2016/07/17

“Mongolia and the great Powers in the twentieth century”

“Mongolia  and the great Powers in the twentieth century”


Эрхүүгийн Улс Ардын Аж Ахуйн дээд  сургууль  гэж байсныг би төгссөн юм. Бид товчлоод  Эрхүүгийн Нархоз гэдэг. Одоо нэрээ өөрчлөөд  Байгалийн  Улсын Их  сургууль  гэдэг болсон. Тус сургуулиас  "Известия Байкальского  Государственного Университета" гэдэг сэтгүүл жилд 6 удаа гаргадаг, төгсөгчид бид авч хардаг юм.
Сүүлийн дугаар дээр А.П.Суходолов, Ю.В.Кузьмин, А.Ф.Манжигеев нарын бичсэн. "Монголия и Великие державы в ХХ веке" өгүүлэл нийтлэгдсэнийг олзуурхан уншлаа. "Mongolia  and the great Powers in the twentieth century" - "Монгол ба Том гүрэн улсууд 20 дугаар зуунд" гэж нэрлэсэн өгүүлэл.
Монголын  төрийн  зүтгэлтэн,  дипломатч, эрдэмтэн судлаач Равдангийн Болдын "Независимость и Признания. Монголия в треугольнике интересов США- Россия-Китай, 1910-1973 годы" номыг 2015 онд Москвагийн "Весь Мир" хэвлэлийн газарт хэвлэн гаргасан байна.
Номыг Монгол хэлнээс орос хэлэнд монголч эрдэмтэн Ю.Н.Кручкин хөрвүүлж, номын өмнөх үгийг Оросын Дорно Дахины хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор А.С.Железняков бичсэнбайв. Энэ номын талаар Байгалийн их сургуулийн профессорууд дүгнэлт өгсөн байна.
Юуны өмнө эдгээр эрдэмтэд  АНУ-ын үндэсний архивт хадгалагдаж буй ховор  түүхэн  материал  ашигласныг онцлон тэмдэглэжээ. Дэлхийн Монгол судлалд анх удаа асар  өргөн хүрээтэй англи хэл дээрхи  түүхэн   баримт  бичгүүд  гаргаж  ирснийг  хүлээн зөвшөөрсөн байна. Ер нь номыг  бүхэлд нь  маш  өндөр үнэлсэн, түүхийн чухал бүтээл болсон гэжээ.
Гэхдээ эдгээр профессорууд Орос-Монголын харилцааг үнэлж, дүгнэсэн  Р.Болдын байр суурьтай санал нийлэхгүй байгаагаа дурьдаж,  уг  асуудалд  америкийн  түүхчдийн  байр  суурьнаас хандсан байна гэжээ.
Орос орон хэрэг дээрээ  Монголыг тусгаар тогтнолоо олж авахад тусалж, үндэсний зэвсэгт хүчин, армитай болгож, орчин үеийн санхүү, боловсрол,  эрүүл  мэндийн  тогтолцоог үүсгэн байгуулалцаж, үндэсний  эдийн засаг  аж үйлдвэрийн суурийг бүрэлдүүлэхэд оролцсон гэж дээрхи эрдэмтэд үзсэн байна.
Гэтэл АНУ нь Хятадтай  тогтоосон харилцаа холбоогоо муутгахаас болгоомжлон  Монгол улсыг  анхаарлаасаа  холдуулж  удаан хугацаанд  хүлээн зөвшөөрөхгүй,  дипломат   харилцаа  тогтоохгүй  байсаар 1970-аад он хүргэсэн гэжээ. Энэ мэт ганц нэг зүйл дээр, зохиогчийн  байр  сууринд   шүүмжлэлтэй хандсан хэдий ч  бүхэлдээ  Р. Болдын ном нь  Монголын түүхийн ухаан,  дэлхийн монгол судлалыг баяжуулан хөгжүүлсэн, түүхэн  үнэнийг тогтооход чухал   бүтээл  болсныг  өндрөөр үнэлсэн байна.
Оросын  эрдэмтэд  санал,  дүгнэлтээ  хэлснийг  уншлаа. Гэтэл  монгол хүн би энэ номыг  одоо хүртэл уншаагүй байсандаа биеэ чамлав. Ингээд Р. Болдын номыг олж авч орос хэл дээр уншиж дуусгав. Сайхан ном  юм, монголчууд  бидний  түүхийн олон чухал баримт бичиг америкийн архивт хадгалагдаж байсныг танилцуулсан энэ дипломатчид чин сэтгэлээсээ талархая.

