө л хүлээдэг. Бүр 100 хувь. Үүнийг багаасаа ойлгож ухаарч аваарай. Хариуцлага, сахилга бат л хүнийг авч явдаг. Ололт амжилт, алдаа уналт зөвхөн чамтай л холбоотой. Хэнийг ч, юуг ч буруушааж хэрэггүй. Битгий буруушаа. Бурууг бусдад битгий тох. Алив үйл явдлыг хэрхэн хүлээн авахаас үр дүн, үр дагавар хамаардаг. Иймд битгий гомдол тавьж байгаарай. Бүү гоншигно. Харин гомдож гоншигносон хүмүүсээс зай барьж амьдарсан дээр.
· Хүн бүр энэ хорвоод тодорхой зорилго үүрэгтэй ирдэг. Зорилгоо багаасаа ойлгож мэдэрсэн хүн азтай. Чамд чухам юу, ямар зүйл, ямар үйл ажиллагаа баяр баясгалан, омогшил өгч байгаад туйлын анхааралтай бай. Тэндээс л амьдралын зорилго чинь олдоно. Юу хүсээд мөрөөдөөд байгаагаа мэдэж ав. Амьдралд томоор мөрөөдөж, томоор харж сурах л маш чухал. Томоор мөрөөдөгч л том үйлс бүтээдэг. Жижигхэн зүйл мөрөөдөөд 100 хувь ханган биелүүлснээс том мөрөөдөлтэй амьдраад 20 хувь ч болов гүйцэлдүүлэх нь хэд дахин давуу талтай.
Мөрөөдлийн хулгайч нараас хол байгаарай. “Чам шиг хүн яаж үүнийг хийж чадах юм вэ” гэж хэлж байгаа болгон мөрөөдлийн хулгайч, чамайг доош хийгч. Адил хүсэл мөрөөдөлтэй хүмүүс бие биедээ хань болж нэг нэгнээ өөд татаж явдаг.
· Ирээдүйн амьдралыг чиний одоо цаг, одоо ямар байгаа чинь босгож байдаг. Өнгөрсөн үе бол өнгөрсөн цагтаа л үлдэнэ. Иймд өнгөрсөн зүйлд харамсахгүй, ирээдүйдээ санаа зовохгүй амьдрах сайхан. Одоо цагтаа амьдарна гэсэн үг. How and here. Яг одоо, Яг энд. Энэ бол хүчирхэг зарчим. Иймд одоо л хүчирхэг, ухаалаг, ажилсаг, сонор сэхээтэй, аз жаргалтай байхад л болно, бүтнэ. Үүний тулд хамгаас түрүүнд эрүүл саруул, архи тамхинаас хол байгаарай. Архи,тамхи бол хүний сүнсийг хордуулж хүч тамиргүй унтаахай болгодог. Гэтэл хүний мөн чанар бол сүнс сүлдэндээ оршдог.
Хүсвэл бүтдэг, явбал хүрдэг хорвоо. Өөртөө итгэлгүй байдал л хүссэндээ хүрэхэд гол саад тотгор болдог. Өөртөө итгэ, бас дахин итгэ. Өөртөө итгэх, бас эс итгэх нь маш их сайн, муу үр дагавартай. Бусдад биш өөртөө итгэ. Харин хүнд хэцүү зүйлийг бурханд итгэн даатгаж орхи. Бурхан ажлаа хийг.
· Эрдэм номд насны багаас шамдан суралцаж, дэлхий ертөнцийн хөгжил, хөдөлгөөнд хөл нийлүүлж алхаарай. Өнөөдрийн Монгол залуу хүн бүр доод тал нь хоёр хөршийн хэлнээс гадна англи хэл гэсэн гурван гадаад хэлтэй байх хэрэгтэй тийм цаг үед та нар амьдарч байна шүү. Яг Швейцарь залуус шиг байх хэрэгтэй болжээ. Тэндэхийн залуус герман, франц, англиар бүгд чөлөөтэй ярьдаг юм байна лээ. Зарим залуус дээр нь нэмж итали, испаниар ярьдаг.
