ДОТООД СЭТГЭЛИЙН БАЯЛАГ.
Сонгуулийн хэд хоногт нэр дэвшсэн найз нөхөдөө дагаж зарим уулзалтад оролцов. Хүмүүс санал бодлоо олон сэдвээр л ярьж байна.Надад ажигладсан нийтлэг зүйл бол амьжиргаагаа сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх нь олон нийтийн хамгийн амин сонирхол болжээ. Ингэхдээ голдуу төр улсад, засгийн газарт түлхүү найдлага итгэл хүлээлгэж байгаа нь мэдрэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор цөөнч гэсэн хүний амьдралд тус нэмэр болог хэмээн санал бодлоо илэрхийлж байна.
1. Орлогоо нэмэгдүүлэхийг л юуны урд хичээ.Үүнд таны бодол санаа чиглэсэн байх учиртай. Бодоод бодоод олигтой санаа орж ирэхгүй бол сайн санаат хүмүүстэй уулзаж илэн далангүй асууж, бас гуйж, зөвлөлгөө авч болно. Ганц ч гэсэн айлын амьдралыг өөд татаж туслах юмсан гэдэг хүсэлтэй зөндөө олон хүмүүс байгаа. Орлогын урсгалаа хүчтэй байлгахад л болно. Харин орлого багатай, дээр нь хамаг анхаарал хүчин чармайлтаа олсон жаахан мөнгөө хэмнэж хямгадахад хандуулаад байвал ахиц өөрчлөлт гарахгүй. Арвич хямгач байх нь сайн чанар. Гэхдээ эхлээд орлогын найдвартай эх булагтай болсны дараа олсноо хэмнэх тухай бодоорой. Иймд эхлээд орлого, дараан хэмнэлт.
2.Орлого орж ирэх аль болох олон эх үүсвэртэй болвол Та чинээлэг болно. Санхүүгийн эрх чөлөө олж авна. Ямар эх үүсвэр байж болох бэ ?
· Цалин, нэмэлт цалин хөлс
· Өөрийн гэсэн бизнес нээх, тэндээс орж ирэх орлого, бэлэн мөнгөний урсгал
· Үл хөдлөх хөрөнгөтэй болох, хөрөнгөө түрээслэх
· Банкны хадгаламжийн хүү
· Хөрөнгийн зах зээлд худалдан авсан хувьцааны ханш өсөх, ногдол ашиг авах
· Ном зохиол бичиж, шүлэг,дуу зохиож болно
· Шинэ бүтээл гаргаж зохиогчийн эрхтэй болох, патент, лиценз эзэмших зэрэг болно.
3.Хэмнэх, хуримтлал үүсгэх. Хэмнэхийн тулд хэмнэж хэрэггүй. Харин хуримтлалтай болохын тулд хэмнэх хэрэгтэй. Хэмнэсэн мөнгөө тусгай дансанд хуримтлуулан хөндөхгүй байвал сайн. Урт хугацаагаар банкинд хадгалуулах, эсвэл ирээдүйд үр ашиг нь нэмэгдэх компаний хувьцаа худалдан авч болно. Бас нэг чухал зүйл бол өөртөө хөрөнгө оруулалт хийх явдал. Эрүүл мэнд боловсролдоо хөрөнгө зарах нь маш чухал хөрөнгө оруулалт. Эсвэл хүүхдийн боловсролд зардал гаргах нь ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт мөн. Бас аялан зугаалж цэнхэр гариг ертөнцөө үзэж танилцан нүд тайлвал энэ нь бодол сэтгэлгээг томсгон, нүдний харааг алс болгож үр нь хэд дахин нэмэгдэн эргэж ирдэг.
4. Дотоод сэтгэлдээ баян бай.Дотор байгаа зүйл гадна талд илэрч гарч ирдэг. Иймээс дотоод сэтгэлдээ баян чинээлэг, өгөөмөр бол бүх зүйл аяндаа л бий болно. Дотроо ядруу дорой бол гадна талдаа бас нэг тиймэрхүү. Хамгийн чухал гол зүйл бол элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлд шунан дурлахгүй, байгаа эд хогшил, амьдралдаа сэтгэл хангалуун байж амар тайван амгалан, эрүүл саруул амьдрах явдал юм.
5. Мөнгө эд баялагийн талаархи Таны ойлголт бодол ямар бэ. Энэ их чухал нөлөөтэй. Мөнгө бол хүн хүсэл мөрөөдөлдөө хүрэх, хэрэгжүүлэх хэрэгсэл юм. Хүслийг бодит болгодог энерги эрчим хүч. Тэгвэл, дийлэнхи хүн ардын хүсэл мөрөөдөл сайн сайхан тэмүүлэл байдаг тул тэдгээрийг бодит зүйл болоход туслаж буй эрчим хүч бол муу муухай зүйл бишээ. Гэтэл мөнгийг муу зүйл, болохгүй бүтэхгүй бүхний эх үүсвэр хэмээн зарим хүи үздэг нь мөнгийг өөрөөсөө цааш нь хөөж тууж байгаа хэрэг. Бас "Тэр их мөнгө хаана байдаг юм бэ " үглэж явдаг хүмүүстэй зөндөө л таарлаа . Мөнгө бол их ховор, хэцүү зүйл хэмээн бодож айж түгшиж амьдардаг. Тэгвэл дэлхий дээр байгаа 200 орчим орны бүх мөнгөн тэмдэгтийг нийлүүлээд дэлхийн нийт хүн ам--7.3 тэрбумд хуваавал 1 хүнд 30 сая доллар оногдоно. Хангалттай их мөнгө дэлхий дээр бий. Даанч хүн амын 1 хувь нь дэлхийн нийт баялагийн 50 хувийг эзэмшдэг.
6. Сайн сайхан яваа хүмүүстэй нөхөрлөж яваарай. Таныг уруу татах, доош хийх, архидан согтууруулах, мөрөөдөл хүслийг унтраах хүмүүстэй нийлвэл өөд гарахгүй. Харин адил хүсэл тэмүүлэлтэй сонирхол нийлсэн, өөрийг чинь омогшуулан урам өгдөг, чи чадна хэмээн зоригжуулах хүрээлэлд орвол амжилтад хүрэх нь гарцаагүй.
Танд сайн сайханыг хүсэн элдэв зүйл бичсэн Н. Баяртсайхан
No comments:
Post a Comment