Номыг  уншаад  Төрсөн бодлоо Та бүгдтэй хуваалцая.

Нэг. Монголын түүхийн,  тусгаар  тогтнолын төлөөх тэмцлийн маш олон чухал үйл  явдлын талаар шинэ мэдлэгтэй боллоо.  Монгол орны тусгаар тогтнол, бие даасан  хараат  бус  байдлын төлөө олон мянган монголчууд,  төрийн зүтгэлтнүүд хөлсөө гоожуулж, цусаа урсгаж иржээ.
Орос, Хятадын дунд хавчигдан зовсон Монгол орон аврал, тусламж хайж дэлхийн олон улс оронд, тэр дундаа дэлхийн хүчирхэг гүрэн болоод байсан АНУ-д хандаж яаралтай хүлээн зөвшөөрөхийг гуйж, харилцаа холбоо тогтоохыг санал болгож олон удаа хандсан байна
Анхны илгээлтийг 1912 оны 10 дугаар сарын 9 нд  Богд хаант улсын Засгийн газраас явуулжээ. Богд хаан 1919 оны 10 дугаар сарын 1 нд Бээжин дэхь АНУ-ын элчин сайдын яаманд хандаж бичсэн захидал, Жалханз  хутагт  Дамдинбазар 1920 оны 4 сард  Хаалган хот дахь АНУ-ын консулын газрын тэргүүн Чарльз Эберхардт нарт хандаж бичсэн захидлыг нулимс гаргахгүйгээр уншихын аргагүй байлаа. Хятадын  Ерөнхийлөгчийн дүү, генерал Суй Шужан Монголд цэрэглэн ирж автономит эрхийг нь цуцлан хүчингүй болгож төрийн эрхийг булаан авч байсан цаг үе.
Ерөнхий сайд  Бодоогийн талаархи үнэлэмж,  хүндэтгэл ном уншаад  эрс нэмэгдлээ. Зоригтой,  эх оронч эрбайжээ.  1921 оны 9 сарын 12 нд буюу Ардын Шинэ Засгийн газар байгуулагдсанаас 2 сарын дараа АНУ-ын Төрийн  Нарийн бичгийн  даргад  захидал бичиж Монголд шинэ засаг, төр байгуулагдсан бөгөөд  Богд гэгээнийг Хаан ширээнд залсан  хэвээрээ байгаагаа хэлээд харилцан гэрээ байгуулах, харилцаа холбоо тогтоох, элчин сайд  Монголд илгээхийг уриалсан байна
Энэ захиа  нь зарим улс орон,  хүмүүсийг дургүйцлийгихээхэн хүргэсэн нь  ойлгомжтой.  Д. Бодоо нь1922 онд   Богд  хааны  Шадар   сайд  Д. Чагдаржав,  Дотоод яамны сайд  Да лам Т.Пунцагдорж  нарын хамт цаазлуулсан байдаг.
Бодоогийн  дараа  Ерөнхий сайд  болсон Жалханз хутагт  Дамдинбазар Хөвсгөл нутагтаа очиж амьдран сууж байхад  Ардын Засгийн газраас очиж  залж  авчран Засгийн газрын  тэргүүнээр томилсон бөгөөд үүнээс хойш хэдхэн сарын дараа буюу 1923 оны 6 сард 50  насандаа  гэнэт  учир  битүүлэг  байдлаар  насан эцэс болжээ.
Д. Сүхбаатар бас 1923 онд гэнэт нас барав.
Монгол орон тусгаар улс  болж, дэлхий ертөнцөөр хүлээн зөвшөөрөгдөхөд  Х.Чойбалсан,  Ю.Цэдэнбал нар идэвхитэй ажилласан байна.
НҮБ-д элсэх анхны хүсэлтээ  Монгол улс 1946 оны 6 сарын 24 нд гаргасан байна. Дараан 1948,1955,1956,1957 онуудад давтан гаргаж байжээ. Тууштай шаргуу ажилласан байна. Тэр цагт төр барьж байсан удирдагчдын Монгол улсынхаа тусгаар тогтнолоо олон улс орноор хүлээн зөвшөөрүүлэх, дэлхийн хамтын нийгэмлэгт тэгш эрхэт гишүүн болох бодлого, алсын хараа тодорхой харагддаг