· Би чадахгүй гэдэг үг амнаасаа бүү унагаа. I can't afford it. Энэ үгэнд л хориг тавиуштай. Чадна гэж яваарай. I can do it. Ид шидийн үг гэж үүнийг л хэлэх байх даа. Бусад хүмүүс чамайг юу гэж бодох, хэлэх, бичих ёстой падгүй хэрэг. Битгий тоо. Тоохгүй байна гэдэг бол хүч чадалтайн илрэл. Өрсөлдөөний энэ орчлонд өөрийгөө хамгаалах, бас амьдрах арга гэж болно. Жингийн цуваа хөвөрч л байна, жингэр ноход хуцаж л байдаг.
Манай Монгол шиг асар их баялагтай, бас асар их боломж дүүрэн улс дэлхийд ховор. Монголчууд бол амны хишигтэй азтай ард түмэн.
Боломжийг олж харж сураарай. Эдийн засгийн хямрал бэрхшээл дунд ч боломж байж л байдаг. Харин хориг саад таарвал тойроод гарна биз.
· Зорилгоо биелүүлэхийн тулд хичээ, зүтгэ. Зорилго л чамайг өөд татна. Бүх зүйл анхны алхамаас эхэлдэг. Шатны эхний гишгүүрт хөлөө тавьсан нь өгсөж эхэлнэ. Давааны цаана даваа байдаг. Бас алдахаас айхгүй байгаарай. Ажилла, ажилла. Гэхдээ нэг зүйлийг хэт их шохоорхож хэрэггүй. Нэг хаалгахаагдахад нөгөө хаалга нээгддэг л юм. Хуучин хаалгаа эргэж татах дургүй. Олон талтай, солонго мэт туяарсан амьдрал л утга учиртай буй заа.
Бусдаас асуу, хүс, гуй. Үүнээс зүрхшээж хэрэггүй. Бусадтай хамтарч яваарай, амьдрал бол багийн тоглолт. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй. Чамд хэрэгтэй хүнд л чи хэрэгтэй. Гэхдээ хялбар, амар, буруу аргаар амьдрах гэж битгий оролдоорой. Хол явахгүй.
· Хорвоо дэлхийг, улс орноо битгий муулаарай. Яагаад гэвэл бид бүтээгээгүй. Энэ бол бурханы бүтээл. Иймд хорвоог өөрчлөх гэж оролдсоноос өөрийгөө өөрчлөх нь илүү чухал. Хүн дотоод ертөнцөө өөрчилвөл гадаад ертөнц дагаж өөрчлөгдөнө. Өөртөө итгэж өөрийгөө л эхлээд өөрчил.
Амьдралаа залгуулахын тулд өөрийнхөө сонирхсон дурласан ажлаа л хийгээрэй. Сэтгэл зүрхний дуудлагаа дагаарай. Бусдад үйлчлэх, тус болох дуртай ажлаа хийж байж л хөрөнгө мөнгөтэй болдог. Хэн нэгний гаргах зардал таны орлого болж орж ирдэг. Иймд бусдад үйлчлэн зарлага гаргуулж чадвал орлоготой болно. Бизнес бол бусдад үйлчлэх, бусдын хэрэгцээ хангах үйл ажиллагаа. Аль болох олон хүнд үйлчилнэ, тэр хэмжээгээр бизнес цэцэглэнэ.
За ингээд үүгээр өндөрлөе. Дараа дахин бичиж магадгүй. Амьдралын туршлагаасаа аар саар зүйл бичив. Төгсгөлд нь нэг зүйл захиж хэлье.
Хоёр дахин сонс, долоо дахин бод, нэг л удаа хэлж байгаарай. Чих гэдэг эрхтэн хүний хэлнээс хэд дахин илүү ажиллах учиртай хорвоо доо. Яагаад гэвэл бидэнд 2 чих, 1 ам байгаа.
Дүү нартаа сайн сайхныг хүсэнерөөе. Санаа зоволтгүй, сайхан хорвоо. Та нар сайхан цагт төрсөн азтай хүүхдүүд. Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин.
Н. Баяртсайхан
2016-07-17
No comments:
Post a Comment