Хоёр. Монголын өнөөдрийн тусгаар тогтнолыг олж  авахад  тусласан хэд хэдэн дэлхийн томоохон лидер, удирдагчид байсныг  Р.Болдын номонд тодорхой гаргажээ. Монгол хүн чанар гэж байдаг л бол энэ талаар бид  мэдэж, дурсаж байх учиртай.
Эхлээд  Сталиныг  нэрлэх нь  түүхэн  үнэн,  шударга  ёсонд   бүрэн  нийцнэ.   1945  оны  2 сард   Крымийн  Ялтад   болсон      У.Черчиль,  Ф. Рузвельт,  И.Сталин  нарын  уулзалтын үед  Оросын тал, И. Сталин БНМАУ-ын   статус-квог  хэвээр  хадгалах  асуудлыг  босгон  ирж, ЗХУ нь   Германы эсрэг  дайн дууссанаас 3 сарын дараа Японы эсрэг дайнд Алс Дорнодод оролцохын нэг үндсэн нөхцөл, болзол болгож тавьсан байдаг.  Хурлын дараа 1945 оны 7 сард Хятадын гадаад хэргийн сайд    Сун Цзывень  Сталинтай  уулзахдаа   Монголын  статус- квог  хүлээн  зөвшөөрөх нь  боломжгүй  байгаа тухай хэлэхэд, Сталин урдаас нь   "Хэрэв БНМАУ-ыг  одоо  хүлээн   зөвшөөрөхгүй  бол цаашдаа Гадаад  Монгол,   Дотоод Монгол хоорондоо нэгдэн нийлсэн  Их  Монгол  улсын асуудал яригдахад хүрэх тухай анхааруулж шахалт үзүүлсэн байна.
Хятадаар  Монголын  статус- квог  хүлээн зөвшөөрүүлэх ажлыг  И.Сталин  АНУ-ын  Ерөнхийлөгч Ф.Рузвельт,түүнийг нас барсны дараа  Дэд ерөнхийлөгчөөс  Ерөнхийлөгчийн суудалд  дэвшин суусан Трумен нарт даатгасан бололтой.
Орос, Америкаар шахуулсан Чан Кайшигийн засгийн газар эцэстээ Монголын статус- кво,  тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
1944 онд  АНУ-ын дэд ерөнхийлөгч Г.Э.Уоллес Монголд айлчлан ирсэн явдал бол чухал үйл явдал болсон.  Бодвол Ерөнхийлөгч Рузвельт  Дэд ерөнхийлөгчөө  Монгол руу явуулж, Оросуудын яриад байгаа энэ орон нь   зөвхөн газар зүйн ойлголт байна уу,  эсвэл төр засагтай,  бие  даасан  улс  орон  байна уу гэдгийг  хараад  ир гэсэн биз. Уоллес  ирнэ  гэж монголчууд хэрдээ л их сүйд болж,  Нүхтийн  аманд  хэд хэдэн гэр   барин угтсан гэдэг.  Түүнийг дагаж  орчуулагчаар  О.Латтимор, Төрийн  Департментын Хятадын хэлтсийн дарга  Ж. Винсент, ажилтан  Ж. Хазард нар ирсэн. Монголд 1 хонох учиртай байсан хэдий ч цаг агаар муудсанаас болж 2 хоноод явжээ. 
Энэ хүмүүс Америкт   Монголын талаархи төсөөлөл, байр суурь, бүрэлдэн тогтоход  чухал үүрэгтэй оролцсон байдаг.
АНУ-ын  Ерөнхийлөгч  Жон Кеннеди Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Кеннеди 1961 оны 1 сард БНМАУ-ыг  АНУ хүлээн зөвшөөрөх үндэслэл бэлдэхийг үүрэг болгосон байна.  1961 оны  3 сарын 1 нд  Төрийн нарийн бичгийн даргын туслах Фой Д.Колер дүгнэлт гаргаж   БНМАУ-тай дипломат харилцаа тогтоохыг  санал болгожээ.  Манай орныг  НҮБ-д гишүүнээр элсүүлэхэд Хятад /Тайван/ Улсын  НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлийн байнгын  5 гишүүн орны нэгний хувьд хориг тавих  эрх нь  саад    тотгор  болсоор  байсан тул 1961 оны 6 сарын 14 нд  Тайваны   Ерөнхийлөгч  Чан Кайши-д  АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди захидал бичсэн байна. Энэ захидалд  БНМАУ-ыг  НҮБ-д гишүүнээр элсүүлэн авахад хориг тавихгүй  байхыг  ятгаж,  хориг тавьснаас  гарах сөрөг  үр дагавар ямар байх талаар анхааруулжээ. Ингээд Монгол улс 1961 оны 10 сарын 25 нд НҮБ-ын гишүүн болж  Нью-Йорк хотын тэнгэрт төрийн далбаагаа  мандуулсан билээ. Энэ бол тусгаар улс болохын төлөөх олон жилийн  тэмцлийн  үр дүн байлаа.
Түүхэнд хэрэвхэмээн авч үздэггүй юм гэсэн. Гэхдээ  би түүхч биш болохоор Хэрэв гэж бичмээр санагдлаа.  Хэрэв Ж. Кеннеди амь үрэгдээгүй бол 1963, 1964 онд АНУ-аас Монгол улстай дипломат харилцаа аль хэдийн тогтоох байсан болов уу.
Никсон Ерөнхийлөгчийн үед 1973 онд Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон байна.

Гурав.  О.Латтиморын талаар шинэ мэдлэг Р.Болдын номоос олж авав. 1950-аад онд сенатор Ж. Маккарти, Маккарен нарын санаачлагаар байгуулагдсан тусгай хороон дээр О. Латтимор байцаагдаж , коммунист,  Зөвлөлт- Монголын тагнуулаараа дуудагдаж хардагдаж  байжээ. Энэ бол "Маккартизм" газар  авч байсан цаг үе. Гэм буруугүй хүмүүсийг шахан хавчиж, гадуурхаж, коммунизмтэй тэмцэх нэрийн дор хохироож хэлмэгдүүлэх явдал америкийн түүхэнд гарч  байсан. 1950-1955 он бол О.Латтиморын хувьд хүнд хэцүү он жилүүд байжээ. Ажлаасаа халагдаж, гүтгэгдэж, элдэв сэжигт шалгагдаж  байв.  Гэхдээ л тэрээр  Монголын  талаар  нийтлэл, өгүүлэл бичсээр л байлаа.
О. Латтимор бууж өгөөгүй, шударга үнэний төлөө тэмцэж  Монгол нь ЗХУ- аас хамаарал  бүхий холбоотон улс боловч, хэлбэр бүтцийн хувьд  бие даасан тусгаар улс орон гэдгийг ном зохиолоороо нотолсоор байжээ.
Дилав хутагт  Жамсранжавыг бас хардаж сэжиглэн шалгасан байна. Яагаад гэвэл О.Латтимор, Дилав хутагт нар Чан Кайши Ерөнхийлөгчийн дэргэд хамт алба хааж байв.
Равдангийн Болд шинэлэг сайхан ном бичсэнийг уншиж бахархлаа. Олон шинэ зүйл мэдэж авлаа. Та нар бас уншаарай.

Н.Баяртсайхан


2017-07-17

No comments:

Post a Comment